Хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрх
“Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэтэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дүгээр зүйлийн 3 дахь заалт) “Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайлбал: - (с) гагцхүү ажилласан хугацаа, мэргэшилд үндэслэн зохих дээд шашны ажилд дэвших адил боломжийг Хүн бүрд олгох; (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 1(с) заалт) “...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт) Энэ эрхийн хүрээнд амьжиргаагаа хангахуйц цалин хөлс авах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлох, ажиллагсдын нийгмийн баталгааг хангах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хамруулсан бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлж байдаг. Цалин хөлс нь ажиллагчийн аж байдал, нийгмийн баталгааны наад захын хэм хэмжээг хангах үндсэн хэрэгсэл тул улс орнуудын хөдөлмөрийн бодлогын гол хэрэгсэл болдог. Цалин хөлсийг тогтоохдоо эрх ашиг нь хөндөгдөж буй ажил олгогч болон ажиллагчдын төлөөллийн байгууллагын аль аль нь зөвшилцөлд эрх тэгш оролцож, тогтоосон хэмжээг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг. Цалин хөлсийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 дугаар Конвенцын 1 дүгээр зүйлийн а-д "эрхлэх ажилтай нь холбоотойгоор ажил олгогчоос ажилчинд шууд буюу шууд бусаар, мөнгөн буюу биет байдлаар олгох ердийн, үндсэн буюу доод хэмжээний цалин, эсхүл Ажлын хөлс болон бусад нэмэлт шанг хэлнэ" гэж тодорхойлжээ. Цалин хөлсний хэмжээг тогтооход ажиллагчийн болон түүний гэр бүлийн хэрэгцээ, дундаж цалин, амьжиргааны өртгийн өөрчлөлт, нийгмийн хамгааллын тэтгэмжийн хэмжээ, бусад нийгмийн бүлгүүдтэй харьцуулсан түвшин болон эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн бүтээмж зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэх шаардлагатай байдаг. Энэ эрхийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай асуудал хамрагддаг бөгөөд энэ нь Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдээгүй, хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй, мэргэжил, боловсролгүй ажилчдыг хамгаалах зорилготой арга хэмжээ юм. Энэ талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох процедурын тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 26 дугаар конвенц, Хөгжиж буй орнуудад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 131 дүгээр Конвенц, Хөгжиж буй орнуудад Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 135 дугаар зөвлөмжийг батлан гаргасан байна. Үүнд тодорхойлсноор "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ" нь цалин хөлсний хуваарилалтын хамгийн доод хэсэгт байгаа ажилчдыг хамгаалах зорилгоор тогтоосон цалингийн бүтцийн суурь давхаргын хамгийн бага хэмжээ юм. Олон улсын нийтлэг хандлагыг үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбоотой харилцааг ихэвчлэн хуулиар зохицуулж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнуудын 90 гаруй хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоон мөрдүүлж байгаа бөгөөд энэ нь цалин хөлсний бодлогын нийтлэг хэрэгсэл болж байна. Монгол Улс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг анх 1998 онд батлан хэрэгжүүлжээ. УИХ-аас 2010 онд уг хуулийг шинэчлэн баталсан бөгөөд түүнд тодорхойлсноор "хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ" нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн ашиг сонирхлыг хуулиар хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин (хөлс)-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаар" ажээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох болон өөрчлөхдөө амьжиргааны өртгийн өөрчлөлт, хөдөлмөрийн бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцаа, эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтийн түвшин болон нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг харгалзахаар заасан байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 1142 төгрөг 85 мөнгө, сарын 192000 төгрөгөөр тогтоосон билээ. Эх сурвалж: Хүний эрхийн товч тайлбар ном, УБ 2015 он, 120 дугаар хуудас
