“Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бух нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогттол, хуурамч бус сонгуулиар илэрлээ олно.”
(Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 3 дахь заалт)
“Сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогттол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрх эдэлнэ.”
(Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйл 9(b) заалт)
“Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт)
Сонгох эрх гэж парламентын гишүүн, ерөнхийлөгч, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бүрдүүлэхэд саналаа өгч оролцохыг, сонгогдох эрх гэж дээрх байгууллагад сонгогдохоор зохих журмын дагуу нэрээ дэвшүүлэн оролцох, улмаар сонгогдож төрийн энэхүү албан тушаалтан болохыг тус тус хэлнэ.
Сонгууль гэдэг үгийг жирийн иргэнээс авхуулаад хуульчид,эрдэмтэд,улс төрчид андахгүй мэдэх боловч уг ойлголтын агуулга,мөн чанарыг нарийвчлан судлах нь онолын төдийгүй практикийн чухал ач холбогдолтой билээ. Энэ ойлголтын хэл зүйн утгыг Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар"-таа "депутат, хариуцлагатай албан тушаалтан,байгууллагын гишүүдийг олноороо хэлэлцэж шилэн томилох" гэж тайлбарлажээ.Улс төрийн утга зохиолд ч энэ утгаараа ойлгогдож хэвшжээ. Сонгууль нь иргэдийн улс төрийн чухал эрхийн нэг болох сонгох, сонгогдох эрхийг хангах гол боломжийг бий болгодог.
Сонгууль нь нийтийн засгийн байгууллагыг бүрдүүлэх гол арга хэрэгсэл юм. Парламент, төрийн тэргүүн, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг, зарим цөөхөн оронд шүүх, Засгийн газрыг сонгуулиар байгуулдаг. Ардчилсан оронд төрийн дээрх байгууллагыг бүрдүүлдэг сонгуулиас өөр арга байдаггүй байна.
Сонгууль улс төрийн амьдралын тухайн үеийн нөхцөл байдлыг илэрхийлдэг барометр (хэмжүүр) болдгоороо нийгэмд чухал үүрэгтэй. Сонгуулийн явцад улс төрийн хүчнүүдийн ашиг сонирхол, үзэл бодол ямар байгаа нь харагддаг төдийгүй тэдэнд ард түмний зүгээс тодорхой үнэлэлт өгч улс төрийн амьдралын цаашдын чиг хандлага тодорхойлж, улс төрийн удирдлагыг өөрийн үнэлэмжид нийцүүлэн солих боломжийг ард түмэнд олгодог.
Сонгуульд оролцох бүхий л эрхийг иргэдэд хуулиар олгодог боловч, амьдрал дээр бүх хүнийг сонгуульд оролцуулах боломж байдаггүй. Хуулиар зайлшгүй зарим хязгаарлалт тогтоодог. Сонгуульд зөвхөн тодорхой насанд хүрсэн хүн оролцох ёстой. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу сонгох эрхийг 18 наснаас эдлэх ба сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтоодог. Тухайлбал, Ерөнхийлөгчид 45, Улсын Их Хурлын гишүүнээр 25 нас хүрсэн иргэнийг сонгоно.
1992 онд дэлхийн 150 оронд явуулсан судалгаанаас (уг нь 186 орон хамрагдах ёстой байжээ) үзэхэд 109 улс 18 нас, Бразил, Куба, Иран, Никарагуад 16 нас, бусад цөөхөн улс 19-21 насанд хүрсэн иргэнд сонгох эрхийг олгожээ. Дэлхийн ихэнх улсад, түүний дотор манай улс сонгох, сонгогдох эрхийг зөвхөн өөрийн улсын иргэнд эдлүүлдэг. Иргэдийн улс төрийн аливаа эрх, эрх чөлөө нь тэр улсын тусгаар тогтнол бүрэн эрхтэй холбоотой байдаг болохоор энэ нь ч зүйн хэрэг юм.
Эмнэлгийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр ухаан солиотой болох нь нотлогдсон бол насанд хүрсэн ч гэсэн сонгуульд оролцох эрхгүйг хуулиар заасан юм. Өөрөөр хэлбэл, улс төрийн энэ чухал үйл ажиллагаанд өөрийгөө жолоодож, ухамсартайгаар хандаж чадах иргэн оролцох ёстой.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцохгүй. Ийм практик олон оронд байдаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэний улмаас хүний салшгүй эрхээс бусад эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулсан байдаг болохоор сонгуулийн эрхийг ч мөн тэр хугацаагаар эдлэх боломжгүй болдог байна.