Гомдол

Өмгөөлөх ба өмгөөлүүлэх эрх

“Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан...” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 11 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “...өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх... эрхтэй” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3(6) заалт) “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах... эрхтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт) Гэмт хэрэг үйлдсэн сэжигтэн, яллагдагч, хэргийн оролцогч хэн боловч өөрөө өөрийгөө өмгөөлөх болон эрх бүхий байгууллагаас эрх авсан мэргэжлийн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрт нь тулгаж байгаа хэрэг маргаан, эд материалын хариуцлага болон бусад нөхцөлүүдийг цагаатгах, хөнгөрүүлэх, өөрийн гэм бурууг үгүйсгэх нотлох баримтыг гаргах, цуглуулахыг шаардах, хуулийн зүйл заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлах зэрэг үйл ажиллагааг явуулна. Мэргэжлийн өмгөөлөгч нь тухайн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өмгөөллийн туслалцаа үзүүлж буй өмгөөлүүлэгчийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаас гадна мэргэжлийн өндөр ёс зүйтэй байхыг шаарддаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд нэг этгээд хэд хэдэн өмгөөлөгчтэй байж болохоор хуульчилжээ. Энэ эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө сонгон аваагүй бол түүний хүсэлтээр эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангах бөгөөд өмгөөлөгчөө сонгоход нь тодорхой хүний нэр зааж болохгүй гэсэн хориглосон заалтыг мөн хуульчилсан байна.