Complaint

Rights Categories

Legally protected rights. Click each to see details and related news.

All Иргэний болон улс төрийн эрх Эдийн засаг, нийгэм, соёлын эрх Бүлгийн эрх

Амьд явах эрх

Хүн бүр амьд явах ....эрхтэй” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйл) “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын б дугаар зүйлийн 1 дэх заалт) “...амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хучин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадгаар зүйлийн 1 дэх заалт) Хүний хамгийн үнэ цэнтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм. Амьд явах эрх бол байгаль дэлхийгээс хүн гэгч оюун ухаант бодгальд заяасан ганц олдох эрхэм дээд эрх мөн. Амьд явах эрхийг явцуу, өргөн хоёр утгаар тайлбарладаг. Амьд явах эрх гэдэг нь явцуу утгаараа хүний амь насыг аливаа дур зоргын халдлагаас хамгаалах, амь насыг нь аврахын тулд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулахад чиглэгдсэн эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц мөн бөгөөд хүн бүрийн амьд байхыг илэрхийлдэг. Амьд явах эрхийг хүний эрхийг бодитойгоор эдлүүлэх тухай хүн төрөлхтөн ярьж эхэлсэн тэр үеийн анхдагч эрхүүдийн нэг гэж үздэг. Энэхүү эрхийг эрх зүйн баримт бичигт тусгаад зогсохгүй хүний амь насны эсрэг чиглэсэн аливаа халдлагаас төр хамгаалах үүрэгтэй юм. Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн босгон дээр 2012 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр Монгол Улсын Их Хурал Цаазаар авах ялыг устгахад чиглэгдсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 2 дугаар нэмэлт протоколыг соёрхон баталсан хууль гаргаж, энэ цаг мөчөөс эхлэн Монгол Улс цаазын ялгүй орон болсон юм. Ингэснээр Үндсэн хуулийн дээрх заалтын сүүлийн хэсгийн "...хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно." гэснээс бусад нь түүхэн үүргээ гүйцэтгэж халагдсан гэж үзэж болно. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын б дугаар зүйлд цаазаар авах ялыг цаашид хориглохыг зөвлөсөн бөгөөд хүчингүй болгосон улс орнуудад үүнийг эргэж сэргээхийг хориглосон болно. Амьд явах эрхийн өргөн утгад хүний наад захын хэрэгцээг хангахад чиглэгдсэн хоол хүнс, хувцас, орон байр, аюулгүй орчин зэргийг хамруулан ойлгоно. Хүн энэ хэрэгцээгээ өөрөө хангаж чадахгүй болсон тохиолдолд төрөөс зайлшгүй хангах, нөхцөлийг бүрдүүлэх ёстой байдаг. Асрах хүнгүй өндөр настан, хүүхдийн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар байгуулах зэрэг арга замаар энэхүү эрхийн хэрэгжилтийг хангаж байна. Эх сурвалж: Хүний эрхийн товч тайлбар ном, УБ 2015 он, 7 дугаар хуудас

Details

Гэм буруугүйд тооцогдох эрх

“Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэт буруугүй гэж тооцогдох эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг) “Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэт буруугүйд тооцогдох эрхтэй” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2 дахь заалт) “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ул болно.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт) Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруутайг гагцхүү шүүхээр хуулийн дагуу нотолж шийтгэх тогтоол гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнийг гэм буруутай хэмээн тооцож нийтэд зарлахгүй хуулиас гадуур аливаа албадлага хэрэглэхгүй, гэм буруугүйн асуудлыг өөрөөр нь нотлуулахаар шаардах буюу эрүүдэн шүүхгүй байж өөрийгөө өмгөөлөх болон өмгөөлүүлэх эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломж олгон, гэм буруутай нь нотлогдсон эсэх талаар гарсан үндэслэл бүхий эргэлзээг түүнд ашигтайгаар шийдвэрлэх явдлаар илэрхийлэгдсэн эрх зүйн ойлголтыг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны гэм буруугүйд тооцох зарчим гэнэ. Гэм буруугүйн зарчим нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрхийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хамгаалах ардчилсан зарчмуудын нэг мөн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хангалттай нотлох баримтын үндсэн дээр уг зарчим жинхэнэ агуулгаараа хэрэгжих бүрэн боломжтой болдог. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд "Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан нь байцаан шийтгэх ажиллагааны гол оролцогч нарын эрхийг хамгаалахад үр дүнтэй заалт болсон. Гэм буруугүйн зарчим нь эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлээд тухайн этгээдийн гэм буруугийн асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд үйлчилнэ.

Details

Иргэний харьяалалтай байх эрх

‘Хүн бүр иргэний харьяалалтай байх эрхтэй. Аливаа хуний иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлах ёсгүй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 15 дугаар зүйлийн 1 дэх заалт) “Хүүхэд бүр иргэний харьяалалтай болох эрхтэй. ” (Иргэний улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 24 дүгээр зүйлийн 3 дахь заалт) “Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно. ” “Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглоно. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван тавдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалт) Иргэний харьяалал бол хүн эрх зүйн этгээд байх урьдчилсан нөхцөл бөгөөд иргэн, тухайн улсын төр хоорондын эрх зүйн харилцаа юм. Хүний эрхийн хороо XVII дугаар Ерөнхий зөвлөмждөө оролцогч улсууд нь "хүүхэд бүр төрмөгц иргэний харьяалалтай байх явдлыг хангах чиглэлээр дотооддоо болон бусад улс орнуудтай хамтран зохистой бүх арга хэмжээг авах" үүрэгтэй гэж үзсэн байна. Иргэний харьяаллын асуудлыг улс бүр өөрийн тогтоосон зарчмаар тогтоодог. Монгол Улсын тухайд төрснөөр, Монгол Улсын харьяат болсноор, харьяаллыг сэргээн тогтоосноор, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэлээр тус тус харьяат болохоор зохицуулсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа бөгөөд эцэг, эх нь хоёулаа тогтоогдоогүй хүүхдийг Монгол Улсын харьяат байхаар зохицуулсан нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлж буй нэг хэлбэр юм. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний харьяалалтай байх эрхийг баталгаажуулахын зэрэгцээ Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлахыг хориглож, Үндсэн хуульд Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглосон. Гэвч хүн төрөлхтний эсрэг, олон улсын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Олон улсын шүүхэд шилжүүлэн өгөх шаардлага олон улсын гэрээгээр гарч болохыг үгүйсгэхгүй. Тухайлбал, Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенцын 7 дугаар зүйлд хэрэгтнийг шилжүүлж болох тухай заасан. Мөн Олон улсын Эрүүгийн шүүхийн тухай Ромын дүрэмд ч энэ асуудал туссан билээ. Тухайн улсын нутаг дэвсгэрт байгаа хүмүүс иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй байхаас үл хамаарч тухайн улстайгаа эрх зүйн тодорхой харилцаа үүсгэдэг. Гэвч тодорхой улсын харьяат иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг нь тухайн улсад оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс ялгаатай зохицуулдаг. Тухайлбал, Монгол Улсын иргэний эдлэх эрх, эрх чөлөөг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд шууд заасан бол гадаадын иргэн, харьяалалгүй хүний эдлэх эрх, эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хууль, тухайн улстай байгуулсан гэрээ, олон улсын гэрээгээр тогтоохоор заасан. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан эрх, эрх чөлөөг гадаадын иргэн, харьяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн тухайд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зохих хязгаарлалт тогтоож болохоор зохицуулсан юм. Олон улсын хүний эрхийн эрх зүйд ч зарим хүний эрхийг тухайн улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн тухайд ялгавартай тогтоож болохыг хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд заасан сонгох, сонгогдох, төрийн жинхэнэ алба хаших эрхийг тухайн улсын иргэн л эдлэхээр ялгавартай тогтоож өгсөн. Гэсэн хэдий ч гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийг зохих хязгаарлалт бүхий байдлаар төрийн алба хаах, сонгох эрхээ эдлэхийг үгүйсгээгүй. Жишээ нь, орон нутгийн сонгуульд оролцож сонгох эрхээ эдлэх, тодорхой төрийн албыг хаших зэргийг дурдаж болох юм. Монгол Улсын иргэн цэргийн алба хаах, татвар төлөх нь тэдний хүлээх үндсэн үүрэг бол гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийн хувьд энэ үндсэн үүргийг хүлээгээгүй болно. Эх сурвалж: Хүний эрхийн товч тайлбар ном, УБ 2015 он, 13 дугаар хуудас