DetailsСурч боловсрох эрх
“Хүн бүр сурч боловсрох эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 26 дугаар зүйлийн 1 дэх заалт) “Энэхүү пактад оролцогч улс Хүн бүр сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрнө.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйлийн 1 дэх заалт) “сурч боловсрох эрхтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалт) Боловсрол нь өөрөө хүний эрх бөгөөд бусад эрх, эрх чөлөөг хангах үндэс суурь болдог. Мянганы хөгжлийн зорилтуудын талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын баримт бичгүүдэд "Боловсрол бол хүний эрх бөгөөд үгээгүй ядуу байдал, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдлыг багасгах, ардчилал, энх тайван хүлээцтэй байдал, хөгжлийг дэмжих гол хүчин зүйл мөн" гэж тодорхойлсон байдаг. Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйл, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 29 дүгээр зүйлд боловсрол нь дараах зорилгод чиглэгдэх ёстойг заасан байдаг. Үүнд: нэгдүгээрт, хүний авьяас чадварыг хөгжүүлэх, соёл иргэншил, хэл, үнэт зүйлс, хүний эрхийн зарчмыг хүндэтгэх, байгаль орчныг хайрлан хамгаалах үзлээр хүмүүжүүлэх, хоёрдугаарт, бүх хүмүүсийг нийгэмд илүү үр нөлөөтэйгөөр оролцохыг чадваржуулах, гуравдугаарт, тэгш эрх, хүн хүнээ хүндэтгэх, үндэстэн ястан, шашны бүлгүүдийн эв найрамдал, хоорондын ойлголцлыг дээшлүүлэх. Сурч боловсрох эрхийн агуулгад: -Хүн бүрд бага боловсролыг заавал, үнэ төлбөргүй олгох; -Үнэ төлбөргүй боловсрол олгох шаардлагатай арга хэмжээг авах замаар техникийн болон тусгай мэргэжлийн боловсролыг оролцуулан дунд боловсролыг нийтэд хүртээлтэй болгох; -Авьяас чадвартай нь уялдуулан хүн бүрд дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох; -Хүүхдэд олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдлэх; -Төрөөс тогтоосон шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хувь этгээд буюу байгууллагаас сургууль байгуулах; -Анхан шатны боловсролгүй буюу бага сургууль төгсөөгүй хүмүүс боловсролын анхны мэдэгдэхүүнтэй болгох явдлыг дэмжих, эрчимжүүлэх зэрэг ойлголт орно. Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО-гийн Бүх нийтийн боловсрол (1990), Боловсролын талаарх Дакарын тунхаглал (2000) зэрэг баримт бичгүүдэд хүн зөвхөн сурч боловсрох эрхтэй төдийгүй чанартай боловсрол эзэмших эрхтэй болохыг заасан байдаг. Сурч боловсрох эрх нь позитив эрх тул уг эрхийг хангах, хэрэгжүүлэхэд төрийн үүрэг хариуцлага чухлаар тавигддаг. Сурч боловсрох эрхийн талаар төрийн хүлээх үүргийг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 13 дугаар зөвлөмжид хүн бүрд боловсрол олгохын тулд боловсрол нь боломжтой, хүртээмжтэй, хүлээж авахуйц, амьдралд тохирохуйц байх гэсэн 4А- гийн зарчмаар тайлбарласан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалтад сурч боловсрох эрхийг баталгаажуулж, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгох, иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болохыг заасан. Түүнчлэн Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулсан байна. Үүнээс үзэхэд манай улс сурч боловсрох эрхийг минимум стандартаас давуу байдлаар хуульчлан баталгаажуулжээ. Тухайлбал, хүний эрхийн олон улсын баримт бичгүүдэд наад зах нь бага боловсрол үнэ төлбөргүй байх талаар заасан байна. Манай улсын тухайд ерөнхий боловсролыг иргэн бүр үнэ төлбөргүй эзэмших, үүргийг хүлээдэг.
DetailsУлсдаа төрийн алба хаших эрх
“Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 21 дүгээр зүйлийн 2 дахь заалт) “тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр улсдаа төрийн алба хаших. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн 25(с) заалт) Хүн бүр улсдаа яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаараа ялгаварлагдахгүйгээр шударга, тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр төрийн алба хаших боломжтой байхыг улсдаа төрийн алба хаших тэгш эрх гэнэ. Харин тухайн иргэн нь төрийн албан хаагчид тавигдах хууль, журмаар тодорхойлогдсон болзол, шаардлага (нас, мэргэжил, боловсрол, ял шийтгэлгүй байх)-ыг хангасан байх ёстой.
