Гомдол

Амьд явах эрх

Хүн бүр амьд явах ....эрхтэй” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйл) “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын б дугаар зүйлийн 1 дэх заалт) “...амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хучин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадгаар зүйлийн 1 дэх заалт) Хүний хамгийн үнэ цэнтэй чухал эрхийн нэг нь амьд явах эрх юм. Амьд явах эрх бол байгаль дэлхийгээс хүн гэгч оюун ухаант бодгальд заяасан ганц олдох эрхэм дээд эрх мөн. Амьд явах эрхийг явцуу, өргөн хоёр утгаар тайлбарладаг. Амьд явах эрх гэдэг нь явцуу утгаараа хүний амь насыг аливаа дур зоргын халдлагаас хамгаалах, амь насыг нь аврахын тулд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулахад чиглэгдсэн эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогц мөн бөгөөд хүн бүрийн амьд байхыг илэрхийлдэг. Амьд явах эрхийг хүний эрхийг бодитойгоор эдлүүлэх тухай хүн төрөлхтөн ярьж эхэлсэн тэр үеийн анхдагч эрхүүдийн нэг гэж үздэг. Энэхүү эрхийг эрх зүйн баримт бичигт тусгаад зогсохгүй хүний амь насны эсрэг чиглэсэн аливаа халдлагаас төр хамгаалах үүрэгтэй юм. Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойн босгон дээр 2012 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр Монгол Улсын Их Хурал Цаазаар авах ялыг устгахад чиглэгдсэн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 2 дугаар нэмэлт протоколыг соёрхон баталсан хууль гаргаж, энэ цаг мөчөөс эхлэн Монгол Улс цаазын ялгүй орон болсон юм. Ингэснээр Үндсэн хуулийн дээрх заалтын сүүлийн хэсгийн "...хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно." гэснээс бусад нь түүхэн үүргээ гүйцэтгэж халагдсан гэж үзэж болно. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын б дугаар зүйлд цаазаар авах ялыг цаашид хориглохыг зөвлөсөн бөгөөд хүчингүй болгосон улс орнуудад үүнийг эргэж сэргээхийг хориглосон болно. Амьд явах эрхийн өргөн утгад хүний наад захын хэрэгцээг хангахад чиглэгдсэн хоол хүнс, хувцас, орон байр, аюулгүй орчин зэргийг хамруулан ойлгоно. Хүн энэ хэрэгцээгээ өөрөө хангаж чадахгүй болсон тохиолдолд төрөөс зайлшгүй хангах, нөхцөлийг бүрдүүлэх ёстой байдаг. Асрах хүнгүй өндөр настан, хүүхдийн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийн асрамжийн газар байгуулах зэрэг арга замаар энэхүү эрхийн хэрэгжилтийг хангаж байна. Эх сурвалж: Хүний эрхийн товч тайлбар ном, УБ 2015 он, 7 дугаар хуудас

Холбогдох мэдээ