Гомдол

Хохирол нөхөн төлүүлэх эрх

“Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон эрх нь зөрчигдвөл Хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 8 дугаар зүйл) “Хууль бусаар баривчлагдаж буюу цагдан хоригдож, хэлмэгдсэн Хүн бүр хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргах эрхтэй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг) “..Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт) Монгол Улсын Иргэний хуульд хохирлын талаар тусгахдаа иргэний хуулийн 52 дугаар бүлэгт гэм хор учруулснаас үүсэх үүргийг тодорхойлжээ. Эндээс үзэхэд хохирол нь дараах төрөлтэй байна. - Амь насанд учруулсан хохирол - Бусдын эрх, эрх чөлөөнд учруулсан хохирол - Эрүүл мэндэд учруулсан хохирол - Нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол - Эд хөрөнгөд учруулсан хохирол - Сэтгэл санаанд учруулсан хохирол Иргэний хуулиар бусдын амь насыг хохироосон буюу бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд хохирлыг нөхөн төлнө гэсэн зохицуулалттай. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахдаа "Нас барагчийн авч байсан дундаж цалингаас өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсэг, тэжээгчээ алдсаны тэтгэврийг хассан хэмжээгээр олгоно" гэж заажээ. Бусдын эрүүл мэнд (бие эрхтэнд)-д учирсан хохиролд: Хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс түүнтэй адилтгах бусад орлого, Эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар асарч сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардал орно гэж тодорхойлжээ. Эд хөрөнгөнд учруулсан хохирлын талаар Иргэний хуулийн 510 дугаар зүйлд: Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ. Түүнчлэн эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд тухайн эд хөрөнгийг буцаан өгөх, буцаан өгөх боломжгүй бол үнийг төлөх, үүнтэй холбоотой гарсан зардал, олох ёстой байсан орлого, үр шимийг төлөх үүрэгтэй гэж тодорхойлжээ. Эд хөрөнгийн тухайд эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах, эд хөрөнгөнд хохирол учруулах гэсэн 2 тохиолдлыг бусдын хууль бусаар учруулсан хохирол гэж үзэж болохоор байна. Мөн хуулийн эдийн бус гэм хорыг арилгах гэсэн хэсэгт "Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол учирсныг үл харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож төлүүлнэ" гэж заажээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн эрх үүргийг ялган зааглаж тус бүрд нь тодорхойлжээ. Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй харин иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлтэй холбогдсон өөрт байгаа баримт сэлтийг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн шаардсанаар гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байна. Хууль бусаар буюу үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдсан, эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан этгээдийн үндсэн эрхийг сэргээх, түүнд учирсан гэм хорыг арилгуулах, нөхөн төлөх талаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт тодорхой заасан байна. Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн,баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар заажээ. Мөн дараах тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр хуульчилсан байна. Үүнд: - Баривчлагдсан буюу цагдан хоригдсон этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс суллагдсан; - Тухайн иргэнийг цагаатгасан шүүхийн тогтоол гарсан, тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон; - Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус тогтоолыг хүчингүй болгосон зэрэг болно.

Холбогдох мэдээ