DetailsУсаар хангагдах эрх
Ус бол удаан хугацаанд нөхөн сэргээгдэх боломжтой, байгалийн хязгаарлагдмал нөөц бөгөөд амьдрал, эрүүл мэндийн тулгуур хүчин зүйл гэж болно. Усаар хангагдах эрх бол хүний зэрэгтэй, нэр төртэй амьдрахад зайлшгүй чухал юм. Усаар хангагдах эрх нь хүн бүр хангалттай хэмжээнд, аюулгүй, бие махбодын хувьд хүртэх боломжтой усыг хүртээмжтэй байдлаар хувийн болон гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэх эрх юм. Харин усыг зохистой хэмжээгээр хүртэх гэдэгт цангаж амь насаа алдах эрсдэлд орохгүй, уснаас үүдэлтэй өвчин тусах магадлал бууруулах хэмжээнд усыг хэрэглэж, хүнсэндээ ашиглан, хувийн болон гэр бүлийн ариун цэврийг сахихдаа ашиглана гэсэн үг. Хөгжиж буй болон хөгжингүй улсуудын хувьд усаар хангагдах эрхийг хэрэгжүүлэхгүй орхих явдал нийтлэг тохиолддог. Үүний улмаас дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн усны наад захын хангамжгүй, 2 тэрбум гаруй хүн ариун цэврээ сахих ус олж чадахгүйгээс бохирын өвчин, уснаас үүдэлтэй халдвар авч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тодорхойлжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2010 оны 8 сарын 3-ны өдөр баталсан 64/292 дугаар тогтоолоор цэвэр ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг хүлээн зөвшөөрч, аюулгүй цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламж бол хүний амьдрах, аливаа эрхээ бүрэн эдлэх тулгуур гэж үзсэн байна. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан" амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх эрхийг хүлээн зөвшөөрч, олон эрхийг цогц байдлаар илэрхийлсэн гэж болно. Ялангуяа "оролцуулан" гэсэн үгээр зөвхөн хоол хүнс, хувцас, орон сууцыг л ярьсан гэж ойлгох боломжгүй. Иймээс усаар хангагдах эрх нь амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх баталгаанд хамаарч, амьдрахад зайлшгүй шаардлагатай нөхцөлийн нэгт тооцогдох болно. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 4, 6, 14 дэх Ерөнхий Зөвлөмждөө усаар хангагдах эрх бол дээрх пактын 11 зүйлд заасан хүний эрх болохыг, хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрх болон хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцтай байх эрхтэй шууд бусаар холбоотойг тодорхойлсон байна. Мөн 15 дугаар Ерөнхий Зөвлөмжийн 29 дүгээр догол мөрт "Оролцогч улсууд эмэгтэйчүүд, хүүхдийн хэрэгцээг анхаарч, орон нутгийн болон ядуу буурай хотын бус нутгийн эрүүл ахуйн аюулгүй үйлчилгээг дэвшилттэйгээр өргөтгөх үүрэгтэй" гэж зааснаар усаар хангагдах эрхэд ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг багтаасан байна. Мөн уг эрхийн хүрээнд ариун цэврийн талаар сурч боловсрох эрхийг хөндөх ба хангалттай, хүрэлцэхүйц цэвэр устай байсан ч эрүүл ахуйн шаардлага хангаагүй зан үйлийн улмаас халдварт өвчин тусах магадлалтайг үүнд онцолж байна. Нөгөө талаас усаар хангагдах эрх нь ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх, цэвэр усаар хангагдах эрх, ариун цэврийн талаар сурч боловсрох эрхүүдтэй шууд уялдаа холбоотой. Усаар хангагдах эрхийг Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 14 дүгээр зүйлийн 2(К), Хүүхдийн эрхийн тухай конвенцын 24 дүгээр зүйлийн 2(с), Хүмүүнлэгийн эрх зүйн тулгуур болсон Женевийн конвенцууд, тэдгээрийн нэмэлт протокол, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас гаргасан