“Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ.”
(Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт)
“Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу тэд улс төрийн байдлаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлөө чөлөөтэй хангана.”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт)
Ард түмний өөртөө засан тохинох эрх нь тухайн ард түмэн улс төрийн статусаа өөрсдөө тодорхойлох, эдийн засаг, соёл, нийгмийн хөгжлийн чиглэлээ бие даан сонгох боломж бөгөөд энэ нь бусад улсын хандлага үйл ажиллагаанаас үл шалтгаална гэсэн үг юм. Мөн өөрөө засан тохинох гэдэгт колонийн дэглэм дор амьдарч байсан хүмүүсийн эдэлбэл зохих эрхийг ойлгоно.
Тодруулбал, энэ нь ард түмэн хувь заяагаа бие даан тодорхойлох эрх юм. Амьд явах эрх, эрх чөлөөтэй халдашгүй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгөтэй байх төрөлхийн эрх нь хувь хүнд хамаардаг бол ард түмний өөртөө засан тохинох эрх нь бүлэг этгээдэд хамаарах хамтын эрхийн нэг хэлбэр юм. Энэ эрхийг нэр бүхий пактуудад улс төрийн зорилгоор тусгайлан оруулсан гэж үздэг бөгөөд энэхүү эрхийг бий болгосноор үндэстэн, ард түмнийг хүлээн зөвшөөрөх явдал хууль зүйн үндэслэлтэй болж иржээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1966 онд баталсан Хүний эрхийн биллийг бүрдүүлэгч хоёр пактын 1 дүгээр зүйлд "Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй. Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн статусаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ" гэж заасан. Үүнээс шалтгаалан тус хоёр пакт нэг зүйлийг илэрхийлсэн үү, эсвэл тусдаа хоёр зүйл байсан уу гэдэг талаар маргаан өрнөж байжээ. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад колоничлолын эрин үед ард түмэн тэмүүлж байсан тусгаар тогтнол зэрэг улс төрийн бие даасан байдалтай байх эрхийг илэрхийлсэн гэдэг. Нөгөө талаас Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад улс төрийн бие даасан байдлаас илүүтэйгээр соёлын буюу эдийн засгийн бие даасан байдлыг чухалчилсан гэж эрдэмтэд үздэг.
Өөрөө засан тохинох эрхийн хувьд, Европ тивийн зүүн хэсгийн улс орнуудад коммунист дэглэм нуран унах үеэр хувьсгалын дараах төрийн зүгээс авсан эхний алхмуудын нэг бол бүх нийтийн санал асуулга, бүх ард түмний санал хураалт, сонгуулийн замаар улс төрийн шинэ дэглэмийг үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөх явдал байсан. Нэгдүгээрт, ард түмэн ямар шинэ төртэй байхаа өөрөө тодорхойлж байгаа, хоёрдугаарт ийнхүү ардчилсан төрийг эмхлэн байгуулах нь тухайн шинэ дэглэмийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх урьдач нөхцөл билээ. Учир нь шинэ дэглэм тогтох хүртэл тухайн улс, эрх мэдэлтнийг ямагт де факто хэлбэрээр, хожим зохимжтой тохиолдолд де юүре хэлбэрээр хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ орчин үед де юүре, де факто хэлбэрээр заагтай хүлээн зөвшөөрөх нь ховор болсон.
Де юүре (de jure) нь тухайн улсын тусгаар тогтнолыг бусад улс орнууд бүрэн хэмжээгээр, ямар нэгэн эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрөх явдал юм. Харин де факто (defacto) нь тухайн улсыг хангалттай бүрэн бус хэмжээгээр хүлээн зөвшөөрөх явдал бөгөөд де юүре хүлээн зөвшөөрөхийн өмнөх бэлтгэл гэж ойлгогдоно. Үндсэндээ ард түмний өөртөө засан тохинох эрхийн дээд хэлбэр нь тусгаар тогтнол юм. Дээр дурдсан олон улсын пактуудын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт эдийн засгийн хувьд өөрөө засан тохинох эрхийн гол үндсийг тодорхойлж, оршин тогтнох хэрэглүүрээ сахин хамгаалах, байгалийн баялгаа хараат бусаар эзэмших эрхүүдээр өргөжүүлсэн. Хүний эрхийн хорооны 12 дугаар зөвлөмжөөр өөрөө засан тохинох эрхийн эдийн засгийн агуулгыг цохон тэмдэглэж, үүнийг гишүүн улс бүрийн хүлээх үүрэг болохыг онцолсон байна. Эдийн засгийн хувьд өөрөө засан тохинох явдлыг дотооддоо өөрөө засан тохинохтой холбоотой гэсэн маргаан өрнөдөг. Гэхдээ өөрийн эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлэх эрхийг олон улсын гэрээнд хүлээн зөвшөөрч, хөгжих эрх гэж тодорхойлсон. Улс төрийн үүднээс авч үзвэл, эдийн засгийн хувьд өөрөө засан тохинох эрх нь бусад улсын зүгээс хөндлөнгөөс оролцохгүй чөлөөтэй байх гэсэн санааг илэрхийлнэ. Үүнийг байгалийн баялаг, эх нөөцөө чөлөөтэй эзэмших эрхийн хүрээнд тайлбарлах боломжтой. Жишээлбэл, Номхон далайн аралд амьдрах Науручууд фосфатын уул уурхайн компанийн эсрэг гомдол гарган, өөрөө засан тохинох зарчмыг зөрчсөн гэжээ. Науру Австрали Улсын эсрэг хэргийг Олон улсын шүүхэд шийдвэрлэх болсон ч өөрөө засан тохинох асуудлын талаар ямар нэгэн шийдвэр гараагүй. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1962 оны Байгалийн баялгийг захиран зарцуулах байнгын бүрэн эрхийн тухай 1803 (XVII) дугаар тогтоолд байгалийн баялгаа чөлөөтэй эзэмших эрхийн талаар дурдсан байна.
Мөн өмнө дурдсан пактуудад ард түмнийг ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь салгаж үл болохыг тусгайлан заасан. Энэ нь илэрхий эдийн засгийн ойлголтыг агуулах ба орон сууц, хоол хүнсээр хангагдах, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, бүр амьд