Details

Материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрх

“Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт) Хүн бүр ямарваа нэгэн шинжлэх ухааны, утга зохиолын, урлагийн бүтээлийг туурвигчийн хувьд ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулан, ашиг хүртэх эрхийг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрч, хүний салшгүй нэр төр, үнэ цэнээс үүдэлтэй гэж тайлбарласан байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (с) заалтаар баталгаажуулж оюуны өмчийг хамгаалах олон улсын эрх зүйн бусад баримт бичгүүдэд тусгасан байна. Хүний эрх нь салшгүй, суурь шинжтэй учраас оюуны өмчийн эрхийг ч гэсэн улс бүр нэн тэргүүнд чухалчлан хангаж, бүтээлч, урам зоригтойгоор бүтээн туурвих, шинийг санаачилсан бүтээгдэхүүн бий болгох, түгээх, соёлын онцлог шинжийг шингээн хөгжүүлэх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг нийгмийн тусын тулд цогцоор хамгаалахад анхаарах ёстой. Гэхдээ оюуны өмчийн эрх нь гол төлөв түр зуурын шинжтэй буюу хэн нэгэнд хамаарч, гэрчилгээ олгож, цуцлах, хүчингүй болгох боломжтой байдаг. Оюуны өмчийн эрхийг цаг хугацаа, хүрээний хувьд хязгаарлаж, худалдаж, өөрчилж бүр эрхийг хасах боломжтой бол хүний эрх нь цаг хугацаанаас үл хамааран тухайн хүн салшгүй байдлаар суурь шинжтэйгээр эдлэх жишээтэй. Ямар нэг шинжлэх ухааны, утга зохиолын, урлагийн бүтээлийг туурвигчийн хувьд ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулан ашиг хүртэх эрх нь туурвигч буюу зохиогч болон өөрийн бүтээлийн хоорондын холбоо, мөн бусад хүмүүстэй харилцах холбоо хамаарал, хамтын соёлын өв зэргийг сахин хамгаалахын зэрэгцээ тухайн зохиогч амьдралын зохистой түвшинд амьдрах, оюуны өмчийн аж ахуйн, хувийн хэвшлийн шинжтэй ашиг сонирхол, хөрөнгө оруулалтыг хамгаалах зэрэг наад захын хэрэгцээг баталгаажуулж өгдөг. Мөн зохиогчийн ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулах хүрээг үндэсний хууль тогтоомж эсвэл олон улсын гэрээнд заасан оюуны өмчийн эрхтэй холбоотой заалтаар шууд хязгаарлах нь учир дутагдалтай. Дээрх пактын 15 дугаар зүйлд баталгаажуулсан хүний эрхийг оюуны өмчийн эрхтэй тэгшитгэн ойлгож болохгүй. Зохиогчийн ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулан ашиг хүртэх эрхийг бусад олон улсын гэрээнд ч тусгайлан заасан. Жишээлбэл, Хүний эрх, үүргийн тухай Америкийн тунхаглалын 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Хүний эрхийн тухай Америкийн конвенцын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хүрээний талаарх 1988 оны Нэмэлт протоколын ("Сан Сальвадорын протокол") 14 дүгээр зүйлийн 1 (с) хэсэгт, 1952 оны Хүний эрхийн тухай Европын конвенцын Нэгдүгээр протоколын 1 дүгээр зүйлд тус тус баталгаажуулсан байна. Ямарваа нэгэн шинжлэх ухааны, утга зохиолын, урлагийн бүтээлийг туурвигчийн хувьд ёс суртахууны болон материаллаг эрх ашгаа хамгаалуулан ашиг хүртэх эрх нь шинжлэх ухаан, урлагийн салбарын зохиогч, бүтээгч, туурвигчдад төдийгүй нийгэмд хувь нэмэр оруулахыг идэвхтэй дэмждэг. Энэ утгаараа дээр дурдсан Пактын 15 дугаар зүйлд заасан соёлын амьдралд оролцох, шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, түүнийг хэрэглэх, шинжлэх ухааны судалгааны болон уран бүтээлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай бусдын эрх чөлөөг хүндэтгэх зэрэг эрхүүдтэй шууд холбогддог. Эдгээр эрхийн харилцаа нь нэгэн зэрэг хоёр биеэ дэмжсэн, харилцан хамааралт шинжтэй байна. Үүний зэрэгцээ тухайн туурвигч этгээдийн шинжлэх ухааны судалгааны болон уран бүтээлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагдах эрх чөлөөг сахин хамгаалж, өөрийн ажил мэргэжлийг чөлөөтэй сонгох, зохистой цалин хөлс авах, зохистой түвшинд амьдрах зэрэг эрхийг эдлэх ёстой. Тодруулбал, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, бүх төрлийн мэдээлэл, санааг хүлээн авах, хайх, түгээх эрх чөлөө, хувь хүнийг өв тэгш хөгжүүлэхэд чиглэсэн эрх, соёлын амьдралд оролцох зэрэг Хүний эрхийн билл болон бусад олон улсын гэрээнд баталгаажуулсан эрхийг эдлэхийг орхигдуулж болохгүй.

Details

Нэр төр, алдар хүндээ хамгаалуулах эрх

“Хэний ч... нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйл) Хэний ч... нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйл) “...нэр төр, алдар хүнд...-ийг хангах зорилгоор задруулж үл болох,... хувь хуний нууцыг хуулиар тогтоон хамгаална.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт) Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын нэгдүгээр зүйлийн "dignity"(достоинство), арван хоёрдугаар зүйлийн "honour" (честь) гэсэн үгийг монгол хэлэнд нэр төр хэмээн адил утгаар орчуулжээ. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд энэ хоёр ойлголтыг нэгтгэж "нэр төр" гэдэг томьёоллыг хэрэглэсэн байна. Гэтэл эдгээр нь үзэл баримтлал болон хууль зүйн хувьд ялгаатай ойлголтууд юм. Нэр төр, алдар хүнд гэсэн ойлголтууд нь хоорондоо нягт уялдаатай боловч бие даасан агуулгатай байдаг. Хүний нэр төр (dignity) гэдэг нь хүнд төрсөн цагаас нь заяасан төрөлхийн үнэ цэнэ, эрхэм чанар юм. Нөгөө талаас хувь хүний өөрийн гэсэн үнэт зүйлээ эсвэл өөрийгөө чухал гэж мэдрэх мэдрэмж бөгөөд зохих байдлаар хүндэтгэхийг хүсэх буюу хүндэтгүүлэхийг хэлнэ. Нэр төр (honour) нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ юм. Алдар хүнд нь тухайн хүнд нийгэм, найз нөхөд, хамт олон бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм. Аливаа улс хүний нэр төр, алдар хүндийг хамгаалж, доромжлон гутаахыг хүний эрхийн хэм хэмжээ, зарчмуудаар хязгаарладаг. Шаардлагатай тохиолдолд үндэсний болон олон улсын хүний эрхийн механизмын холбогдох байгууллагуудад хандаж, эрхээ хамгаалуулах боломжтой.

Details

Нэртэй байх эрх

“Хүүхэд төрсөн даруй бүртгэгдэж, нэртэй болох ёстой. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт) Хүн болгон өөрийн нэртэй байх нь хувийн салшгүй эрх юм. Хүний нэр гэдэг нь тухайн улсын ард түмний уламжлал, зан заншлын дагуу хүнийг төрөхөд нь өгч, олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажуулан түүнийг бусдаас онцгойлон ялгаж байгаа илэрхийлэл юм. Иргэн нэртэй байхыг хуулиар баталгаажуулж байгаа нь түүнийг эрх зүйн харилцаанд оролцох нэг нөхцөлийг хангаж байгаа хэрэг юм. Иргэн өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Хүүхэд төрсний дараа эцэг, эх эсхүл эрх бүхий этгээд хүүхдэдээ нэр өгч, хуулийн дагуу тодорхой хугацааны дотор бүртгүүлж, баримт бичиг олгоно. Хүүхдэд нэр өгөх, овог сонгох, хүүхдийн эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ. Хуульд заасан үндэслэлээр иргэн зохиомол нэр хэрэглэх, нэрээ солих эрхтэй. Тухайлбал, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд "зохиогч нь бүтээлээ өөрийн болон зохиомол нэрээрээ эсхүл нэргүйгээр нийтийн хүртээл болгох эрхтэй." гэж зааснаас гадна Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу иргэн нэрээ солих эрхтэй. Гагцхүү сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхийг хориглодог байна.

Details

Өмгөөлөх ба өмгөөлүүлэх эрх

“Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан...” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “...өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх... эрхтэй” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3(6) заалт) “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах... эрхтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт) Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч, хэргийн оролцогч хэн боловч өөрөө өөрийгөө өмгөөлөх болон эрх бүхий байгууллагаас эрх авсан мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрт нь тулгаж байгаа хэрэг маргаан, эд материалын хариуцлага болон бусад нөхцөлүүдийг цагаатгах, хөнгөрүүлэх, өөрийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтыг гаргах, цуглуулахыг шаардах, хуулийн зүйл заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлах зэрэг үйл ажиллагааг явуулна. Мэргэжлийн өмгөөлөгч нь тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөллийн туслалцаа үзүүлж буй өмгөөлүүлэгчийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаас гадна мэргэжлийн өндөр ёс зүйтэй байхыг шаарддаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болохоор хуульчилжээ. Энэ эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж болохгүй гэсэн хориглосон заалтыг мөн хуульчилсан байна.

Details

Халдашгүй, чөлөөтэй байх эрх

“Хэний ч... орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нь нууц, эсвэл нэр төр, алдар хүндэд нь дураар халдах ёсгүй. Тийм оролцоо, халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйл) “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч дур тэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасаж болохгүй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “.... Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй.“ (Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт) Хүний халдашгүй эрх гэдэг нь өөрийн жам ёсны шинж чанараас үүдэлтэй бөгөөд хуулиар баталгаажсан, хэн боловч хөндлөнгөөс дур мэдэн халдаж үл болох туйлын агаад салшгүй эрхийн цогцолбор мөн. Олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн хуулиар тогтоосон үндэслэл, журмаас гадуур аливаа хэлбэрээр эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулахгүй байх нь халдашгүй байх эрхийн үндсэн агуулга юм. Тус эрхийг хөндлөнгөөс ямар ч этгээд дур мэдэн зөрчиж болохгүй туйлын эрх юм. Энэхүү эрхийг баталгаатай хангахын тулд хувь хүний нэр төр, алдар хүнд, бие сэтгэл, эд хөрөнгө, хувийн ба гэр бүлийн нууц, захидал харилцаа, орон байрны халдашгүй байдлыг онцгойлон авч үздэг. Халдашгүй байх эрхийг ангилбал: - Эрх чөлөөтэй байх, - Бие махбодын халдашгүй байх эрх, - Орон байрны халдашгүй байдал, - Нууцын халдашгүй байх эрх,  - Нэр төрийн халдашгүй байх эрх, - Өмчийн халдашгүй байх эрх - Захидал харилцааны халдашгүй эрх зэрэг болно.

Details

Хохирол нөхөн төлүүлэх эрх

“Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл Хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 8 дугаар зүйл) “Хууль бусаар баривчлагдаж буюу цагдан хоригдож, хэлмэгдсэн Хүн бүр хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг) “..Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт) Монгол Улсын Иргэний хуульд хохирлын талаар тусгахдаа иргэний хуулийн 52 дугаар бүлэгт гэм хор учруулснаас үүсэх үүргийг тодорхойлжээ. Эндээс үзэхэд хохирол нь дараах төрөлтэй байна. - Амь насанд учруулсан хохирол - Бусдын эрх, эрх чөлөөнд учруулсан хохирол - Эрүүл мэндэд учруулсан хохирол - Нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол - Эд хөрөнгөд учруулсан хохирол - Сэтгэл санаанд учруулсан хохирол Иргэний хуулиар бусдын амь насыг хохироосон буюу бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд хохирлыг нөхөн төлнө гэсэн зохицуулалттай. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахдаа "Нас барагчийн авч байсан дундаж цалингаас өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсэг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг хассан хэмжээгээр олгоно" гэж заажээ. Бусдын эрүүл мэнд (бие эрхтэнд)-д учирсан хохиролд: Хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах бусад орлого, Эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар асарч сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал орно гэж тодорхойлжээ. Эд хөрөнгөнд учруулсан хохирлын талаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлд: Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Түүнчлэн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан өгөх, буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх, үүнтэй холбоотой гарсан зардал, олох ёстой байсан орлого, үр шимийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлжээ. Эд хөрөнгийн тухайд эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах, эд хөрөнгөнд хохирол учруулах гэсэн 2 тохиолдлыг бусдын хууль бусаар учруулсан хохирол гэж үзэж болохоор байна. Мөн хуулийн эдийн бус гэм хорыг арилгах гэсэн хэсэгт "Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол учирсныг үл харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож төлүүлнэ" гэж заажээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг ялган зааглаж тус бүрд нь тодорхойлжээ. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй харин иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбогдсон өөрт байгаа баримт сэлтийг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн шаардсанаар гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна. Хууль бусаар буюу үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдсан, эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан этгээдийн үндсэн эрхийг сэргээх, түүнд учирсан гэм хорыг арилгуулах, нөхөн төлөх талаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт тодорхой заасан байна. Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн,баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар заажээ. Мөн дараах тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр хуульчилсан байна. Үүнд: - Баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан; - Тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан, тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон; - Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон зэрэг болно.