хөтөлбөр, зарчим, зөвлөмж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байна. Улсуудын зүгээс усны эдийн засгийн үнэлэмж харилцан адилгүй байгаагаас гадна тухайн харилцааг бүрэн дүүрэн зохицуулж, мөнгөн дүнгээр илэрхийлж чадахгүй байна. Гэсэн хэдий ч усны гүйцэтгэх чиг үүрэг, үнэ цэнтэй уялдуулан гурван түвшинд авч үзэх боломжтой. Үүнд: Усыг амьдралд - хүн төрөлхтөн болон бусад амьд биетийг тэтгэхийн тулд усыг ашиглахыг хэлнэ. Усыг хүний эрх хэмээн хүлээн зөвшөөрч, сайн чанарын цэвэр усыг хамгийн бага хэмжээгээр хүн бүрд хүргэх боломжтой эко тогтолцоог тогтвортойгоор хадгалах, баталгаажуулахыг эн тэргүүнд авч үзэхийг ойлгоно. Усыг иргэдэд - иргэний эдлэх нийгмийн эрх болон нийгмийн нийтлэг сонирхолд тулгуурлан нийтийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхол, тэгш эрхийн үүднээс усыг хоёрдугаарт чухал гэж үзэхийг хэлнэ. Төрийн байгууллага гол үүрэг гүйцэтгэнэ. Усыг хөгжилд - эдийн засгийн чиг үүрэгтэй уялдах аж үйлдвэр, газар тариалангийн усалгаа, усан цахилгаан станц зэрэг үйлдвэрлэлтэй холбоотой хувийн ашиг сонирхлыг гуравдугаарт тооцно. НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 15 дугаар Ерөнхий Зөвлөмжийн 2 дахь догол мөрт заасны дагуу усаар хангагдах хүний эрх нь хүн бүрд хамаатай ба хувийн болон гэр бүлийн хэрэгцээндээ хүрэлцээтэй хэмжээгээр усыг хэрэглэх эрхтэйг тусгайлан тодорхойлжээ. Ялангуяа тус хороо "Усыг түгээхдээ хувийн болон гэр бүлийн хэрэгцээнд усаар хангагдах хүний эрхийг чухалчлах ёстой" гэж дүгнэсэн. Үүний зэрэгцээ цэвэр усны байгууламж, түгээлтийн төв, шугам хоолой зэрэг барилга байгууламжийг олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн тусгай хамгаалалтад байлгах ёстой.
DetailsҮйлдвэрчний эвлэл байгуулах буюу нэгдэх эрх
“Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлийн 4 дэх заалт) "... Хүн бүр эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрчний эвлэл байгуулах, журмыг нь сахих үндсэн дээр сонгосон байгууллагадаа элсэн орох эрхтэй. Дээр дурдсан эрхийг эдлэхэд хуульд заасан буюу ардчилсан нийгэмд шаардагдах үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлоос бусад ямарваа хязгаарлалт тогтоохыг хориглоно. ” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1(а) заалт) Үйлдвэрчний эвлэл буюу ажиллагчдын байгууллага нь ажиллагчдын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг хамтын ажиллагаагаар дамжуулан хамгаалах, дээшлүүлэх зорилгоор байгуулагддаг. Хөдөлмөр эрхлэлтийн салбарт ажилчид, ажил олгогчдын эвлэлдэн нэгдэх, байгууллага байгуулах болон хамтын гэрээ хэлэлцээр хийх эрхийг олон улсын эрх зүйгээр хамгаалан баталгаажуулсан байдаг. Үүнд Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20, 23 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын 22 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлд тус тус хүн бүрийн үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх эрх, үйлдвэрчний эвлэл байгуулах эрхийг баталгаажуулсан байдаг. Үйлдвэрчний эвлэл нь иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах, хамтын гэрээ хэлэлцээрийн зарчмаар хөдөлмөрийн нөхцөл болон амьдралын түвшнийг дээшлүүлэх, нийгэм болон бусад асуудлаар үзэл бодлоо илэрхийлэхийн тулд өөрсдийнхөө санаачилгаар байгуулсан байнгын ажиллагаатай, ардчилсан байгууллага юм. