“Хүн бүр бусадтай эвлэлдэн нэгдэх, түүний дотор өөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үйлдвэрчний эвлэл байгуулах буюу түүнд элсэх эрхтэй. ”
“Энэ эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд , ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй. Зэвсэгт хүчний болон цагдаагийн бүрэлдэхүүнд багтах этгээдэд энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд хууль ёсны хязгаарлалт тогтооход энэ зүйл саад болохгүй.”
(Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 22 дугаар зүйлийн 1.2 дахь заалт)
“...тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй.”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт)
Чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрх нь улс төрийн нам байгуулах, ажлын байрандаа хамтын шинжтэй зохион байгуулалт хийх эрхтэй холбоотой. Нийгмийн хаана ч энэ хоёр эрхийг эдлэх ба чөлөөт байдлаар эвлэлдэн нэгдэхийг хүлээн зөвшөөрнө. Эвлэлдэн нэгдэх эрх нь иргэдийн сайн дурын үндсэн дээр өөрийн итгэл үнэмшил, эрх ашиг, үзэл бодлын нийтлэг сонирхолд нийцсэн бөгөөд нам, эвсэл, холбоо, эвлэл, зөвлөл, нийгэмлэг гэх мэт янз бүрийн нэртэй нэгдэл, байгууллагыг үүсгэн байгуулах, элсэн орох хэлбэрээр илэрдэг.
Иргэдийн эвлэлдэн нэгдсэн байгууллагууд нь ямар нэртэй байснаас үл хамааран эцсийн зорилго нь улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох буюу эсхүл тухайн эвлэлдэн нэгдсэн хамт олон, хэсэг бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхийг боломж олгодог бол эвлэлдэн нэгдэхдээ нийтийн санаа бодолд хүргэхийг зорьж байгаа ойлголтоо сайтар боловсруулах, хүргэх буюу мэдээлэл авах, хайх, түгээх эрхийг эдэлдэг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хамгаалагчдын тухай 1998 оны тунхаглалаар хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих хувь хүмүүсийн ур чадварын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн билээ. Үүнтэй уялдан интернэт нь хүний эрхийн хамгаалагчдын үйл хэрэгт чухал хэрэгсэл болж, олон улсын хүний эрхийн стандартуудыг үндэслэн төрийг шахах боломжийг олгож байна.
Тайван эсэргүүцэлд оролцох нь чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, төрийн үйл хэрэгт оролцох эрхээ эдлэх чухал хэлбэрт тооцож болно. Мөн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхээ бүрэн дүүрэн биелүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой боловч олон нийтийн тайван эсэргүүцэлд оролцохдоо сайн дурын үндсэн дээр ямарваа нэгэн албадлагагүй байх ёстой. Гэмтэх, бэртэх, зодуулах, дур зоргоор баривчлах, хорих, эрүү шүүлт тулгах, амь насаа алдах, хүчээр сураггүй алга болох вий гэж айлгүй олон нийтийн эсэргүүцлээр дамжуулан, өөрт таагүй санагдсан зүйлийг буюу шаардлагаа тайван замаар илэрхийлэх боломжийг хүн бүрд олгох шаардлагатай. Төрийн зүгээс тайван эсэргүүцлийг аюул занал гэхээс илүүтэйгээр түүний учир шалтгааныг нээлттэй, татан оролцуулсан байдлаар үндэслэлтэй харилцан тохиролцох замаар шийдвэрлэхэд анхаарна. Энэхүү тайван замаар тэмцэгч хүмүүс болон холбогдох эрх мэдэл бүхий байгууллага гэсэн хоёр талын харилцаанд хүний эрхийн үндэсний байгууллага, эвсэл, хөдөлгөөн, төрийн бус байгууллага зэрэг иргэний нийгмийн төлөөлөл хөндлөнгөөс оролцон, цаашдын үйл ажиллагааг хялбаршуулахад чухал үүрэг гүйцэтгэж болно.
Харин төрийн зүгээс тайван эсэргүүцлийн үед ямагт хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, ялангуяа шүүхээс гадуур, дур зоргоор баривчлах, хорих, хүчээр сураггүй алга болгох, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харилцах, шийтгэх, эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчих зэрэг хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хариуцлага хүлээхийн зэрэгцээ аль болох хүч хэрэглэхээс татгалзах, зайлшгүй тохиолдолд хэтрүүлсэн эсвэл ялгаварласан байдлаар хүч хэрэглэхгүй байхад онцгой анхаарах ёстой.
Чөлөөтэй үг хэлэх тухай ойлголтын үндсийг XVII зуунаас буюу 1688 оны Английн Эрхийн жагсаалт зэрэг баримт бичигт парламентын үйл ажиллагааны хүрээнд хууль тогтоогчид чөлөөтэй үг хэлэх боломжийг олгосон. Иймээс парламентын мэтгэлцээний үеэр хэлсэн ямар нэгэн зүйлээсээ болж парламентын гишүүнийг эгүүлэн татах боломжгүй болсон юм. Энэ туршлагыг өнөөдөр олон орны хууль тогтоох байгууллага бодлого болгон ашиглаж байна. XVIII зууны үед Скандинавын орнуудад үг хэлэх эрх чөлөөг хуулиар хамгаалж, зууны сүүлээр Франц, АНУ- ын хуульд тусгалаа олсон. Жон Стюарт Милл үг хэлэх эрх чөлөөг сонгодог байдлаар ухаалаг тайлбарласан нь одоог хүртэл АНУ-ын шүүхүүдэд эшлэсээр байгаа билээ.