Details

Хууль шүүхийн өмнө тэгш байх эрх

“Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ялгар ч алагчлалгүй хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 7 дугаар зүйл) “Шүүх ба тусгай шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт нь тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан, эрх мэдэл бүхий, хараат бус, тал ул харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт) Монгол Улсын иргэд, манай улсын хуулийн нөхцөл, шаардлагыг ханган түр буюу удаан хугацаагаар оршин сууж байгаа харьяалалгүй хүн, гадаадын иргэд, түүнчлэн зорчигчийг хууль ёсоор оршин суугаа хүн гэдэгт хамруулдаг. Хууль бусаар оршин суугаа хүн гэдэгт Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин оршин суугаа зөвхөн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хамруулна. Хуулийн өмнө эрх тэгш байна гэдэг нь хэн боловч Монгол Улсын хуулиар хүлээсэн үүргээ адилхан биелүүлж, эрх, эрх чөлөөгөө ялгаваргүй эдэлнэ гэсэн үг юм. Гэхдээ гадаадын иргэн, харьяалалгүй хүний хувьд хүний салшгүй эрхээс бусад зарим эрх, эрх чөлөөг (тухайлбал сонгох, сонгогдох эрх гэх мэт) хуулиар хязгаарлаж болдог.

Details

Хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжлон харьцах буюу шийтгүүлэхээс ангид байх эрх

“...хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 5 дугаар зүйл) “...хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйл) "... хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт) Хүнлэг бус гэдэг нэр томьёог анх Германы түүхч, философич Самуэль вон Пуфендорф 1673 онд гаргаж ирсэн байна. Тэрээр хэлэхдээ "Байгалийн ямар ч шалтгаан, нөхцөлөөс илүүтэйгээр хүнлэг бус үйл ажиллагааг хүн өөрөө хийдэг" гэжээ. Хүнлэг бусаар хандах нь аливаа хүнд хийсэн гэмт хэрэг зөрчилтэй нь холбоогүйгээр хүнлэг бусаар хандахыг ойлгодог бол, хүнлэг бусаар шийтгэх нь урьд өмнө хийсэн гэмт хэрэг, зөрчилтэй нь холбогдуулан шийтгэх зорилгоор хийсэн хүнлэг бус үйлдлийг ойлгоно. Бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох нь хүнийг тамлан зовоохоос хөнгөн үйлдэл боловч энэ хоёр үйлдлийг нэг хэмжээнд адилтган үзэж олон улсын түвшинд хориглосон байдаг. Хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэх гэдэгт хүнийг айлган сүрдүүлэх, тарчлаах, эрхшээлдээ оруулах зорилгоор доромжлох, бие махбод, сэтгэл санааг нь хүчтэй шаналган зовоон шийтгэхийг хэлнэ. Хэрцгийгээр хандах гэдэгт төрийн зүгээс аливаа хүнд хүнлэг бусаар гэмтэл, шаналал учруулахыг ойлгодог. Хэрцгийгээр шийтгэх гэдэгт аливаа хүнийг хийсэн эрүүгийн гэмт хэргийн төлөө залхаан цээрлүүлэх зорилгоор төрийн зүгээс хийж буй үйлдлийг ойлгодог. Хүнлэг бус харьцах, эрүүдэн шүүх гэсэн ойлголтын дунд нарийн зааг байхгүй боловч хүнлэг бус харьцсан нөхцөл байдлаас эрүүдэн шүүх үйлдэл илрэн гарахад хялбар бөгөөд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхдээ хүнлэг бус харьцахаас урьдчилан сэргийлэх ёстой.

Details

Чөлөөтэй байх эрх

“Хүн бүр ... эрх чөлөөтэй байх ... эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйл) “Хүн бүр эрх чөлөөтэй, ... байх эрхтэй. Хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэний ч эрх чөлөөг хасаж болохгүй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг) "... чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт) Аливаа хүн эрх зүйн үүднээс хуульчлагдан баталгаажсан боломжийг элдэв ялгавар, хориг, шахалт дарамтгүйгээр ухамсар, хүсэл зоригийнхоо дагуу хэрэгжүүлэх нь эрх чөлөөтэй байх гол үндэс юм. Ямар ч үед хувийн болон гэр бүл, ахуй амьдралын хүрээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа нь хөндлөнгийн аливаа хяналтаас ангид оршиж байж эрх чөлөө бүрэн утгаараа хэрэгждэг. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх чөлөөнд хэн ч байсан дур мэдэн халдаж, хүсэл зоригийг нь алдагдуулж эрхшээлдээ оруулж болохгүй.

Details

Шударгаар шүүлгэх эрх

“Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 10 дугаар зүйлийн 1 дэх заалт) “...Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “...шударга шүүхээр шүүлгэх,... эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт) Шударгаар шүүлгэх эрх болон шударга шүүхээр шүүлгэх эрх нь нэг ойлголт бөгөөд олон улсын гэрээ, пактуудад "шударгаар шүүлгэх эрх", харин Монгол Улсын Үндсэн хуульд "шударга шүүхээр шүүлгэх эрх" хэмээн тодорхойлжээ. Шударга шүүхээр шүүлгэх эрх нь шүүх ажиллагаа шударга байх, хуулийн дагуу байгуулагдсан, бүрэн эрх бүхий шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх үндсэн эрх болно. Тодруулбал, энэхүү эрх нь хувь хүнийг шударга бусаар яллах, шийтгэхээс хамгаалах урьдач нөхцөл болдог. Аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх шүүх нь юун түрүүнд, эрх мэдэл бүхий, бие даасан, хараат бус, хамгийн гол нь хуулийн дагуу байгуулагдсан байх шаардлагатай. Энэ нь өөрөө шүүхийн шударга үйл ажиллагааны баталгаа болдог. Ийм ч учраас бие даасан, хараат бус шүүхээр шүүлгэх эрхийг Хүний Эрхийн Хорооноос "салгаж болшгүй хүний туйлын эрх"-ийн үндэс суурь гэж үзжээ. Харин дээрх нөхцөл бүрдсэний дараа шударгаар шүүлгэх эрхийн тухай асуудлыг хөнддөг. Шударгаар шүүлгэх нь шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны үед, шүүх хуралдааны дараа эдлэх цогц эрхүүдийг багтаасан өргөн хүрээтэй ойлголт бөгөөд үүнд, шүүх хуралдаанаас өмнө эрх зүйн зөвлөгөө авах, өмгөөлөгч сонгох, эрүү шүүлтэд өртөхгүй байх, шүүх хуралдааныг шударгаар хийлгэх (талууд адил тэгш мэтгэлцэх, шүүх хуралдаан нээлттэй байх), гэм буруутай нь нотлогдоогүй тохиолдолд гэм буруугүйд тооцогдох, хэргийг цаг алдалгүй шийдвэрлүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх зэрэг олон эрхийг нэрлэж болно. Шүүх нь төрийн үйл ажиллагааны механизм болохын хувьд гэм буруутай этгээдийг олж тогтоох, түүнд зохих хариуцлагыг хүлээлгэх үүрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд шүүх ажиллагаа шударгаар явагдаж, түүний шийдвэр нь шударга, зөв гарах ёстой. Эс бөгөөс шүүх ажиллагаа илт шударга бус эсвэл шударга бус хэмээн ойлгогдож, шүүх тогтолцоо өөрийн шударга байх чанараа алдана.

Details

Шүтэх, эс шүтэх эрх чөлөө

“Хүн бүр... шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өтнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ нотлох эрх чөлөө багтана. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 18 дугаар зүйл) Хүн бүр... шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд өөрийн сонгосон шашин буюу шүтлэгтэй байх эсхүл тийм шашин буюу шүтлэгтэй болох эрх чөлөөний зэрэгцээ ганцаар буюу бусадтай хамтран олон нийтэд буюу хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны болон зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэг нотлох эрх чөлөө багтана. (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйл) “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 15 дахь заалт) Шашин, итгэл үнэмшлийн тухай асуудал нь өргөн хүрээг хамардаг. Итгэл бишрэл нь ямар нэгэн зүйлийг үнэн эсвэл оршин байгаа зүйл хэмээх мэдрэмж бөгөөд ямар нэгэн шүтлэгтэй, шүтлэггүй, бурхангүйн үзэлтэн эсэхээс үл хамааран өөрийн итгэл үнэмшлийг ертөнцийг үзэх үзлээ болгох явдлыг ойлгоно. Шашин шүтэх эс шүтэх эрх нь хувь хүний салшгүй эрхүүдийн нэг бөгөөд энэ эрхийг ямар нэг хэлбэрээр хязгаарлах, тулгах, шахах, үл хүндэтгэх, шүтлэгээр нь далимдуулан доромжлох, гутаах зэргийг ардчилсан нийгэмд ноцтой хэрэг хэмээн үздэг. Шүтэх, эс шүтэх эрх нь тухайн хувь хүний оюун санааны чөлөөт илэрхийлэл, өөрийн итгэл үнэмшил дээрээ тулгуурлан хэнээс ч хараат бусаар өөрийн сонголт дээрээ тулгуурлан эдлэх эрхүүдийн нэг юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс уламжлалт болон уламжлалт бус, шинээр үүсэж бий болсон зэргээр ялгаварлан гадуурхах, итгэл үнэмшлээр хяхан хавчих, давамгай байдалтай шашны зүгээс дарамтлах, түрэмгийлэх, хүчирхийлэх зэрэг үйлдэл гарахаас урьдчилан сэргийлж, харилцан хүндэтгэлтэй, хүлцэн тэвчиж зэрэгцэн оршихыг уриалдаг.