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь: - Ажиллагсдын эрх ашгийг хамгаалах - Ажиллагсдын Ажлын хэвийн нөхцөлийг хангах - Аливаа асуудлыг хамтаараа хэлэлцэн тохиролцох замаар шийдвэрлэх - Амьдралын нь нөхцөл байдлыг дээшлүүлэх арга зам эрж хайх, тусламж дэмжпэг үзүүлэх - Нийгмийн аливаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл бололцоо бүрдүүлж өгөх зэрэг болно. Бүхий л улс оронд үйлдвэрчний эвлэл нь хуулийн этгээдийн эрхтэй байх бөгөөд төрийн холбогдох байгууллагад албан ёсоор бүрдгүүлэх ёстой. Хамт олны нэрийн өмнөөс аливаа асуудлыг шийдвэрлэдэг байгууллага учраас хамт олны хэлэлцүүлэг, ажилчдын сонгууль зэрэгт оролцон манлайлж, ажилчдын итгэл найдварыг нь хүлээсэн төлөөлөгчид энэ байгууллагыг бүрдүүлдэг. Үйлдвэрчний эвлэл нь ажиллагчдыг идэвхтэй зохион байгуулж, тэдний ашиг сонирхлыг хамтын хэлэлцээгээр дамжуулан хамгаалах механизм юм. Үйлдвэрчний эвлэл, түүний төлөөлөл, гишүүд нь удирдлагатай харьцах харилцаагаараа дамжуулан адил тэгш цалин хөлс, тэгш боломж олгох зэрэг олон асуудлаар ажил олгогчидтой хэлэлцэн тохирч, ажиллагчдын эрхийг хамгаалдаг. Иймд үйлдвэрчний эвлэл нь Засгийн газар болон ажил олгогчдын байгууллагуудын хамт нийгмийн яриа хэлэлцээнд оролцох гурван талт бүтцийн нэг болдог. Үйлдвэрчний эвлэл нь сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдэж үйл ажиллагаа явуулах тул түүнээс гарах, татгалзах нь мөн сайн дурын байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасанчлан, иргэд хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор аливаа зөвшөөрөл авалгүй, гагцхүү өөрсдийн сайн дурын үндсэн дээр ямар нэг ялгаваргүйгээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй. Мөн үйлдвэрчний эвлэлд гишүүнээр элсэх буюу гишүүнээс гарахыг тулган шаардаж болохгүй.
DetailsҮйлвэрчний эвлэл үйл ажиллагаагаа саадгүй явуулах эрх
"... Хүн бүр эдийн засаг, нийгмийн ашиг сонирхлоо хамгаалах, хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрчний эвлэл байгуулах, журмыг нь сахих үндсэн дээр сонгосон байгууллагадаа элсэн орох эрхтэй. Дээр дурдсан эрхийг эдлэхэд хуульд заасан буюу ардчилсан нийгэмд шаардагдах үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах ашиг сонирхлоос бусад ямарваа хязгаарлалт тогтоохыг хориглоно.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1(а) заалт) Ажиллагчид ба ажил олгогчид өөрсдийн сонголтоор байгууллага байгуулах, эсхүл түүнд нэгдэн орох эрхтэй. Уг байгууллагууд нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд: - Өөрсдийн дүрэм журмыг боловсруулан хэрэгжүүлэх; - Төлөөлөгчдөө бүрэн, чөлөөтэй сонгох; - Захиргаа болон үйл ажиллагаагаа зохион байгуулах, хөтөлбөрөө томьёолох; - Захиргааны журмаар тараалгах буюу үйл ажиллагаагаа түр зогсоолгохгүй байх; - Эвсэл холбоо байгуулах эсхүл буюу түүнд нэгдэн орох. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь тэгш боломж олгох, тэгш хандах тухай дараах чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлбэл зохино. Үүнд: - Тэгш боломж олгох, ялгаварлан гадуурхлаас хамгаалах, гэр бүлд ээлтэй зохицуулалтын асуудлыг хамтын хэлэлцээний гэрээнд тусган оруулах хэлэлцээ хийх; - Тэгш боломж олгох, тэгш хандах тухай бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянахад удирдлагатай хамтран ажиллах; - Үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгч, гишүүдийнхээ хүрээнд тэгш боломж, тэгш хандлагыг, - Хүйсийн тэнцвэртэй төлөөллийг бий болгох ёстой.
