Гомдол

Чөлөөтэй, тайван хуран цуглах эрх

“Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл тэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйл) “...тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт) Тайван хуран цуглах гэдэг нь нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулахгүй,  эмх замбараагүй байдал үүсгэхгүй хүчирхийлэл халдлага, үймээн самуун дэгдээхгүй гэсэн санааг илэрхийлдэг. Энэ нь бид хүрээлэн буй орчин тойронд болж буй аливаа шударга бус үйлдэлд санаа бодлоо ухаалаг, тайвнаар илэрхийлэх арга зам бөгөөд ингэснээр ойлголцол, дэмжлэгийг бий болгож чадна. Чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хамт ардчилсан, нээлттэй нийгмийн цөм билээ. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт зэрэг хүний эрхийн үндсэн гэрээнүүдээс гадна бүс нутгийн хүний эрхийн гэрээ, улсуудын үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Хувь хүмүүс тодорхой үзэл бодол, үнэт зүйлээрээ нийлэн, нийтлэг ашиг сонирхлоо хамтын байдлаар илэрхийлэх, шаардах, хамгаалахад чиглэсэн байдаг тул хүний эрх, улс төрийн эрх чөлөө, иргэний эрх чөлөө гэж нэгэн зэрэг хүлээн зөвшөөрдөг. "Эрх чөлөөний өргөө" хэмээх төрийн бус байгууллагын 2008 оны тайланд чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхийг үл ойшоосоор байгаа бөгөөд хэрцгий төрийн улмаас уг эрхийг хязгаарлах, олон улсын хүний эрхийн стандартуудыг зөрчих явдал өсөн нэмэгдсээр байна. Дэлхий дахин Араб, Ойрхи Дорнод дахь 2011 оны бослогуудад мэдээлэл олж авах, хуваалцах зориулалттай онлайн тоон хэмжээст арга хэрэгсэл өргөнөөр ашигласныг харсан билээ. Эдгээр хөдөлгөөнөөр олж авсан хүмүүсийн хүч чадал, арга хэрэгсэлтэй зэрэгцэн цөөнгүй тоталитар дэглэм нуран унасан. Үүнээс чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхийг интернэтэд, мэдээллийн харилцаа холбооны технологиудыг ашиглах замаар хэрхэн эдэлсэн болохыг анхаарах нь чухал. Хэдийгээр интернэт, мэдээллийн харилцаа холбооны технологиуд эрхээ эдлэх шинэ боломжийг олгож байгаа ч дарамтлах арга хэрэгсэл болгон ашиглах боломж бий. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар заасан эрх нь бусад олон улсын хүний эрхийн гэрээнд заасны дагуу маш олон төрлийн байдлаар эвлэлдэн нэгдэх, хуран цуглах арга замыг хамгаалсан бөгөөд үүнийг олон нийтийн газар (нийтийн хурдны зам, явган зам, цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн газар гэх мэт) гэсэн уламжлалт ойлголтоор тодорхойлж болохгүй. Мөн хүмүүс уулзаж, санаа бодол, мэдээлэл солилцох, мэтгэлцэх онлайн орон зайг ч хамруулдаг. Уг эрхийг гагцхүү хуульд заасны дагуу үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, бусдын эрхийг хамгаалахын тулд л хязгаарлах боломжтой. Гэхдээ интернэт дэх чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх нь харилцан адилгүй хэлбэртэй тул тэр бүр олон улсын хүний эрхийн стандарттай нийцдэггүй. Иймээс тодорхой цахим хуудас, онлайн арга хэрэгсэлд шүүлтүүр хийх, хаах, интернэт хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцлах зэрэг байдлаар хязгаарлах жишээтэй. Харин хуульд заасны дагуу гол төлөв оюуны өмчийг хамгаалах, хүүхдийн порнограф мэдээллээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Түүнчлэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ламар С.Смитийн санаачилсан Зохиогчийн эрхийг онлайнаар зөрчих явдлыг зогсоох тухай хуулийн төсөл, Эдийн засгийн бүтээлч байдалд онлайнаар бодитой аюул заналхийлэх, оюуны өмчийг хулгайлахаас урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг эрх зүйн эх сурвалжийн эсрэг дэлхийн дахины хэмжээнд үй олныг хамарсан эсэргүүцэлд бодит ертөнц дээрх шиг заавал төлөөлөл байх шаардлагагүй болсон онцлогтой. Дээрх пактын 22 дугаар зүйлд заасны дагуу гагцхүү тайван замаар хуран цугласан бол хамгаалдаг.

Холбогдох мэдээ