Details

Эрх зүйн чадвартай гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх эрх

“Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын б дугаар зүйл) “Хүн бүр хаана ч эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 16 дугаар зүйл) Монгол Улсын Үндсэн хуул ийн Арван дөрөвдүгээр зүйлд "Хүн бүр эрх зүйн этгээд байна." гэж энэ эрхийн агуулгыг тодорхойлсон байна. Эрх зүйн чадвар гэдэг нь тухайн хүний хуулиар баталгаажсан эрх болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломж юм. Эрх зүйн чадвар нь эрх зүйн бие даасан ойлголт бөгөөд эд хөрөнгө өмчлөх, өв залгамжлах, өвлүүлэх зэрэг хуулиар хориглоогүй аливаа ажил үйлчилгээ явуулах эрх эдлэх нь эрх зүйн чадвараар илэрхийлэгддэг. Өөрөөр хэлбэл эрх зүйн чадвар нь дээр дурдсан эрхийг эдлэх хуулиар олгогдсон боломж юм. Хүн төрснөөр эрх зүйн чадвартай болж, нас барснаар дуусгавар болдог. Гэвч нас барагчийг нас барснаас хойш тодорхой хугацааны дараа төрсөн хүүхдийг хууль ёсны өвлөгчөөр тогтоодог тохиолдол байдаг. Энэ нь ураг эрх зүйн чадвартай байна гэсэн үг биш юм. Харин хүүхэд төрмөгц нас барагчийн хүүхэд болохын хувьд эд хөрөнгө өвлөх, тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зэргээр эрх зүйн харилцаанд оролцох боломжтой болдог. Хүн бүр эрх зүйн бүрэн чадамжтай байдаггүй. Ийм учраас иргэний эрх зүйн чадамжийг бүрэн, хязгаарлагдмал, чадамжгүй гэж ангилна. Бие бялдар, оюун ухааны хувьд өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамж гэнэ. Иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай хүнд насанд хүрээгүй хүмүүс хамаарна. Эрх зүйн чадамжгүй хүнд сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг хамруулдаг. Эрх зүйн хязгаарлагдмал болон бүрэн чадамжгүй этгээдийг хуульд заасны дагуу эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлнө.

Details

Эрүү шүүлтээс ангид байх эрх

Хэнд ч эрүү шүүлт тулган шийтгэх ёсгүй ...” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 5 дугаар зүйл) “Хэнд ч эрүү шүүлт тулгахыг ... хориглоно. Тухайлбал, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэн дээр ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийж болохгүй. ” (Иргэний болон улс төрийн эрхийнх тухай олон улсын пактын 7 дугаар зүйл) “.... Хэнд боловч эрүү шүүлт тулгаж... болохгүй.” (Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт) Эрүү шүүлт нь төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээдүүдийн үйл ажиллагаа болон түүний өдөөн хатгалт буюу ил далд зөвшөөрлөөр үйлдэгддэг. Эрүү шүүлт тулгах үйл ажиллагааг мэдүүлэг авах төдийгүй хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, мэдээ сэлт авахын тулд хийдэг. Эрүү шүүлтийг тулгаж болох субъект нь төрийн эрх бүхий албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж, албадлага хэрэглэх эрх бүхий төрийн тусгай албан тушаалтан байх ёстой. Хуулиар тогтоож өгсөн тэрхүү эрх, үүргийг зөвхөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг эрхлэгчид хэрэгжүүлэх ёстой. Эрүү шүүлт тулгах гэдэг нь мэдээ сэлт, мэдүүлэг авахын тулд уг эх сурвалжийг мэдэх буюу гаргуулан авах этгээдийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох үйлдлийг хэрэглэх, янз бүрийн давтамжтайгаар санаатай хийгдэж байгаа үйлдлүүдийг илэрхийлэх учиртай. Ер нь эрүү шүүлт тулгах нь тодорхой зорилго, сэдэлттэйгээр тодорхой хугацаанд, бусдыг ялгаварлан гадуурхах үндэслэл бүхий, төлөвлөсөн үйлдэл, эс үйлдлийн бодит илрэл болж өгдөг. Эрүү шүүлт тулгах гэдэгт гэмт хэргийг мөрдөн шүүх эрх бүхий албан тушаалтан буюу албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээд гэмт хэрэгт холбогдон мөрдөгдөж буюу шүүгдэж байгаа хүнээс буюу гэрч, шинжээч, бусад хүнээс үйлдсэн буюу үйлдсэн гэж сэжиглэн шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл авах, хэргийг хүлээлгэх, ял шийтгэхийн тулд сэтгэхүйн болон биеийн хүч хэрэглэж айлгаж, албадах, санаатайгаар хүчтэй өвтгөх буюу бие махбод, сэтгэл санааны хувьд тарчлаан зовоосон аливаа үйлдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл хүнээс өөрийн хүссэн мэдээлэл, мэдүүлэг гаргуулахын тулд хэрэглэдэг эрүү шүүлт нь хүний биеийг зовоох (зодох, өвтгөх), хэл амаар зовоох (аашлах, загнах), сэтгэл зовоох (айлгах, шаналгах, сүрдүүлэх) гурван аргын аль нэгээр буюу нийлбэрээр илэрч болгодог онцлогтой. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг олон улсын конвенц зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь болон бусад төрлийн олон баримт бичгүүдэд бусдыг эрүүдэн шүүх ажиллагааг шууд хориглосон заалтыг олноор оруулж баталсан байна. Үүний зэрэгцээгээр бүс нутгийн хүний эрхийн олон улсын гэрээ, баримт бичгүүдэд ч энэ асуудал мөн тусгалаа олсон байдаг. Америкийн улсуудын Хүний эрхийн тухай конвенц (1969 он), Хүний болон улс төрийн эрхийн тухай Африкийн Харти (1981 он) Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенц (1950 он), Хүний эрхийн тухай Арабын конвенц (1994 он одоо болтол хүчин төгөлдөр болоогүй) зэрэг баримт бичгүүдэд эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцааг хориглосон байна. Бие махбод, сэтгэл санааг хүчтэй өвтгөх, эсхүл тарчлаан зовоох үйлдлүүд нь эрүү шүүлтийн түгээмэл хэлбэрүүд юм. Эрүү шүүлт нь зөвхөн бие махбодыг өвтгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд өвтгөх, зовоох үйл ажиллагаа нь нэг удаа бус олон давтагдсан, тарчлаах шинжтэй байхыг ойлгодог. Нэг удаа өвтгөсөн тарчлаан зовоосон тохиолдлыг эрүү шүүлт гэж ойлгохгүй бөгөөд харин энэ нь зүй бус, хэрцгий, хүнлэг бус харьцаа юм. Эдгээр үйл ажиллагааны гол шинж бол зориуд санаатай үйлдэгддэг болохоор санамсаргүй өвтгөж, зовоосон үйлдэл нь эрүү шүүлтэд тооцогдохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглосон заалтыг хуульчилсан бөгөөд сэжигтнээс мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглосон билээ.

Details

Ард түмэн өөртөө засан тохинох эрх

“Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу тэд улс төрийн байдлаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлөө чөлөөтэй хангана.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт) Ард түмний өөртөө засан тохинох эрх нь тухайн ард түмэн улс төрийн статусаа өөрсдөө тодорхойлох, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн чиглэлээ бие даан сонгох боломж бөгөөд энэ нь бусад улсын хандлага үйл ажиллагаанаас үл шалтгаална гэсэн үг юм. Мөн өөрөө засан тохинох гэдэгт колонийн дэглэм дор амьдарч байсан хүмүүсийн эдэлбэл зохих эрхийг ойлгоно. Тодруулбал, энэ нь ард түмэн хувь заяагаа бие даан тодорхойлох эрх юм. Амьд явах эрх, эрх чөлөөтэй халдашгүй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгөтэй байх төрөлхийн эрх нь хувь хүнд хамаардаг бол ард түмний өөртөө засан тохинох эрх нь бүлэг этгээдэд хамаарах хамтын эрхийн нэг хэлбэр юм. Энэ эрхийг нэр бүхий пактуудад улс төрийн зорилгоор тусгайлан оруулсан гэж үздэг бөгөөд энэхүү эрхийг бий болгосноор үндэстэн, ард түмнийг хүлээн зөвшөөрөх явдал хууль зүйн үндэслэлтэй болж иржээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1966 онд баталсан Хүний эрхийн биллийг бүрдүүлэгч хоёр пактын 1 дүгээр зүйлд "Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ" гэж заасан. Үүнээс шалтгаалан тус хоёр пакт нэг зүйлийг илэрхийлсэн үү, эсвэл тусдаа хоёр зүйл байсан уу гэдэг талаар маргаан өрнөж байжээ. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад колоничлолын эрин үед ард түмэн тэмүүлж байсан тусгаар тогтнол зэрэг улс төрийн бие даасан байдалтай байх эрхийг илэрхийлсэн гэдэг. Нөгөө талаас Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад улс төрийн бие даасан байдлаас илүүтэйгээр соёлын буюу эдийн засгийн бие даасан байдлыг чухалчилсан гэж эрдэмтэд үздэг. Өөрөө засан тохинох эрхийн хувьд, Европ тивийн зүүн хэсгийн улс орнуудад коммунист дэглэм нуран унах үеэр хувьсгалын дараах төрийн зүгээс авсан эхний алхмуудын нэг бол бүх нийтийн санал асуулга, бүх ард түмний санал хураалт, сонгуулийн замаар улс төрийн шинэ дэглэмийг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөх явдал байсан. Нэгдүгээрт, ард түмэн ямар шинэ төртэй байхаа өөрөө тодорхойлж байгаа, хоёрдугаарт ийнхүү ардчилсан төрийг эмхлэн байгуулах нь тухайн шинэ дэглэмийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх урьдач нөхцөл билээ. Учир нь шинэ дэглэм тогтох хүртэл тухайн улс, эрх мэдэлтнийг ямагт де факто хэлбэрээр, хожим зохимжтой тохиолдолд де юүре хэлбэрээр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ орчин үед де юүре, де факто хэлбэрээр заагтай хүлээн зөвшөөрөх нь ховор болсон. Де юүре (de jure) нь тухайн улсын тусгаар тогтнолыг бусад улс орнууд бүрэн хэмжээгээр, ямар нэгэн эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм. Харин де факто (defacto) нь тухайн улсыг хангалттай бүрэн бус хэмжээгээр хүлээн зөвшөөрөх явдал бөгөөд де юүре хүлээн зөвшөөрөхийн өмнөх бэлтгэл гэж ойлгогдоно. Үндсэндээ ард түмний өөртөө засан тохинох эрхийн дээд хэлбэр нь тусгаар тогтнол юм. Дээр дурдсан олон улсын пактуудын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт эдийн засгийн хувьд өөрөө засан тохинох эрхийн гол үндсийг тодорхойлж, оршин тогтнох хэрэглүүрээ сахин хамгаалах, байгалийн баялгаа хараат бусаар эзэмших эрхүүдээр өргөжүүлсэн. Хүний эрхийн хорооны 12 дугаар зөвлөмжөөр өөрөө засан тохинох эрхийн эдийн засгийн агуулгыг цохон тэмдэглэж, үүнийг гишүүн улс бүрийн хүлээх үүрэг болохыг онцолсон байна. Эдийн засгийн хувьд өөрөө засан тохинох явдлыг дотооддоо өөрөө засан тохинохтой холбоотой гэсэн маргаан өрнөдөг. Гэхдээ өөрийн эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлэх эрхийг олон улсын гэрээнд хүлээн зөвшөөрч, хөгжих эрх гэж тодорхойлсон. Улс төрийн үүднээс авч үзвэл, эдийн засгийн хувьд өөрөө засан тохинох эрх нь бусад улсын зүгээс хөндлөнгөөс оролцохгүй чөлөөтэй байх гэсэн санааг илэрхийлнэ. Үүнийг байгалийн баялаг, эх нөөцөө чөлөөтэй эзэмших эрхийн хүрээнд тайлбарлах боломжтой. Жишээлбэл, Номхон далайн аралд амьдрах Науручууд фосфатын уул уурхайн компанийн эсрэг гомдол гарган, өөрөө засан тохинох зарчмыг зөрчсөн гэжээ. Науру Австрали Улсын эсрэг хэргийг Олон улсын шүүхэд шийдвэрлэх болсон ч өөрөө засан тохинох асуудлын талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1962 оны Байгалийн баялгийг захиран зарцуулах байнгын бүрэн эрхийн тухай 1803 (XVII) дугаар тогтоолд байгалийн баялгаа чөлөөтэй эзэмших эрхийн талаар дурдсан байна. Мөн өмнө дурдсан пактуудад ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь салгаж үл болохыг тусгайлан заасан. Энэ нь илэрхий эдийн засгийн ойлголтыг агуулах ба орон сууц, хоол хүнсээр хангагдах, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, бүр амьд