DetailsҮндэсний холбоо, нэгдэл байгуулах үйлдвэрчний эвлэлийн эрх
“...Үйлдвэрчний эвлэлээс үндэсний холбоо, нэгдэл байгуулах эрх, түүнчлэн үндэсний холбоо, нэгдлээс олон улсын үйлдвэрчний байгууллагыг үүсгэх буюу түүнд нэгдэн орох эрхтэй. ” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1(b) заалт) Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрх нь ажиллагчид, ажил олгогчид хөдөлмөрлөх эрхээ чөлөөтэй эдлэх, ашиг сонирхлоо илэрхийлэх, хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэхэд чиглэсэн суурь зарчим юм. Тиймээс мэргэжил, үйлдвэрлэлийн шинж болон нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулагдсан Үйлдвэрчний эвлэлүүд нь үндэсний холбоо, нэгдэл байгуулан үйл ажиллагаагаа нэгтгэн зохион байгуулах эрхийг баталгаажуулсан байдаг. Дэлхийн өнцөг булан бүрд ажилчдын эрх ашгийг хамгаалах шаардлагаар үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнүүд идэвхтэй ажиллаж, шийдвэр гаргагчид болон ажил олгогчдод хүчтэй нөлөөг үзүүлж, бодлогыг өөрчлөхийг зорьдог. Ажиллагчдын эрхийг дэмжих, хамгаалахын тулд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэн нийлэх нь илүү үр дүнтэй ажиллах үндэс суурь болдог. Тиймээс хөдөлмөрлөх эрх ашигтай холбоотой гарах зөрчил дутагдлыг арилгахын тулд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд салбар хоорондоо төдийгүй улс орны, мөн олон улсын хэмжээнд эвлэлдэн нэгдэж, хамтын үйл ажиллагаа явуулдаг. Ажиллагчид холбоо байгуулахтай холбоотойгоор ялгаварлан гадуурхлаас хамгаалагдсан байх ёстой. Мөн ажиллагсдын болон ажил олгогчдын байгууллагууд нь хэн нэгнийгээ давамгайлах, санхүүжүүлэх болон хянах зорилгоор бие биеийнхээ хэрэгт харилцан оролцох үйлдлээс хамгаалагдсан байна. Энэхүү эрхийг Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 1948 оны 87 дугаар Конвенц, Ажилчдын төлөөлөгчдийн тухай 1971 оны 135 дугаар Конвенц, Хамтын хэлэлцээрийн тухай 1981 оны 154 дүгээр Конвенц, 163 дугаар Зөвлөмж зэрэгт тусгайлан зааж, баталгаажуулсан байдаг. Ажиллагчид ба ажил олгогчид өөрсдийн сонголтоор байгууллага байгуулах, эсхүл түүнд нэгдэн орох эрхтэй. Байгууллагууд нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд: - Өөрсдийн дүрэм журмыг боловсруулан хэрэгжүүлэх; - Төлөөлөгчдөө бүрэн, чөлөөтэй сонгох; - Захиргаа болон үйл ажиллагаагаа зохион байгуулах, хөтөлбөрөө томьёолох; - Захиргааны журмаар тараалгах буюу үйл ажиллагаагаа түр зогсоолгохгүй байх; - Эвсэл холбоо байгуулах эсхүл буюу түүнд нэгдэн орох. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь тэгш боломж олгох, тэгш хандах тухай дараах чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлдэг байна.Үүнд: - Тэгш боломж олгох, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, гэр бүлд ээлтэй зохицуулалтын асуудлыг хамтын хэлэлцээний гэрээнд тусган оруулах хэлэлцээ хийх; - Тэгш боломж олгох, тэгш хандах тухай бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянахад удирдлагамай хамтран ажиллах; - Үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгч, гишүүдийнхээ хүрээнд тэгш боломж, тэгш хандлагыг, хүйсийн тэнцвэртэй төлөөллийг бий болгох ёстой. Гэвч олон орны эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь газар тариалангийн салбарт, экспортын бүтээгдэхүүн боловсруулалтын бүс болон албан бус салбарт ажиллагчид, шилжин ажиллагчид, гэрийн үйлчлэгч зэрэг ажиллагчдыг эрх зүйн хамгаалал хүртэх боломжийг олгохгүй байгаа нь өнөөгийн анхаарал татсан асуудал болж байна.Иймд үйлдвэрчний эвлэл өнөөг хүртэл зохион байгуулагдаагүй байгаа ажиллагчдад хүрч, үйл ажиллагааг нь өргөжүүлэх шаардлагатай байна гэж үздэг.
