"Улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон үед энэхүү Пактад оролцогч улс уг Пактаар хүлээсэн үүргээсээ тухайн нөхцөл байдлын хурцадтал шинжид дүйх хэмжээгээр ухарсан арга хэмжээ авч болох бөгөөд тэр нь олон улсын эрх зүйгээр хүлээсэн бусад үүрэгт нь харшлах ёсгүйгээс гадна арьс үндэс, хуйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарлаар алагчлах явдалд хэргэхгүй байх ёстой.”
(Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр зүйлийн 1 дэх заалт)
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Улс үндэстний амьдралд аюул занал тулгарч, энэ тухай албан ёсоор зарлаж нийтийг хамарсан онц байдал тогтоосон үед энэхүү Пактад оролцогч улс уг Пактаар хүлээсэн үүргээсээ тухайн нөхцөл байдлын хурцадмал шинжид дүйх хэмжээгээр ухарсан арга хэмжээ авч болох..." тухай заасан нь Европын Хүний эрх, суурь эрх чөлөөг хамгаалах тухай конвенцын 17 дугаар зүйл, Америкийн улсуудын Хүний эрхийн тухай конвенцын 27 дугаар зүйлийн үндэс болсон.
Хүний эрхийн хорооны зүгээс дээрх 4 дүгээр зүйлийг хүний эрхийг хамгаалах тогтолцоонд "маш чухал ач холбогдол"-той гэж тус хорооны 29 дүгээр Ерөнхий Зөвлөмжийн 1 дэх догол мөрт тодорхойлсон байна. Цөөнгүй тооны олон улсын болон бүс нутгийн шинжтэй олон улсын гэрээнд зэвсэгт мөргөлдөөн, эсвэл нийтийг хамарсан бусад онцгой байдлын үед үүргээс татгалзахыг зөвшөөрдөг. Тухайн холбогдох нөхцөл байдал нь маш ноцтой шинжийг агуулахын зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс анхаарч энх тайван тогтоох, аюулгүй байдлыг бий болгоход чиглэсэн асуудал байх хэрэгтэй тул үндэсний хэмжээний онцгой байдал бүрийг тооцдоггүй. Аливаа үүргээс татгалзах явдал нь тухайн нөхцөл байдлын "хурцадмал шинж"-ээр хязгаарлагдах ба зорилгодоо хүрэхийн тулд 29 дүгээр Ерөнхий Зөвлөмжийн 4 дэх догол мөрт заасны дагуу "үргэлжлэх хугацаа, газарзүйн хамрах хүрээ, бодит хэмжээ" гэсэн шаардлагыг хангах ёстой. Үүргээс татгалзах хууль ёсны эрхээ эдлэхдээ тухайн олон улсын гэрээнд заасан хязгаарлалтыг мөрддөг.
Үүргээс татгалзах эрхийг олон улсын ямар ч гэрээнд бүх талаар хүлээн зөвшөөрдөггүй онцлогтой. Жишээлбэл, амьд явах эрх, эрүү шүүлт, боолчлол, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөнөөс эсвэл буцаан хэрэглэсэн эрүүгийн хуулийг хэрэглэхгүй байхаас татгалзаж болохгүй. Хэрэв ямар нэгэн түрэмгийлэл гарлаа гэж бодоход Женевийн болон Гаагын конвенциудыг хүмүүнлэгийн эрхзүйн хэм хэмжээний нэгэн адил удирдлага болгож байлдагч, энгийн иргэдийн эрхүүдийг өргөжүүлэх болно. Хүний эрхийн эрх зүйд татгалзаж үл болох эрхүүдийн суурийг тавихдаа эдгээр эрхүүд бусад эрхүүдээс ямар нэгэн байдлаар илүү гэж тодорхойлон, шатлан захирсан шинжийг тусгасан гэж зарим судлаачид үздэг.
Хүний эрхийн хорооноос гаргасан 29 дүгээр зөвлөмжийн дагуу Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр зүйлд заасан татгалзаж үл болох эрхүүдийн жагсаалтыг өргөжүүлсэн. Тус хорооны зүгээс эрх чөлөө нь хязгаарлагдсан хүн бүрийг хүндэтгэн, хүнлэг харьцах, барьцаанд авах, хулгайлах, гэр бүлийнхэнд нь мэдэгдэлгүйгээр хорихгүй байх, цөөнхийн эрхийн хувьд салшгүй гэж болох төрлөөр устгахгүй, ялгаварлан гадуурхахгүй байх, нутаг заах буюу хүн амыг тодорхой газар нутагт хүчээр шилжүүлэхгүй байх, үндэсний эсвэл угсаатны шинжтэй, шашнаас үүдэлтэй үзэн ядахыг дэмжих буюу сайшаахгүй байх нь олон улсын эрх зүйн татгалзаж болшгүй зарчмуудад тулгуурласан тул мөн чанарын хувьд татгалзаж болохгүй гэж дээрх зөвлөмжийн 13 дахь догол мөрт заажээ.
Тодорхой эрхүүдээс татгалзаж болохгүй бодитой үндэслэл бас бий. Жишээлбэл, эрх зүйд захирагдах ёс (rule of law) нь ямар нэг нийтийг хамарсан онцгой нөхцөлөөс үл хамааран ухрах үйлдлийг тусгайлан тогтоосон байх ёстой. Түүнчлэн үзэл бодлын эрх чөлөө зэрэг тодорхой эрхүүдийг чухамдаа хязгаарлах боломжгүй. Бусад тохиолдолд хууль ёсны төрийн хяналт нь эрхүүдийг эдлэхэд шууд нөлөөлөхгүй ба төрийн эрх мэдэлд аюул заналхийлсэн буюу эргэлт гарсан учраас үүргээс татгалзсан гэж зөвтгөж болохгүй.
Ухрах эрхийн тухай заалтгүй олон улсын гэрээний нэг бол Африкийн Хүний болон ард түмний эрхийн тухай Харти юм. Үүнийг Африкийн улс орнуудад болсон XX зууны түүхэн үйл явдалтай холбон үзэх боломжтой төдийгүй эдгээр нөхцөл байдлыг олон улсын бусад хүний эрхийн гэрээнд заасан үүргээс татгалзах заалтаар зохицуулж болно. Африк тив хүний эрхийн хуваагдашгүй байдлыг хүлээн зөвшөөрсөн учраас улсуудын хүлээх хариуцлага нэмэгдсэн байна. Хүний болон ард түмний эрхийн Африкийн шүүх байгуулснаар одоо хүртэл нүүр тулгарч байгаа нийтийг хамарсан онцгой байдалд зарим талаар уян хатан хандах нөхцөл бүрджээ.
Хүний эрхийн хорооны зүгээс өөрийн 5 дугаар Ерөнхий Зөвлөмждөө Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр зүйлийг хүлээн зөвшөөрч, улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар уламжлан мэдэгдэх, ухрах болсон тухайн нөхцөл байдлын талаар нээлттэй байхыг улсуудаас шаардсан нь нэлээд