Details

Итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө

“Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан атаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.” “Энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан атаар, бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. ” “Энэ эрхийг бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл тэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор хязгаарлаж болно. “ (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 3 (а,b) заалт) “итгэл үнэмшилтэй байх... эрх чөлөөтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт) Үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх, өөрийн үзэл бодолтой байх эрх нь туйлын шинжтэй тул хянах боломжгүйд тооцдог. Гэсэн хэдий ч дэлхийн зарим хэсэгт "дахин боловсрол олгох" хөтөлбөрөөр дамжуулан, нийгэм дэх хувь хүмүүсийн эсвэл тодорхой бүлгийн "тархи угаадаг" гэх шүүмжлэл байдаг. Хүний эрхийн эрх зүйн хувьд үзэл бодол, байр сууриа олон нийтийн өмнө илэрхийлсэн тохиолдолд үйлчилж эхэлдэг болохыг Нэгдсэн Үндэстний Байгууллагад өргөн барьсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илтгэлд дахин баталгаажуулсан. Өөрийн улс төрийн үзэл баримтлалын улмаас хоригдсон "үзэл санааны хоригдол"-той холбоотой тохиолдол өсөх хандлагатай байна. Ялангуяа уг хорих явдал нь халдашгүй чөлөөтэй байх эрх, хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийг ч давхар зөрчдөг. Жишээлбэл, хүний эрхийн хорооноос Мутеба Бүгд Найрамдах Конго Улсын эсрэг хэргийг дурдаж болно. Тухайн хэрэгт холбогдох хохирогчийг баривчилж, хорьж, хүнлэг бусаар харьцан, шударга шүүхээр шүүлгэх, өөрийн баривчлах үндэслэл хууль зүйн үндэслэлийг шүүхээр тодорхойлуулах эрхийг зөрчсөн ажээ. Түүнийг улсын дотоод, гадаад аюулгүй байдалд халдсан, улс төрийн нууц нам байгуулсан гэж ялласан байна. Хүний эрхийн хорооны дийлэнх гишүүдийн хувьд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийг зөрчсөн гэж дүгнэсэн. Үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар ямар нэгэн тайлбар хийсэн эсвэл хязгаарлалт агуулаагүй эрх гэж болно. Тухайн хүн өөрийн чөлөөтэй сонгосон үндэслэлийн дагуу хэзээ ч, ямар ч байдлаар санаа бодлоо өөрчлөх боломжоор ойлгоно. Улс төрийн, шинжлэх ухааны, түүхийн, ёс суртахууны, шашны шинжтэй аливаа хэлбэрийн үзэл бодлыг хүндэтгэж хамгаална. Мөн үзэл бодлыг эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцох, баривчлах, хорих, дарамтлах, шүүх, цагдах явдал хаана ч байж болохгүй. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулагчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дотоодын болон олон улсын түвшинд мэдээллийг бүрэн дүүрэн солилцох явдлыг хамгаалсан арга хэрэгсэл гэж үзэж байсан. Үүнтэй уялдан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд хил хязгааргүйгээр мэдээлэл буюу санаагаа солилцох явдлыг хангасан гэх үндэстэй. Хүмүүс бусадтай мэдээллийг солилцох, хүлээн авах, түгээхийн зэрэгцээ уламжлалт харилцаа холбооны хэрэгслээс гадна орчин үеийн технологийн ололт амжилтыг ашиглах бүрэн боломжтой. Харин төрийн зүгээс энэхүү эрхийг хязгаарлах асуудлыг нарийвчлан зохицуулдаг туршлагатай. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дан ганц үгээр өөрийн санааг хэлэх төдийгүй хэвлэл, пайзан дээр бичсэн үгсээр, зураг, бүжиг, жүжиг зэрэг урлагийн төрлөөр илэрхийлэх хамаарах ба ямарваа бүтээлч шинжтэй бодол, үйл хөдлөл байх боломжтой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний нэг талыг мэдээллийн эрх гэж болно. Мэдээллийн эрх чөлөө бол ардчилалд ус агаар мэт чухал байдаг нь хүмүүс өөрийн амьдралтай холбоотой шийдвэрийг мэдэж байх боломжийг бүрдүүлдэгтэй холбоотой. Төрийн зүгээс мэдээллийг өөртөө бус, харин олон нийтийн төлөө хадгалж, нийтийн байгууллагаар дамжуулан мэдээлэлд нэвтрэх боломжийг хангах хэрэгтэй гэсэн чиглэлийг олноороо хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй уялдан дэлхий дахинд мэдээлэлд нэвтрэх асуудлыг дагнан зохицуулсан хуулиудыг маш хурдацтайгаар батлан мөрдөх болсон юм. Одоогийн байдлаар 90 гаруй улсад хувь хүмүүс нийтийн байгууллагын мэдээлэлд нэвтрэх эрхийг баталгаажуулан, нийтийн байгууллагын зүгээс хувийн санаачилгаар мэдээллийн гол төрлийг ил гаргах үүрэг ногдуулсан. 1990 онд уг хуулийг зөвхөн 13 улс баталсан байжээ. Дэлхийн банк зэрэг ихэнх олон улсын санхүүгийн байгууллагууд, бүс нутгийн хөгжлийн банкнууд, засгийн газар хоорондын байгууллагууд мэдээллийг нээлттэй байлгах бодлогыг баталж эхэлсэн. Мэдээлэлд нэвтрэх асуудлыг зохицуулсан хууль тогтоомж нь засгийн газар өөрийн иргэдэд үйлчлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай нягт холбоотой. Үүнтэй уялдан мэдээлэл авах эрхийг илүү өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөх, бодит үйл хэрэг болгоход анхаарах болжээ. Олон нийтийн зүгээс өөрийн улсын удирдагчды

Details

Хэвлэн нийтлэх эрх чөлөө

“Энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан атаар, бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйл) "... хэвлэн нийтлэх... эрх чөлөөтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт) Цензургүй буюу хяналтгүй мэдээллийн хэрэгсэл нь эрх мэдэл бүхий төрийг чөлөөтэй, нээлттэй шүүмжлэх, үндэсний эсвэл бүс нутгийн ашиг сонирхлын талаар мэтгэлцэх чөлөөт нийгмийн тулгуур болдог.  Сонин, сэтгүүл, ном зэрэг цаасан хэлбэрээс гадна цахим орчинд блог, цахим хуудас, олон нийтийн сүлжээг ашиглан өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэх, бусадтай хуваалцах нь нээлттэй нийгмийн үндэс юм. Төрийн эзэмшил бүхий мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодол, оюун санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг боомилохын зэрэгцээ өөрийн байр сууринаас аливаа асуудлыг харах сөрөг талтай. Үүнтэй уялдан төрийн эзэмшлийн мэдээллийн хэрэгсэл мэдээллийг дангаар буюу монопол шинжтэйгээр хянах тохиолдолд хэвлэлийн эрх чөлөөнд шууд сөргөөр нөлөөлнө. Өмнө дурдсанчлан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 19 дүгээр зүйлд заасны мэдээллийг хил хязгаараас үл хамааран солилцох хэрэгтэйг онцолсон. Энэ ойлголт нь Европ дахь шүүхийн үйл ажиллагааны талаар хил дамнуулан мэдээлэл түгээхтэй шууд холбоотой. Мөн цөөнхийн бусадтай харилцах асуудлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1992 оны Үндэсний, угсаатны, шашны, хэлний цөөнхөд хамаарах хүмүүсийн эрхийн тухай тунхаглалын 2 дугаар зүйл, Бүс нутгийн буюу цөөнхийн хэлний талаарх Европын харти, Үндэстний цөөнхийн талаарх хүрээг тодорхойлсон конвенцын заалтуудад тусгайлан заасан. Ялангуяа төрийн зүгээс цөөнх бүлгийн бусад бүлэгтэй харилцаа холбоо тогтоох хэрэгцээг ямагт хөхиүлэн дэмжихийг онцолсон юм. Учир нь эдгээр хүмүүсийн соёлыг хадгалахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Мөн хүний эрхийн боловсролтой нягт холбоотой. Дэлхий дахиныг хамарсан байдлаар мэдээллийг түгээхээс хүний эрхийн боловсрол шууд хамаарах болсныг эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн байна. Захидал харилцааны хувийн эрх чөлөөг үзэл бодлоо илэрхийлэх чөлөө, мөн тодорхой тохиолдолд хувийн нууцтай байх эрхтэй холбож үздэг. Гэсэн хэдий ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг шаардлагатай тохиолдолд эрх нь хязгаарлагдсан, нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн хувьд буюу ялтан, хоригдлын захидал харилцааг хянахыг хүлээн зөвшөөрдөг. Харин дур зоргоор захидал харилцаанд хөндлөнгөөс оролцох, саад хийх, устгах үйлдлийг хориглож, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, гомдол гаргах зэрэг боломжийг хязгаарлахгүй байвал зохино. Ихэнх улсуудын хувьд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу "... дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараах шаардлагаас үүдэн гарсан байх ёстой: - Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх; - Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэгжурам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах"-аар тус эрхийг хязгаарладаг. Гэхдээ тус пактын "Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй" гэсэн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ямагт удирдлага болгох нь чухал.

