Гомдол

Эрүү шүүлтээс ангид байх эрх

Хэнд ч эрүү шүүлт тулган шийтгэх ёсгүй ...” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 5 дугаар зүйл) “Хэнд ч эрүү шүүлт тулгахыг ... хориглоно. Тухайлбал, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэн дээр ч эмнэлгийн буюу шинжлэх ухааны туршилт хийж болохгүй. ” (Иргэний болон улс төрийн эрхийнх тухай олон улсын пактын 7 дугаар зүйл) “.... Хэнд боловч эрүү шүүлт тулгаж... болохгүй.” (Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалт) Эрүү шүүлт нь төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээдүүдийн үйл ажиллагаа болон түүний өдөөн хатгалт буюу ил далд зөвшөөрлөөр үйлдэгддэг. Эрүү шүүлт тулгах үйл ажиллагааг мэдүүлэг авах төдийгүй хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл, мэдээ сэлт авахын тулд хийдэг. Эрүү шүүлтийг тулгаж болох субъект нь төрийн эрх бүхий албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж, албадлага хэрэглэх эрх бүхий төрийн тусгай албан тушаалтан байх ёстой. Хуулиар тогтоож өгсөн тэрхүү эрх, үүргийг зөвхөн эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг эрхлэгчид хэрэгжүүлэх ёстой. Эрүү шүүлт тулгах гэдэг нь мэдээ сэлт, мэдүүлэг авахын тулд уг эх сурвалжийг мэдэх буюу гаргуулан авах этгээдийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоох үйлдлийг хэрэглэх, янз бүрийн давтамжтайгаар санаатай хийгдэж байгаа үйлдлүүдийг илэрхийлэх учиртай. Ер нь эрүү шүүлт тулгах нь тодорхой зорилго, сэдэлттэйгээр тодорхой хугацаанд, бусдыг ялгаварлан гадуурхах үндэслэл бүхий, төлөвлөсөн үйлдэл, эс үйлдлийн бодит илрэл болж өгдөг. Эрүү шүүлт тулгах гэдэгт гэмт хэргийг мөрдөн шүүх эрх бүхий албан тушаалтан буюу албан үүрэг гүйцэтгэж байгаа этгээд гэмт хэрэгт холбогдон мөрдөгдөж буюу шүүгдэж байгаа хүнээс буюу гэрч, шинжээч, бусад хүнээс үйлдсэн буюу үйлдсэн гэж сэжиглэн шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл авах, хэргийг хүлээлгэх, ял шийтгэхийн тулд сэтгэхүйн болон биеийн хүч хэрэглэж айлгаж, албадах, санаатайгаар хүчтэй өвтгөх буюу бие махбод, сэтгэл санааны хувьд тарчлаан зовоосон аливаа үйлдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл хүнээс өөрийн хүссэн мэдээлэл, мэдүүлэг гаргуулахын тулд хэрэглэдэг эрүү шүүлт нь хүний биеийг зовоох (зодох, өвтгөх), хэл амаар зовоох (аашлах, загнах), сэтгэл зовоох (айлгах, шаналгах, сүрдүүлэх) гурван аргын аль нэгээр буюу нийлбэрээр илэрч болгодог онцлогтой. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг олон улсын конвенц зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь болон бусад төрлийн олон баримт бичгүүдэд бусдыг эрүүдэн шүүх ажиллагааг шууд хориглосон заалтыг олноор оруулж баталсан байна. Үүний зэрэгцээгээр бүс нутгийн хүний эрхийн олон улсын гэрээ, баримт бичгүүдэд ч энэ асуудал мөн тусгалаа олсон байдаг. Америкийн улсуудын Хүний эрхийн тухай конвенц (1969 он), Хүний болон улс төрийн эрхийн тухай Африкийн Харти (1981 он) Хүний эрх, үндсэн эрх чөлөөг хамгаалах тухай Европын конвенц (1950 он), Хүний эрхийн тухай Арабын конвенц (1994 он одоо болтол хүчин төгөлдөр болоогүй) зэрэг баримт бичгүүдэд эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцааг хориглосон байна. Бие махбод, сэтгэл санааг хүчтэй өвтгөх, эсхүл тарчлаан зовоох үйлдлүүд нь эрүү шүүлтийн түгээмэл хэлбэрүүд юм. Эрүү шүүлт нь зөвхөн бие махбодыг өвтгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд өвтгөх, зовоох үйл ажиллагаа нь нэг удаа бус олон давтагдсан, тарчлаах шинжтэй байхыг ойлгодог. Нэг удаа өвтгөсөн тарчлаан зовоосон тохиолдлыг эрүү шүүлт гэж ойлгохгүй бөгөөд харин энэ нь зүй бус, хэрцгий, хүнлэг бус харьцаа юм. Эдгээр үйл ажиллагааны гол шинж бол зориуд санаатай үйлдэгддэг болохоор санамсаргүй өвтгөж, зовоосон үйлдэл нь эрүү шүүлтэд тооцогдохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглосон заалтыг хуульчилсан бөгөөд сэжигтнээс мэдүүлэг өгөхийг шаардах, түүнтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, нэр төрийг нь гутаан доромжлохыг хориглосон билээ.

Холбогдох мэдээ