Гомдол

Хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжлон харьцах буюу шийтгүүлэхээс ангид байх эрх

“...хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 5 дугаар зүйл) “...хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхийг хориглоно. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйл) "... хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт) Хүнлэг бус гэдэг нэр томьёог анх Германы түүхч, философич Самуэль вон Пуфендорф 1673 онд гаргаж ирсэн байна. Тэрээр хэлэхдээ "Байгалийн ямар ч шалтгаан, нөхцөлөөс илүүтэйгээр хүнлэг бус үйл ажиллагааг хүн өөрөө хийдэг" гэжээ. Хүнлэг бусаар хандах нь аливаа хүнд хийсэн гэмт хэрэг зөрчилтэй нь холбоогүйгээр хүнлэг бусаар хандахыг ойлгодог бол, хүнлэг бусаар шийтгэх нь урьд өмнө хийсэн гэмт хэрэг, зөрчилтэй нь холбогдуулан шийтгэх зорилгоор хийсэн хүнлэг бус үйлдлийг ойлгоно. Бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох нь хүнийг тамлан зовоохоос хөнгөн үйлдэл боловч энэ хоёр үйлдлийг нэг хэмжээнд адилтган үзэж олон улсын түвшинд хориглосон байдаг. Хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэх гэдэгт хүнийг айлган сүрдүүлэх, тарчлаах, эрхшээлдээ оруулах зорилгоор доромжлох, бие махбод, сэтгэл санааг нь хүчтэй шаналган зовоон шийтгэхийг хэлнэ. Хэрцгийгээр хандах гэдэгт төрийн зүгээс аливаа хүнд хүнлэг бусаар гэмтэл, шаналал учруулахыг ойлгодог. Хэрцгийгээр шийтгэх гэдэгт аливаа хүнийг хийсэн эрүүгийн гэмт хэргийн төлөө залхаан цээрлүүлэх зорилгоор төрийн зүгээс хийж буй үйлдлийг ойлгодог. Хүнлэг бус харьцах, эрүүдэн шүүх гэсэн ойлголтын дунд нарийн зааг байхгүй боловч хүнлэг бус харьцсан нөхцөл байдлаас эрүүдэн шүүх үйлдэл илрэн гарахад хялбар бөгөөд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэхдээ хүнлэг бус харьцахаас урьдчилан сэргийлэх ёстой.