Details

Өргөдөл, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрх

“Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалт) "Энэ нь нэг талаас иргэд төрийн байгууллага болон түүний албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, алдаа дутагдал, зөрчил гажуудлыг арилгах, нөгөө талаас өөрсдийн зөрчигдсөн эрхийг төрөөр хамгаалуулах, эцэст нь хууль ёс, нийгмийн дэг журмыг чанд сахиулах олон талын ач холбогдолтой иргэн, төр хоёрын харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх зарчмыг хангах үндсэн хэрэгсэл юм." хэмээн Г.Совд нарын Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар номд дурдсан байна. Төрийн байгууллагад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх байгууллагыг хамруулсан бөгөөд албан тушаалтанд эдгээр байгууллагад сонгууль буюу томилолтоор, байнга буюу түр ажиллаж байгаа, улс төрийн, тусгай, төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа бүх хүмүүсийг хамруулан ойлгоно. Монгол Улсын иргэн, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн өргөдөл, гомдол гаргах этгээд байхаар зохицуулсан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд иргэд төрийг удирдах хэрэгт шууд буюу сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй хэмээн заасан байдаг. Төрийг удирдах хэрэгт оролцох нэг хэлбэр нь төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх явдал юм. Тухайлбал, иргэд төр, нийгмийн болон иргэдийн нийтлэг эрх ашигт хохирол учруулахаар оршин байгаа зөрчил, дутагдлыг арилгуулах буюу нийгмийн хэв журам, хууль зөрчсөн асуудлын талаар өргөдөл гаргахаар заасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх, хариу өгөх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн. Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр заасан нь иргэд эрхээ шаардах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэг арга зам болж байна. Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах үр дүнтэй механизмыг бий болгох үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан нь дээрх үүргээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр юм. Энэ нь өөрөө бие даасан эрх бөгөөд зөрчигдсөн тохиолдолд хохирогч эрхээ шаардах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон байна. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж өгсөн нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн баталгаа юм.

Details

Сонгох, сонгогдох эрх

“Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бух нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогттол, хуурамч бус сонгуулиар илэрлээ олно.” (Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 3 дахь заалт) “Сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогттол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрх эдэлнэ.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйл 9(b) заалт) “Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт) Сонгох эрх гэж парламентын гишүүн, ерөнхийлөгч, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлэхэд саналаа өгч оролцохыг, сонгогдох эрх гэж дээрх байгууллагад сонгогдохоор зохих журмын дагуу нэрээ дэвшүүлэн оролцох, улмаар сонгогдож төрийн энэхүү албан тушаалтан болохыг тус тус хэлнэ. Сонгууль гэдэг үгийг жирийн иргэнээс авхуулаад хуульчид,эрдэмтэд,улс төрчид андахгүй мэдэх боловч уг ойлголтын агуулга,мөн чанарыг нарийвчлан судлах нь онолын төдийгүй практикийн чухал ач холбогдолтой билээ. Энэ ойлголтын хэл зүйн утгыг Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар"-таа "депутат, хариуцлагатай албан тушаалтан,байгууллагын гишүүдийг олноороо хэлэлцэж шилэн томилох" гэж тайлбарлажээ.Улс төрийн утга зохиолд ч энэ утгаараа ойлгогдож хэвшжээ. Сонгууль нь иргэдийн улс төрийн чухал эрхийн нэг болох сонгох, сонгогдох эрхийг хангах гол боломжийг бий болгодог. Сонгууль нь нийтийн засгийн байгууллагыг бүрдүүлэх гол арга хэрэгсэл юм. Парламент, төрийн тэргүүн, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг, зарим цөөхөн оронд шүүх, Засгийн газрыг сонгуулиар байгуулдаг. Ардчилсан оронд төрийн дээрх байгууллагыг бүрдүүлдэг сонгуулиас өөр арга байдаггүй байна. Сонгууль улс төрийн амьдралын тухайн үеийн нөхцөл байдлыг илэрхийлдэг барометр (хэмжүүр) болдгоороо нийгэмд чухал үүрэгтэй. Сонгуулийн явцад улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхол, үзэл бодол ямар байгаа нь харагддаг төдийгүй тэдэнд ард түмний зүгээс тодорхой үнэлэлт өгч улс төрийн амьдралын цаашдын чиг хандлага тодорхойлж, улс төрийн удирдлагыг өөрийн үнэлэмжид нийцүүлэн солих боломжийг ард түмэнд олгодог. Сонгуульд оролцох бүхий л эрхийг иргэдэд хуулиар олгодог боловч, амьдрал дээр бүх хүнийг сонгуульд оролцуулах боломж байдаггүй. Хуулиар зайлшгүй зарим хязгаарлалт тогтоодог. Сонгуульд зөвхөн тодорхой насанд хүрсэн хүн оролцох ёстой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу сонгох эрхийг 18 наснаас эдлэх ба сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтоодог. Тухайлбал, Ерөнхийлөгчид 45, Улсын Их Хурлын гишүүнээр 25 нас хүрсэн иргэнийг сонгоно. 1992 онд дэлхийн 150 оронд явуулсан судалгаанаас (уг нь 186 орон хамрагдах ёстой байжээ) үзэхэд 109 улс 18 нас, Бразил, Куба, Иран, Никарагуад 16 нас, бусад цөөхөн улс 19-21 насанд хүрсэн иргэнд сонгох эрхийг олгожээ. Дэлхийн ихэнх улсад, түүний дотор манай улс сонгох, сонгогдох эрхийг зөвхөн өөрийн улсын иргэнд эдлүүлдэг. Иргэдийн улс төрийн аливаа эрх, эрх чөлөө нь тэр улсын тусгаар тогтнол бүрэн эрхтэй холбоотой байдаг болохоор энэ нь ч зүйн хэрэг юм. Эмнэлгийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр ухаан солиотой болох нь нотлогдсон бол насанд хүрсэн ч гэсэн сонгуульд оролцох эрхгүйг хуулиар заасан юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн энэ чухал үйл ажиллагаанд өөрийгөө жолоодож, ухамсартайгаар хандаж чадах иргэн оролцох ёстой.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцохгүй. Ийм практик олон оронд байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний салшгүй эрхээс бусад эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулсан байдаг болохоор сонгуулийн эрхийг ч мөн тэр хугацаагаар эдлэх боломжгүй болдог байна.

Details

Улс орноо удирдахад оролцох эрх

“Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.” (Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “Төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрх эдэлнэ.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйл (а) заалт) “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт) Хүн бүр нийгмийн гишүүн, ард түмний нэг эс учраас төр, нийгмийн амьдралд идэвхтэй байр суурь эзэлж, улсаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг төр бүрдүүлэх ёстой. Иргэн энэ эрхээ өөрийн биеэр шууд, эсвэл тодорхой байгууллага албан тушаалтнаар төлөөлүүлэн хэрэгжүүлдэг. Иргэн төрийг удирдахад шууд оролцох дараах хэлбэрүүд байдаг. - Парламент, ерөнхийлөгч, нутгийн удирдлагын байгууллагыг сонгоход оролцох - Ард нийтийн санал асуулгад оролцох - Хууль, төрийн чухал шийдвэрийг гаргахад саналаа өгөх - Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар санал, гомдол гаргах - Төрийн алба хаших Иргэн төрийг удирдахад оролцох төлөөллийн хэлбэр гэж тодорхой байгууллага тухайлбал, парламент, нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтан тухайлбал, ерөнхийлөгч, нутгийн удирдагчийг сонгож, өөрийн мандатыг шилжүүлэх замаар төрийн удирдлагыг хэрэгжүүлэхийг хэлнэ.

Details

Өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх

“Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг ул харгалзан атаар, бичгээр эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.” “Энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг ул харгалзан атаар, бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. Энэ эрхийг бусдын нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журамт, хүн амын эрүүл тэнд, ёс суртахууныг хамгаалах зорилгоор хязгаарлаж болно. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйл) "... үзэл бодлоо илэрхийлэх... эрх чөлөөтэй. “ (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт) Хүн бүр ямар ч хорио саадгүйгээр өөрийн үзэл бодолтой байх түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх нь хүний бусад эрхийг хэрэгжүүлэх гол нөхцөл төдийгүй ардчилсан нийгмийн үндэс суурь болдог. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь аман, урлагийн, биеэр, улс төрийн байр суурь, өөрийн тайлбараар, хүний эрхийн тухай хэлэлцүүлэг, сонгууль, сэтгүүл зүй, хичээл, шашны зан үйл, арилжааны сурталчилгаа гэх мэт маш олон төрлийн хэлбэрээр илэрхийлэх боломжтой байдаг. Эрхүүд харилцан уялдаа холбоотой байх шинжийн дагуу тус эрх чөлөө нь тайван замаар эвлэлдэн нэгдэх, хэвлэлийн эрх чөлөө, хувийн нууцтай байх, төрийн зүгээс шуудан харилцаа, хувийн өмчид хөндлөнгөөс халдахаас ангид байх эрх зэрэг олон эрхүүдтэй нягт уялдаа холбоотой. Үзэл бодол, итгэл үнэмшил нь хэвлэлийн болон академик түвшний буюу судалгаа шинжилгээний эрх чөлөөнөөс гадна шашны эрх чөлөөг давхар агуулдаг. Мөн төрийн алба хаах, санал өгөх, сонгох, сонгогдох эрхтэй холбогдох боломжтой. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь орчин үед дэлхийг хэрсэн аалзны шүлс буюу интернэтийн хэрэглээтэй уялдан хөгжин дэвшиж, мөн бэрхшээлтэй тулгарсаар байна. Дэлхий дээр олон нийтэд зориулсан интернэт үйлчилгээгүй улс орон маш цөөхөн болсон. Мэдээллийг боловсруулах, дахин бэлтгэх, түгээх үйл явц төсөөлөхийн аргагүй хурдтай явагдаж байна. Үүний жишээгээр компьютерын вирус, гинжин хэлбэртэй цахим шууданг нэрлэж болно. Мэдээллийн технологи нь олон улсын хүний эрх болон хүний амьдралд цөөнгүй бэрхшээлийг тулгасан. Хэргийн харьяалал тогтоох, интернэтээр дамжуулан арьс өнгөөр үзэн ядах, хүүхдийн бэлгийн мөлждөгт турхирах, өдөөн хатгах, бодит амьдрал дээрх хүний эрхийн эсрэг чиглэсэн зүй бус үйлдлийн талаарх мэдээлэлд олон сая нэвтрэх боломжийг хаах, далдлах, устгах гэх мэт. Тус эрх чөлөө нь бусад эрх эрх чөлөөнөөс ялгаатай зүйл нь босоо болон хөндлөн түвшинд үйлчилдэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь төрөөс болон бусад этгээдээс хувь хүнийг дур зоргын аливаа үйлдлээс хамгаалдаг. Улсууд үндэсний болон олон улсын хэм хэмжээгээр уг эрх чөлөөг сахин хамгаалж, зөрчигдсөн тохиолдолд нөхөн сэргээх, хохирол барагдуулах үүрэг хүлээдэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулаагүй үндсэн хуультай улс цөөхөн бөгөөд мэдээлэл түгээх, хүмүүсийн хүсэл зоригийг илэрхийлэх, санаа бодлоо уралдуулах зэрэг чиг үүрэг гүйцэтгэдэг болно. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээ хувьсан өөрчлөгдөж байна. Мэдээллийн технологийн эрин зуунд мэдээллийг хурдан, хялбар дамжуулахын зэрэгцээ олон нийтийн сүлжээгээр Их наймын уулзалт, Дэлхийн эдийн засгийн чуулган зэрэг арга хэмжээ болон тухайн улсын төрийн үйл ажиллагааг шүүмжлэх, эсэргүүцэх, үзэл бодлоо илэрхийлэх явдал төрөл бүрийн хэлбэрээр өргөжин тэлж байна. Мөн Номхон далайн жижиг улсуудыг онлайн орчинд бүрдсэн педофил бүлгэм, хүүхдийн порнограф мэдээллийн сангийн бааз болгон ашигласаар байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө нь хувь хүнийг бүрэн дүүрэн хөгжихөд чиглэсэн салгаж үл болох нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Ямар ч нийгэмд чухал бөгөөд чөлөөт, ардчилсан нийгмийн тулгын чулуу юм. Энэхүү хоёр эрх чөлөө нягт холбоотой төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь санаа бодлоо солилцох, хөгжүүлэх арга хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг гэж тодорхойлох боломжтой. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалахад амин судас болсон ил тод байдал, хариуцлагын зарчмыг бодит үйл хэрэг болгох чухал ач холбогдолтой.

