Гомдол

Эрх зүйн чадвартай гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх эрх

“Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын б дугаар зүйл) “Хүн бүр хаана ч эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 16 дугаар зүйл) Монгол Улсын Үндсэн хуул ийн Арван дөрөвдүгээр зүйлд "Хүн бүр эрх зүйн этгээд байна." гэж энэ эрхийн агуулгыг тодорхойлсон байна. Эрх зүйн чадвар гэдэг нь тухайн хүний хуулиар баталгаажсан эрх болон хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломж юм. Эрх зүйн чадвар нь эрх зүйн бие даасан ойлголт бөгөөд эд хөрөнгө өмчлөх, өв залгамжлах, өвлүүлэх зэрэг хуулиар хориглоогүй аливаа ажил үйлчилгээ явуулах эрх эдлэх нь эрх зүйн чадвараар илэрхийлэгддэг. Өөрөөр хэлбэл эрх зүйн чадвар нь дээр дурдсан эрхийг эдлэх хуулиар олгогдсон боломж юм. Хүн төрснөөр эрх зүйн чадвартай болж, нас барснаар дуусгавар болдог. Гэвч нас барагчийг нас барснаас хойш тодорхой хугацааны дараа төрсөн хүүхдийг хууль ёсны өвлөгчөөр тогтоодог тохиолдол байдаг. Энэ нь ураг эрх зүйн чадвартай байна гэсэн үг биш юм. Харин хүүхэд төрмөгц нас барагчийн хүүхэд болохын хувьд эд хөрөнгө өвлөх, тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зэргээр эрх зүйн харилцаанд оролцох боломжтой болдог. Хүн бүр эрх зүйн бүрэн чадамжтай байдаггүй. Ийм учраас иргэний эрх зүйн чадамжийг бүрэн, хязгаарлагдмал, чадамжгүй гэж ангилна. Бие бялдар, оюун ухааны хувьд өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамж гэнэ. Иргэний эрх зүйн хязгаарлагдмал чадамжтай хүнд насанд хүрээгүй хүмүүс хамаарна. Эрх зүйн чадамжгүй хүнд сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг хамруулдаг. Эрх зүйн хязгаарлагдмал болон бүрэн чадамжгүй этгээдийг хуульд заасны дагуу эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлнө.