Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн зөвлөл хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс, Иргэний нийгмийн зөвлөл хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

2025.09.23 61
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн (ИНЗ) 9 дэх удаагийн бүрэлдэхүүний уулзалтыг 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа. 

Уулзалтыг нээж  Комиссын гишүүн Х.Мөнхзул үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комисс үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий, хүний эрхийн асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн Иргэний Нийгмийн Зөвлөл 2002 оноос эхлэн тасралтгүй ажиллаж байна.  

ИНЗ-ийн дүрэмд заасны дагуу Зөвлөл нь улирал тутам хуралдаж, мэдээлэл солилцох, хамтын ажиллагаа, хүний эрхийн анхаарал татсан асуудлыг хөндөн ярилцдаг. Өнөөдрийн уулзалтын зорилго нь шинээр томилогдсон Иргэний нийгмийн зөвлөлийн 9 дэх удаагийн бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, чиг үүргийг таниулах, Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэгтгэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэх юм” гэв. 

Комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг "Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо, Комиссын үйл ажиллагаа, чиг үүрэг" сэдвээр илтгэл тавьж, 2024 онд Комисс 34 судалгаа хийж, нийт 1311 гомдол, мэдээлэл хүлээн авч шалган шийдвэрлэж, 122 хяналт шалгалт явуулсныг танилцуулав. Энэ оны эхний гурван улиралд 93 хяналт шалгалт хийснээс 55 нь дотуур байрны асуудалтай холбоотой байсныг онцолж, хяналт шалгалтын дийлэнх хувийг хүүхдийн эрх, халдашгүй байх эрх, хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хийсэн  талаар дурдлаа. 

Комиссын гишүүн Г.Нарантуяа Иргэний улс төрийн оролцооны асуудлаар ИНЗ-ийн гишүүдтэй ярилцаж, тулгамдаж буй хүний эрхийн зөрчил түүний гарц, шийдлийн талаар ярилцлаа. ИНЗ-ийн гишүүдээс жагсаал, цуглааны тухай хуульд санал өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт, гамшгийн үед тэдний аврагдах боломж, насан туршийн боловсрол, гадаадад амьдарч байгаа эмэгтэйчүүдийн нөхцөл байдал, үндэсний цөөнхийн хэлний асуудал зэрэг хүний эрхийн асуудлыг хөндөж байв.  

Комиссын гишүүн Ж.Хунан хүүхдийн эрхийн асуудлаар илтгэл тавьж, Комиссоос УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 удаагийн илтгэлийн 17 удаагийн илтгэлд хүүхдийн эрхийн асуудлыг тусгасан байдаг. Тэрээр 2020–2024 онд Комисс хүүхдийн эрхийн асуудлаар нийт 238 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэсэн бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хүүхдийн сурч боловсрох, халдашгүй байх, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх эрхтэй холбоотой байсан. Мөн энэ хугацаанд 257 удаагийн хяналт шалгалт хийсэн бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд 37 зөвлөмж, 23 шаардлагыг эрх бүхий байгууллагуудад хүргүүлсэн ч хэрэгжилтэд анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Мөн цаашид хүний эрхэд суурилсан төсөв, төлөвлөлтийг төрийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх хэрэгцээтэйг онцлов. 

​Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрхийн талаар мэдээлэл хийж, 2024 онд Комисст ирсэн нийт гомдол, мэдээллийн 52.9 хувь нь энэхүү эрхийн зөрчилтэй холбоотой байсныг дурдав. Тэрээр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дагуу Комисс Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилттэй холбоотой асуудлаар санал, зөвлөмж боловсруулан эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлж ирсэн. Мөн Комиссын стратегийн үндсэн чиглэл нь шударгаар шүүлгэх эрхийн баталгааг хангах, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байгааг онцлон хэллээ. Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд УИХ-д өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн мөрөөр гарсан УИХ-ын тогтоолын дагуу Эрүү, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийт 167 зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон талаар мэдээлэв. 

Мөн уулзалтын хүрээнд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн өнөөгийн байдал, анхаарах асуудал, хүний эрх, эрх чөлөө, хүний эрхэд суурилсан хандлага, хүний эрхийн зөрчил, түүнийг таних, Комиссын өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, шийдвэрлүүлэх, хүний хувийн мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа зэрэг сэдвээр мэдээлэл танилцуулж, цаашид Комисс болон Иргэний нийгмийн зөвлөлийн хамтын ажиллагааны талаар нээлттэй санал солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.