Details

Чөлөөтэй, тайван хуран цуглах эрх

“Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл тэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйл) “...тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт) Тайван хуран цуглах гэдэг нь нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй,  эмх замбараагүй байдал үүсгэхгүй хүчирхийлэл халдлага, үймээн самуун дэгдээхгүй гэсэн санааг илэрхийлдэг. Энэ нь бид хүрээлэн буй орчин тойронд болж буй аливаа шударга бус үйлдэлд санаа бодлоо ухаалаг, тайвнаар илэрхийлэх арга зам бөгөөд ингэснээр ойлголцол, дэмжлэгийг бий болгож чадна. Чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамт ардчилсан, нээлттэй нийгмийн цөм билээ. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг хүний эрхийн үндсэн гэрээнүүдээс гадна бүс нутгийн хүний эрхийн гэрээ, улсуудын үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Хувь хүмүүс тодорхой үзэл бодол, үнэт зүйлээрээ нийлэн, нийтлэг ашиг сонирхлоо хамтын байдлаар илэрхийлэх, шаардах, хамгаалахад чиглэсэн байдаг тул хүний эрх, улс төрийн эрх чөлөө, иргэний эрх чөлөө гэж нэгэн зэрэг хүлээн зөвшөөрдөг. "Эрх чөлөөний өргөө" хэмээх төрийн бус байгууллагын 2008 оны тайланд чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхийг үл ойшоосоор байгаа бөгөөд хэрцгий төрийн улмаас уг эрхийг хязгаарлах, олон улсын хүний эрхийн стандартуудыг зөрчих явдал өсөн нэмэгдсээр байна. Дэлхий дахин Араб, Ойрхи Дорнод дахь 2011 оны бослогуудад мэдээлэл олж авах, хуваалцах зориулалттай онлайн тоон хэмжээст арга хэрэгсэл өргөнөөр ашигласныг харсан билээ. Эдгээр хөдөлгөөнөөр олж авсан хүмүүсийн хүч чадал, арга хэрэгсэлтэй зэрэгцэн цөөнгүй тоталитар дэглэм нуран унасан. Үүнээс чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхийг интернэтэд, мэдээллийн харилцаа холбооны технологиудыг ашиглах замаар хэрхэн эдэлсэн болохыг анхаарах нь чухал. Хэдийгээр интернэт, мэдээллийн харилцаа холбооны технологиуд эрхээ эдлэх шинэ боломжийг олгож байгаа ч дарамтлах арга хэрэгсэл болгон ашиглах боломж бий. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар заасан эрх нь бусад олон улсын хүний эрхийн гэрээнд заасны дагуу маш олон төрлийн байдлаар эвлэлдэн нэгдэх, хуран цуглах арга замыг хамгаалсан бөгөөд үүнийг олон нийтийн газар (нийтийн хурдны зам, явган зам, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн газар гэх мэт) гэсэн уламжлалт ойлголтоор тодорхойлж болохгүй. Мөн хүмүүс уулзаж, санаа бодол, мэдээлэл солилцох, мэтгэлцэх онлайн орон зайг ч хамруулдаг. Уг эрхийг гагцхүү хуульд заасны дагуу үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, бусдын эрхийг хамгаалахын тулд л хязгаарлах боломжтой. Гэхдээ интернэт дэх чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх нь харилцан адилгүй хэлбэртэй тул тэр бүр олон улсын хүний эрхийн стандарттай нийцдэггүй. Иймээс тодорхой цахим хуудас, онлайн арга хэрэгсэлд шүүлтүүр хийх, хаах, интернэт хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлах зэрэг байдлаар хязгаарлах жишээтэй. Харин хуульд заасны дагуу гол төлөв оюуны өмчийг хамгаалах, хүүхдийн порнограф мэдээллээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Түүнчлэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ламар С.Смитийн санаачилсан Зохиогчийн эрхийг онлайнаар зөрчих явдлыг зогсоох тухай хуулийн төсөл, Эдийн засгийн бүтээлч байдалд онлайнаар бодитой аюул заналхийлэх, оюуны өмчийг хулгайлахаас урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг эрх зүйн эх сурвалжийн эсрэг дэлхийн дахины хэмжээнд үй олныг хамарсан эсэргүүцэлд бодит ертөнц дээрх шиг заавал төлөөлөл байх шаардлагагүй болсон онцлогтой. Дээрх пактын 22 дугаар зүйлд заасны дагуу гагцхүү тайван замаар хуран цугласан бол хамгаалдаг.

Details

Эвлэлдэн нэгдэх эрх

“Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй. ” “Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд , ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй. Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 22 дугаар зүйлийн 1.2 дахь заалт) “...тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт) Чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрх нь улс төрийн нам байгуулах, ажлын байрандаа хамтын шинжтэй зохион байгуулалт хийх эрхтэй холбоотой. Нийгмийн хаана ч энэ хоёр эрхийг эдлэх ба чөлөөт байдлаар эвлэлдэн нэгдэхийг хүлээн зөвшөөрнө. Эвлэлдэн нэгдэх эрх нь иргэдийн сайн дурын үндсэн дээр өөрийн итгэл үнэмшил, эрх ашиг, үзэл бодлын нийтлэг сонирхолд нийцсэн бөгөөд нам, эвсэл, холбоо, эвлэл, зөвлөл, нийгэмлэг гэх мэт янз бүрийн нэртэй нэгдэл, байгууллагыг үүсгэн байгуулах, элсэн орох хэлбэрээр илэрдэг. Иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллагууд нь ямар нэртэй байснаас үл хамааран эцсийн зорилго нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох буюу эсхүл тухайн эвлэлдэн нэгдсэн хамт олон, хэсэг бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалахад оршино. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхийг боломж олгодог бол эвлэлдэн нэгдэхдээ нийтийн санаа бодолд хүргэхийг зорьж байгаа ойлголтоо сайтар боловсруулах, хүргэх буюу мэдээлэл авах, хайх, түгээх эрхийг эдэлдэг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хамгаалагчдын тухай 1998 оны тунхаглалаар хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүмүүсийн ур чадварын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн билээ. Үүнтэй уялдан интернэт нь хүний эрхийн хамгаалагчдын үйл хэрэгт чухал хэрэгсэл болж, олон улсын хүний эрхийн стандартуудыг үндэслэн төрийг шахах боломжийг олгож байна. Тайван эсэргүүцэлд оролцох нь чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох эрхээ эдлэх чухал хэлбэрт тооцож болно. Мөн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхээ бүрэн дүүрэн биелүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой боловч олон нийтийн тайван эсэргүүцэлд оролцохдоо сайн дурын үндсэн дээр ямарваа нэгэн албадлагагүй байх ёстой. Гэмтэх, бэртэх, зодуулах, дур зоргоор баривчлах, хорих, эрүү шүүлт тулгах, амь насаа алдах, хүчээр сураггүй алга болох вий гэж айлгүй олон нийтийн эсэргүүцлээр дамжуулан, өөрт таагүй санагдсан зүйлийг буюу шаардлагаа тайван замаар илэрхийлэх боломжийг хүн бүрд олгох шаардлагатай. Төрийн зүгээс тайван эсэргүүцлийг аюул занал гэхээс илүүтэйгээр түүний учир шалтгааныг нээлттэй, татан оролцуулсан байдлаар үндэслэлтэй харилцан тохиролцох замаар шийдвэрлэхэд анхаарна. Энэхүү тайван замаар тэмцэгч хүмүүс болон холбогдох эрх мэдэл бүхий байгууллага гэсэн хоёр талын харилцаанд хүний эрхийн үндэсний байгууллага, эвсэл, хөдөлгөөн, төрийн бус байгууллага зэрэг иргэний нийгмийн төлөөлөл хөндлөнгөөс оролцон, цаашдын үйл ажиллагааг хялбаршуулахад чухал үүрэг гүйцэтгэж болно. Харин төрийн зүгээс тайван эсэргүүцлийн үед ямагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, ялангуяа шүүхээс гадуур, дур зоргоор баривчлах, хорих, хүчээр сураггүй алга болгох, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харилцах, шийтгэх, эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчих зэрэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хариуцлага хүлээхийн зэрэгцээ аль болох хүч хэрэглэхээс татгалзах, зайлшгүй тохиолдолд хэтрүүлсэн эсвэл ялгаварласан байдлаар хүч хэрэглэхгүй байхад онцгой анхаарах ёстой. Чөлөөтэй үг хэлэх тухай ойлголтын үндсийг XVII зуунаас буюу 1688 оны Английн Эрхийн жагсаалт зэрэг баримт бичигт парламентын үйл ажиллагааны хүрээнд хууль тогтоогчид чөлөөтэй үг хэлэх боломжийг олгосон. Иймээс парламентын мэтгэлцээний үеэр хэлсэн ямар нэгэн зүйлээсээ болж парламентын гишүүнийг эгүүлэн татах боломжгүй болсон юм. Энэ туршлагыг өнөөдөр олон орны хууль тогтоох байгууллага бодлого болгон ашиглаж байна. XVIII зууны үед Скандинавын орнуудад үг хэлэх эрх чөлөөг хуулиар хамгаалж, зууны сүүлээр Франц, АНУ- ын хуульд тусгалаа олсон. Жон Стюарт Милл үг хэлэх эрх чөлөөг сонгодог байдлаар ухаалаг тайлбарласан нь одоог хүртэл АНУ-ын шүүхүүдэд эшлэсээр байгаа билээ.

