Гомдол

Хэвлэн нийтлэх эрх чөлөө

“Энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан атаар, бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйл) "... хэвлэн нийтлэх... эрх чөлөөтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт) Цензургүй буюу хяналтгүй мэдээллийн хэрэгсэл нь эрх мэдэл бүхий төрийг чөлөөтэй, нээлттэй шүүмжлэх, үндэсний эсвэл бүс нутгийн ашиг сонирхлын талаар мэтгэлцэх чөлөөт нийгмийн тулгуур болдог.  Сонин, сэтгүүл, ном зэрэг цаасан хэлбэрээс гадна цахим орчинд блог, цахим хуудас, олон нийтийн сүлжээг ашиглан өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэх, бусадтай хуваалцах нь нээлттэй нийгмийн үндэс юм. Төрийн эзэмшил бүхий мэдээллийн хэрэгслээр дамжуулан үзэл бодол, оюун санаагаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг боомилохын зэрэгцээ өөрийн байр сууринаас аливаа асуудлыг харах сөрөг талтай. Үүнтэй уялдан төрийн эзэмшлийн мэдээллийн хэрэгсэл мэдээллийг дангаар буюу монопол шинжтэйгээр хянах тохиолдолд хэвлэлийн эрх чөлөөнд шууд сөргөөр нөлөөлнө. Өмнө дурдсанчлан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 19 дүгээр зүйлд заасны мэдээллийг хил хязгаараас үл хамааран солилцох хэрэгтэйг онцолсон. Энэ ойлголт нь Европ дахь шүүхийн үйл ажиллагааны талаар хил дамнуулан мэдээлэл түгээхтэй шууд холбоотой. Мөн цөөнхийн бусадтай харилцах асуудлыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1992 оны Үндэсний, угсаатны, шашны, хэлний цөөнхөд хамаарах хүмүүсийн эрхийн тухай тунхаглалын 2 дугаар зүйл, Бүс нутгийн буюу цөөнхийн хэлний талаарх Европын харти, Үндэстний цөөнхийн талаарх хүрээг тодорхойлсон конвенцын заалтуудад тусгайлан заасан. Ялангуяа төрийн зүгээс цөөнх бүлгийн бусад бүлэгтэй харилцаа холбоо тогтоох хэрэгцээг ямагт хөхиүлэн дэмжихийг онцолсон юм. Учир нь эдгээр хүмүүсийн соёлыг хадгалахад чухал ач холбогдолтой гэж үздэг. Мөн хүний эрхийн боловсролтой нягт холбоотой. Дэлхий дахиныг хамарсан байдлаар мэдээллийг түгээхээс хүний эрхийн боловсрол шууд хамаарах болсныг эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн байна. Захидал харилцааны хувийн эрх чөлөөг үзэл бодлоо илэрхийлэх чөлөө, мөн тодорхой тохиолдолд хувийн нууцтай байх эрхтэй холбож үздэг. Гэсэн хэдий ч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг шаардлагатай тохиолдолд эрх нь хязгаарлагдсан, нийгмээс тусгаарлагдсан хүмүүсийн хувьд буюу ялтан, хоригдлын захидал харилцааг хянахыг хүлээн зөвшөөрдөг. Харин дур зоргоор захидал харилцаанд хөндлөнгөөс оролцох, саад хийх, устгах үйлдлийг хориглож, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, гомдол гаргах зэрэг боломжийг хязгаарлахгүй байвал зохино. Ихэнх улсуудын хувьд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу "... дурдсан эрхийг эдлэх нь онцгой үүрэг, хариуцлага оногдуулна. Тийм учраас түүнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд дараах шаардлагаас үүдэн гарсан байх ёстой: - Бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх; - Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэгжурам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах"-аар тус эрхийг хязгаарладаг. Гэхдээ тус пактын "Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Пактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй" гэсэн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ямагт удирдлага болгох нь чухал.

Холбогдох мэдээ