Гомдол
"Утаа ба эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо.

"Утаа ба эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр төрийн ордонд боллоо.

2025.01.15 181
Сонсох

"Утаа ба эрүүл мэнд" сэдэвт дэд хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болно. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхэд халдсаар ирсэн утааны асуудалд ХЭҮК хэрхэн хандаж ирсэн, дэд хэлэлцүүлгүүд болон агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголоос ямар шийдэл хүлээж буй талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа.

-ХЭҮК-ын 23 дахь илтгэл буюу өнгөрөгч 2024 оны илтгэлд “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал” бүлэгт утааны асуудлыг том зургаар хөндөн гаргаж ирсэн. Үүнээс өмнө утааны асуудал хүний амьд явах эрхэд халдаж буй талаарх асуудлыг ХЭҮК хэрхэн хөндөж тавьж байсан юм бэ?

-Хүний эрхийн үндэсний комисс нийт есөн удаагийн илтгэлдээ агаарын бохирдлын асуудлыг тусгаж ирсэн байна. 2018 онд зөвхөн Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар тусгайлсан судалгаа хийж танилцуулсан. Үүнээс гадна Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймгуудын төвийг бас судалгаанд хамруулж танилцуулж байлаа. Гэтэл үүний мөрөөр ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй. 2023 оны буюу энэ жилийн илтгэлд агаараас гадна хөрс, усны бохирдол болоод орчны стандартын асуудлыг хөндөн гаргаж ирж, танилцууллаа. 2015 онд ХЭҮК илтгэлдээ тусгахдаа хэрвээ утаа цаашид энэ байдлаараа байх юм бол хүүхдийн эрүүл мэндийн зардалд жилд 20 тэрбум төгрөг гаргах нь байна шүү гэдгийг сануулж байсан. Агаарын бохирдол эрүүл мэнд, амь нас, өрхийн болоод улсын эдийн засагт ямар хор хохирол учруулж байгааг хэдийнэ мэддэг болсон. Гэвч энэ тал дээр хийсэн дорвитой ажил бахйгүй, үр дүн байхгүй байна.    

-Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороог энэ онд дахин байгууллаа. Өмнө нь байгуулж байсан ч үр ашиггүй байсан тул татан буулгаж байсан. Одоо дахин байгуулах нь хэр оновчтой шийдэл юм бэ?

-23 дахь илтгэлийн мөрөөр УИХ-ын 37 дугаар тогтоол гарч, Засгийн газарт үүрэг болгосон. Энэ тогтоолд туссан нэг заалт нь агаар, орчны бохирдлын бүтцээ байгуулах тухай байсан. Утааны асуудал яригдаад эхлэхээр Үндэсний хороог байгуулдаг. Уг нь тогтвортой байх ёстой. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар, Байгаль орчны яамны харьяанд байж үзсэн. Юу хариуцах нь тодорхой байсан. Харин одоо нэгэнт байгуулсан энэ нөхцөлд Засгийн газар өөрсдөө энэ хороогоо тэргүүлээд манлайлал үзүүлээд явах ёстой. Комиссын зүгээс өмнө нь юу гэж зөвлөж байсан бэ гэхээр нэгдүгээрт, бүтцээ тогтвортой байлгахыг зөвлөж байсан. Хоёрдугаарт, 2017 онд баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрөө үнэлж, дүгнэж, сургамжиндаа тулгуурлан дунд болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулаач гэдгийг зөвлөж байсан. Энэ төлөвлөгөөгөө гаргахдаа тодорхой, хэмжигдэхүйц, санхүүгийн эх үүсвэр тодорхой байдлаар гаргах хэрэгтэй. Үүндээ жил бүр дүгнэлт хийгээд явах нь маш чухал.

-Шахмал түлшинд угаартаж хүн нас барах тохиолдол гарсаар байна. Хүний амьд явах эрхэд шууд утгаар нь халдаж буй түлшний чанарт ХЭҮК-оос хэрхэн анхаарал хандуулж байсан юм бэ?

-Жил бүрийн намар буюу утаа эхлэхийн өмнө шахмал түлшний үйлдвэрийнхэнтэй ирэх өвөлд хэрхэн бэлтгэж буй талаар уулзалт хийдэг. Шахмал түлшний үйлдвэрт хяналт, шалгалт хийж үзсэн. ХЭҮК дээр ирж уулзалтууд ч хийж байсан. Инженер, экспертүүдтэй ярилцахад зуух болон утаа мэдрэгчийн асуудлыг ярьдаг. НЭМҮТ рүү энэ асуудлаар албан бичиг явуулж байсан. “Хороо, хэсгийн ахлагчаар дамжуулан мэдээлэл хүргэж байна” гэж тэдний зүгээс хариу хэлдэг ч хүний амь нас эрсдээд байгаа нь хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаан л илрэл шүү дээ.   

-Утаа зөвхөн Улаанбаатар хотын асуудал биш болсон. Зарим аймгуудын төвд агаарын бохирдол асуудал болоод эхэллээ. Энэ талаар ХЭҮК-ын 23 дахь илтгэлд дурдсан байсан. Энэ талаар тодруулбал?

-Найман аймгийн төвд агаарын бохирдол байх ёстой хэмжээнээс хэтэрсэн. Зарим аймгууд одооноос л түүхий нүүрсээ түлэх тухай ярьж эхэлж байна. Түүнээс өмнө түүхий нүүрсээ түлж байсан, одоо ч түлсээр байгаа. Орон сууцжуулах, дэд бүтцийн асуудлыг шийдэх асуудал тун цөөхөн аймагт л яригдаж байна. ХЭҮК аймгуудад ажиллах явахдаа дулааны шийдэлтэй танилцдаг. Гэтэл ихэнх нь хуучны нүүрсээр галладаг уурын зуухаа солих ямар ч шийдэлгүй сууж байна. Өөрсдөө асуудал гэж огт үзэхгүй байгаа нь анзаарагдсан.

-ХЭҮК-ын хувьд энэ асуудалд багагүй дуу хоолойгоо хүргэж ирсний хувьд агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголоос юуг хүлээж байна вэ?

-Шийдэл л хүлээж байна. Шийдэл гаргаач гэж санал болгож байгаа. Энэ асуудлыг нэг институц барахгүй байгаа юм бол Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгал, өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтрах хэрэгтэй. Мөн үүнээс гадна хувийн хэвшилтэйгээ сайн хамтарч ажиллаасай. Маш олон шилдэг шийдэл, инновациудыг хувийн хэвшлийнхэн нэвтрүүлж байна шүү дээ.