Details

Ухрах эрх (Үүргээс татгалзах эрх)

"Улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон үед энэхүү Пактад оролцогч улс уг Пактаар хүлээсэн үүргээсээ тухайн нөхцөл байдлын хурцадтал шинжид дүйх хэмжээгээр ухарсан арга хэмжээ авч болох бөгөөд тэр нь олон улсын эрх зүйгээр хүлээсэн бусад үүрэгт нь харшлах ёсгүйгээс гадна арьс үндэс, хуйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарлаар алагчлах явдалд хэргэхгүй байх ёстой.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт) Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон үед энэхүү Пактад оролцогч улс уг Пактаар хүлээсэн үүргээсээ тухайн нөхцөл байдлын хурцадмал шинжид дүйх хэмжээгээр ухарсан арга хэмжээ авч болох..." тухай заасан нь Европын Хүний эрх, суурь эрх чөлөөг хамгаалах тухай конвенцын 17 дугаар зүйл, Америкийн улсуудын Хүний эрхийн тухай конвенцын 27 дугаар зүйлийн үндэс болсон. Хүний эрхийн хорооны зүгээс дээрх 4 дүгээр зүйлийг хүний эрхийг хамгаалах тогтолцоонд "маш чухал ач холбогдол"-той гэж тус хорооны 29 дүгээр Ерөнхий Зөвлөмжийн 1 дэх догол мөрт тодорхойлсон байна. Цөөнгүй тооны олон улсын болон бүс нутгийн шинжтэй олон улсын гэрээнд зэвсэгт мөргөлдөөн, эсвэл нийтийг хамарсан бусад онцгой байдлын үед үүргээс татгалзахыг зөвшөөрдөг. Тухайн холбогдох нөхцөл байдал нь маш ноцтой шинжийг агуулахын зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс анхаарч энх тайван тогтоох, аюулгүй байдлыг бий болгоход чиглэсэн асуудал байх хэрэгтэй тул үндэсний хэмжээний онцгой байдал бүрийг тооцдоггүй. Аливаа үүргээс татгалзах явдал нь тухайн нөхцөл байдлын "хурцадмал шинж"-ээр хязгаарлагдах ба зорилгодоо хүрэхийн тулд 29 дүгээр Ерөнхий Зөвлөмжийн 4 дэх догол мөрт заасны дагуу "үргэлжлэх хугацаа, газарзүйн хамрах хүрээ, бодит хэмжээ" гэсэн шаардлагыг хангах ёстой. Үүргээс татгалзах хууль ёсны эрхээ эдлэхдээ тухайн олон улсын гэрээнд заасан хязгаарлалтыг мөрддөг. Үүргээс татгалзах эрхийг олон улсын ямар ч гэрээнд бүх талаар хүлээн зөвшөөрдөггүй онцлогтой. Жишээлбэл, амьд явах эрх, эрүү шүүлт, боолчлол, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнөөс эсвэл буцаан хэрэглэсэн эрүүгийн хуулийг хэрэглэхгүй байхаас татгалзаж болохгүй. Хэрэв ямар нэгэн түрэмгийлэл гарлаа гэж бодоход Женевийн болон Гаагын конвенциудыг хүмүүнлэгийн эрхзүйн хэм хэмжээний нэгэн адил удирдлага болгож байлдагч, энгийн иргэдийн эрхүүдийг өргөжүүлэх болно. Хүний эрхийн эрх зүйд татгалзаж үл болох эрхүүдийн суурийг тавихдаа эдгээр эрхүүд бусад эрхүүдээс ямар нэгэн байдлаар илүү гэж тодорхойлон, шатлан захирсан шинжийг тусгасан гэж зарим судлаачид үздэг. Хүний эрхийн хорооноос гаргасан 29 дүгээр зөвлөмжийн дагуу Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр зүйлд заасан татгалзаж үл болох эрхүүдийн жагсаалтыг өргөжүүлсэн. Тус хорооны зүгээс эрх чөлөө нь хязгаарлагдсан хүн бүрийг хүндэтгэн, хүнлэг харьцах, барьцаанд авах, хулгайлах, гэр бүлийнхэнд нь мэдэгдэлгүйгээр хорихгүй байх, цөөнхийн эрхийн хувьд салшгүй гэж болох төрлөөр устгахгүй, ялгаварлан гадуурхахгүй байх, нутаг заах буюу хүн амыг тодорхой газар нутагт хүчээр шилжүүлэхгүй байх, үндэсний эсвэл угсаатны шинжтэй, шашнаас үүдэлтэй үзэн ядахыг дэмжих буюу сайшаахгүй байх нь олон улсын эрх зүйн татгалзаж болшгүй зарчмуудад тулгуурласан тул мөн чанарын хувьд татгалзаж болохгүй гэж дээрх зөвлөмжийн 13 дахь догол мөрт заажээ. Тодорхой эрхүүдээс татгалзаж болохгүй бодитой үндэслэл бас бий. Жишээлбэл, эрх зүйд захирагдах ёс (rule of law) нь ямар нэг нийтийг хамарсан онцгой нөхцөлөөс үл хамааран ухрах үйлдлийг тусгайлан тогтоосон байх ёстой. Түүнчлэн үзэл бодлын эрх чөлөө зэрэг тодорхой эрхүүдийг чухамдаа хязгаарлах боломжгүй. Бусад тохиолдолд хууль ёсны төрийн хяналт нь эрхүүдийг эдлэхэд шууд нөлөөлөхгүй ба төрийн эрх мэдэлд аюул заналхийлсэн буюу эргэлт гарсан учраас үүргээс татгалзсан гэж зөвтгөж болохгүй. Ухрах эрхийн тухай заалтгүй олон улсын гэрээний нэг бол Африкийн Хүний болон ард түмний эрхийн тухай Харти юм. Үүнийг Африкийн улс орнуудад болсон XX зууны түүхэн үйл явдалтай холбон үзэх боломжтой төдийгүй эдгээр нөхцөл байдлыг олон улсын бусад хүний эрхийн гэрээнд заасан үүргээс татгалзах заалтаар зохицуулж болно. Африк тив хүний эрхийн хуваагдашгүй байдлыг хүлээн зөвшөөрсөн учраас улсуудын хүлээх хариуцлага нэмэгдсэн байна. Хүний болон ард түмний эрхийн Африкийн шүүх байгуулснаар одоо хүртэл нүүр тулгарч байгаа нийтийг хамарсан онцгой байдалд зарим талаар уян хатан хандах нөхцөл бүрджээ. Хүний эрхийн хорооны зүгээс өөрийн 5 дугаар Ерөнхий Зөвлөмждөө Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр зүйлийг хүлээн зөвшөөрч, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан мэдэгдэх, ухрах болсон тухайн нөхцөл байдлын талаар нээлттэй байхыг улсуудаас шаардсан нь нэлээд

Details

Боолчлол, боолын худалдаанд өртөхгүй байх эрх

“Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааны бүх төрлийг хориглоно” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 4 дүгээр зүйл) “Хэнийг ч боол болгож болохгүй, аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааны бүх төрлийг хориглоно.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1 дэх заалт) Хүний хувийн халдашгүй дархан байх эрхэд эн тэргүүнд заналхийлдэг аюул бол боолчлол юм. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүү шүүлтийн тусгай илтгэгч байсан Манфред Новак боолчлолыг "өөрийн ижил хүмүүсийн хувийн шинж чанар, нэр төрийг үл тоон шууд халдах замаар илрэлээ олдог хүн төрөлхтний эрх мэдлийн хамгийн ноцтой илэрхийлэл" гэж тодорхойлсон. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм, олон улсын гэрээнд заасны дагуу хүний үнэ цэнэ, нэр төрд чиглэсэн аливаа халдлагыг хориглосон ба шинээр бий болсон өрийн төлөөс болгох, хүүхэд эмэгтэйчүүдийг худалдаалах, мөлжих зэрэг орчин цагийн боолчлолын хэлбэрүүдийг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс буруушаадаг. 1926 онд Үндэстнүүдийн Лигийн баталсан Боолчлолын тухай конвенцыг хожим Нэгдсэн Үндэстний Байгууллагаас баталсан 1953 оны протоколоор өргөжүүлсэн билээ. Боолчлол, боолын худалдаа бол хүн төрөлхтний нэн эртний түүхээс улбаатай ойлголт бөгөөд одоогоос 11 мянган жилийн тэртээд эзэн, боолын харилцааны үндэс тавигдсан гэж үздэг. Дэлхий дахинаа боолчлол, боолын худалдааг халахад олон жил шаардагдсан бөгөөд хамгийн сүүлд 1981 онд Мавритани Улс боолчлолыг албан ёсоор халах шийдвэр гаргаж байв. Үндэстнүүдийн Лигийн дээрх конвенцын 1 дүгээр зүйлийн дагуу боолчлол гэдэгт өмчлөх эрхийн үүднээс бусдын эрх мэдэлд байгаа хүний нөхцөл байдлыг ойлгохоор заасан байна. Тус байгууллагын хичээл зүтгэл дээр тулгуурлан, Нэгдсэн Үндэстний Байгууллага уг үзэл санааг улам дэлгэрүүлсэн гэж болно. Тухайлбал Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1949 онд Хүн худалдаалах, бусдын биеийг үнэлүүлэн мөлжихийг хориглох тухай конвенц баталж, хүн худалдаалах, биеийг үнэлүүлэх нь хүний үнэ цэнэ, нэр төртэй харшлах талаар заасан.Гэхдээ энэ баримт бичиг нь 1904 оны Цагаан боолын худалдааг зогсоох тухай олон улсын хэлцэл, 1910 оны Цагаан боолын худалдааг зогсоох тухай олон улсын конвенц, 1921 оны Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалахыг зогсоох тухай олон улсын конвенц, 1933 оны Бүх насны эмэгтэйчүүдийг худалдаалахыг зогсоох тухай олон улсын конвенц зэрэг өмнөх олон улсын гэрээний үзэл санааг нэгтгэн тусгасан онцлогтой. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей, Эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс боолчлолтой төстэй аливаа үйл ажиллагааг үгүйсгэн, олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс таслан зогсооход бүхий л анхаарлаа хандуулдаг. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын бүхий л хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн тухай конвенц зэрэг олон баримт бичигт хүн худалдаалах, эдийн засгийн болон бэлгийн зорилгоор мөлжих, албадан хөдөлмөрлүүлэх, хуурамчаар үрчлэх, хүүхдийг гэрлүүлэх, бэлэвсэн эмэгтэйг өөр хүнд дамжуулах явдлаас хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар заасан. Гэсэн хэдий ч Интерполоос хүн худалдаалах гэмт хэргийг хамгийн ашигтай олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн нэгт тооцсон хэвээр байна. Монгол Улсын хувьд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд боолчлох, албадан хөдөлмөрийг хориглосон ба 2008 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлээс гадна 2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тусгайлан зохицуулсан болно.

Details