Гомдол

Нэр төр, алдар хүндээ хамгаалуулах эрх

“Хэний ч... нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 12 дугаар зүйл) Хэний ч... нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно. Хүн бүр тийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйл) “...нэр төр, алдар хүнд...-ийг хангах зорилгоор задруулж үл болох,... хувь хуний нууцыг хуулиар тогтоон хамгаална.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалт) Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын нэгдүгээр зүйлийн "dignity"(достоинство), арван хоёрдугаар зүйлийн "honour" (честь) гэсэн үгийг монгол хэлэнд нэр төр хэмээн адил утгаар орчуулжээ. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд энэ хоёр ойлголтыг нэгтгэж "нэр төр" гэдэг томьёоллыг хэрэглэсэн байна. Гэтэл эдгээр нь үзэл баримтлал болон хууль зүйн хувьд ялгаатай ойлголтууд юм. Нэр төр, алдар хүнд гэсэн ойлголтууд нь хоорондоо нягт уялдаатай боловч бие даасан агуулгатай байдаг. Хүний нэр төр (dignity) гэдэг нь хүнд төрсөн цагаас нь заяасан төрөлхийн үнэ цэнэ, эрхэм чанар юм. Нөгөө талаас хувь хүний өөрийн гэсэн үнэт зүйлээ эсвэл өөрийгөө чухал гэж мэдрэх мэдрэмж бөгөөд зохих байдлаар хүндэтгэхийг хүсэх буюу хүндэтгүүлэхийг хэлнэ. Нэр төр (honour) нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ юм. Алдар хүнд нь тухайн хүнд нийгэм, найз нөхөд, хамт олон бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм. Аливаа улс хүний нэр төр, алдар хүндийг хамгаалж, доромжлон гутаахыг хүний эрхийн хэм хэмжээ, зарчмуудаар хязгаарладаг. Шаардлагатай тохиолдолд үндэсний болон олон улсын хүний эрхийн механизмын холбогдох байгууллагуудад хандаж, эрхээ хамгаалуулах боломжтой.

Холбогдох мэдээ