Гомдол

Улс орноо удирдахад оролцох эрх

“Хүн бүр улс орноо удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.” (Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 1 дэх заалт) “Төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрх эдэлнэ.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйл (а) заалт) “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт) Хүн бүр нийгмийн гишүүн, ард түмний нэг эс учраас төр, нийгмийн амьдралд идэвхтэй байр суурь эзэлж, улсаа хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг төр бүрдүүлэх ёстой. Иргэн энэ эрхээ өөрийн биеэр шууд, эсвэл тодорхой байгууллага албан тушаалтнаар төлөөлүүлэн хэрэгжүүлдэг. Иргэн төрийг удирдахад шууд оролцох дараах хэлбэрүүд байдаг. - Парламент, ерөнхийлөгч, нутгийн удирдлагын байгууллагыг сонгоход оролцох - Ард нийтийн санал асуулгад оролцох - Хууль, төрийн чухал шийдвэрийг гаргахад саналаа өгөх - Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар санал, гомдол гаргах - Төрийн алба хаших Иргэн төрийг удирдахад оролцох төлөөллийн хэлбэр гэж тодорхой байгууллага тухайлбал, парламент, нутгийн удирдлагын байгууллага, албан тушаалтан тухайлбал, ерөнхийлөгч, нутгийн удирдагчийг сонгож, өөрийн мандатыг шилжүүлэх замаар төрийн удирдлагыг хэрэгжүүлэхийг хэлнэ.