Complaint

Өргөдөл, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрх

“Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалт) "Энэ нь нэг талаас иргэд төрийн байгууллага болон түүний албан тушаалтнуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, алдаа дутагдал, зөрчил гажуудлыг арилгах, нөгөө талаас өөрсдийн зөрчигдсөн эрхийг төрөөр хамгаалуулах, эцэст нь хууль ёс, нийгмийн дэг журмыг чанд сахиулах олон талын ач холбогдолтой иргэн, төр хоёрын харилцан тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх зарчмыг хангах үндсэн хэрэгсэл юм." хэмээн Г.Совд нарын Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар номд дурдсан байна. Төрийн байгууллагад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх байгууллагыг хамруулсан бөгөөд албан тушаалтанд эдгээр байгууллагад сонгууль буюу томилолтоор, байнга буюу түр ажиллаж байгаа, улс төрийн, тусгай, төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа бүх хүмүүсийг хамруулан ойлгоно. Монгол Улсын иргэн, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн, харьяалалгүй хүн өргөдөл, гомдол гаргах этгээд байхаар зохицуулсан. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлд иргэд төрийг удирдах хэрэгт шууд буюу сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй хэмээн заасан байдаг. Төрийг удирдах хэрэгт оролцох нэг хэлбэр нь төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх явдал юм. Тухайлбал, иргэд төр, нийгмийн болон иргэдийн нийтлэг эрх ашигт хохирол учруулахаар оршин байгаа зөрчил, дутагдлыг арилгуулах буюу нийгмийн хэв журам, хууль зөрчсөн асуудлын талаар өргөдөл гаргахаар заасан. Энэхүү өргөдлийг шийдвэрлэх, хариу өгөх үүргийг төрийн байгууллага, албан тушаалтан хуулиар хүлээсэн. Эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр заасан нь иргэд эрхээ шаардах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэг арга зам болж байна. Монгол Улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн орны хувьд хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд эрхийг сэргээх, хохирлыг барагдуулах үр дүнтэй механизмыг бий болгох үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд гомдол гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан нь дээрх үүргээ хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр юм. Энэ нь өөрөө бие даасан эрх бөгөөд зөрчигдсөн тохиолдолд хохирогч эрхээ шаардах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон байна. Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж өгсөн нь энэхүү эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн баталгаа юм.