Гомдол
Өмнөговь аймгийн Гурван тэс суманд хяналт шалгалт зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд хяналт шалгалт зохион байгууллаа

2026.06.16 121
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд хяналт шалгалт зохион байгууллаа

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй SouthGobi Sands ХХК-ийн олборлолтын талбай, ажлын байрны нөхцөл байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоотой газар дээр нь танилцаж, үйлдвэрлэлийн осол гарах эрсдэл бүхий ажлын байрны нөхцөлд ажиглалт хийв.

Хяналт шалгалтын хүрээнд уурхайн ил олборлолт, ачилт, тээвэрлэлт, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, ажилтны хувийн хамгаалах хэрэгслийн хэрэглээ, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтэд үнэлгээ хийж ажиллав.

Уулзалт, ярилцлагын үеэр үйлдвэрлэлийн ослын бүртгэл, мэдээлэл, судлан тогтоох ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, ажилтнуудад олгож буй сургалт, зааварчилгаа, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тайлбар, мэдээлэл авч ажиллав.

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох дүрэм, журам, дотоод баримт бичиг, үйлдвэрлэлийн ослын бүртгэл, судалгаа болон бусад холбогдох материалтай танилцаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн нөхцөл байдалд үнэлгээ хийв.

Хяналт шалгалтын дүнг нэгтгэн боловсруулж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ажилтны амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, аюулгүй, эрүүл орчинд ажиллах эрх, хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангах, сайжруулах чиглэлээр холбогдох санал, зөвлөмж боловсруулан хүргүүлэхээр ажиллаж байна.

Мөн ажлын хэсэг Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0166 дугаар ангийн алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчдын Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй байх, дүрмийн бус харилцаанаас ангид байх, зохистой хоол, хүнс, хувцсаар хангагдах, сурч боловсрох,  хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийлээ.

Тус хяналт шалгалтын хүрээнд цэргийн ангийн орчин нөхцөлтэй газар дээр нь танилцаж, албан тушаалтан, алба хаагч болон хугацаат цэргийн албан хаагчидтай ярилцлага хийн, холбогдох баримт материалуудыг гаргуулан авч, алба хаагч, ажилтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх хүний эрхийн сургалт зохион байгуулав.