DetailsҮндэсний холбоо, нэгдэл байгуулах үйлдвэрчний эвлэлийн эрх
“...Үйлдвэрчний эвлэлээс үндэсний холбоо, нэгдэл байгуулах эрх, түүнчлэн үндэсний холбоо, нэгдлээс олон улсын үйлдвэрчний байгууллагыг үүсгэх буюу түүнд нэгдэн орох эрхтэй. ” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1(b) заалт) Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрх нь ажиллагчид, ажил олгогчид хөдөлмөрлөх эрхээ чөлөөтэй эдлэх, ашиг сонирхлоо илэрхийлэх, хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэхэд чиглэсэн суурь зарчим юм. Тиймээс мэргэжил, үйлдвэрлэлийн шинж болон нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулагдсан Үйлдвэрчний эвлэлүүд нь үндэсний холбоо, нэгдэл байгуулан үйл ажиллагаагаа нэгтгэн зохион байгуулах эрхийг баталгаажуулсан байдаг. Дэлхийн өнцөг булан бүрд ажилчдын эрх ашгийг хамгаалах шаардлагаар үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнүүд идэвхтэй ажиллаж, шийдвэр гаргагчид болон ажил олгогчдод хүчтэй нөлөөг үзүүлж, бодлогыг өөрчлөхийг зорьдог. Ажиллагчдын эрхийг дэмжих, хамгаалахын тулд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэн нийлэх нь илүү үр дүнтэй ажиллах үндэс суурь болдог. Тиймээс хөдөлмөрлөх эрх ашигтай холбоотой гарах зөрчил дутагдлыг арилгахын тулд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд салбар хоорондоо төдийгүй улс орны, мөн олон улсын хэмжээнд эвлэлдэн нэгдэж, хамтын үйл ажиллагаа явуулдаг. Ажиллагчид холбоо байгуулахтай холбоотойгоор ялгаварлан гадуурхлаас хамгаалагдсан байх ёстой. Мөн ажиллагсдын болон ажил олгогчдын байгууллагууд нь хэн нэгнийгээ давамгайлах, санхүүжүүлэх болон хянах зорилгоор бие биеийнхээ хэрэгт харилцан оролцох үйлдлээс хамгаалагдсан байна. Энэхүү эрхийг Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 1948 оны 87 дугаар Конвенц, Ажилчдын төлөөлөгчдийн тухай 1971 оны 135 дугаар Конвенц, Хамтын хэлэлцээрийн тухай 1981 оны 154 дүгээр Конвенц, 163 дугаар Зөвлөмж зэрэгт тусгайлан зааж, баталгаажуулсан байдаг. Ажиллагчид ба ажил олгогчид өөрсдийн сонголтоор байгууллага байгуулах, эсхүл түүнд нэгдэн орох эрхтэй. Байгууллагууд нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд: - Өөрсдийн дүрэм журмыг боловсруулан хэрэгжүүлэх; - Төлөөлөгчдөө бүрэн, чөлөөтэй сонгох; - Захиргаа болон үйл ажиллагаагаа зохион байгуулах, хөтөлбөрөө томьёолох; - Захиргааны журмаар тараалгах буюу үйл ажиллагаагаа түр зогсоолгохгүй байх; - Эвсэл холбоо байгуулах эсхүл буюу түүнд нэгдэн орох. Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь тэгш боломж олгох, тэгш хандах тухай дараах чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлдэг байна.Үүнд: - Тэгш боломж олгох, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, гэр бүлд ээлтэй зохицуулалтын асуудлыг хамтын хэлэлцээний гэрээнд тусган оруулах хэлэлцээ хийх; - Тэгш боломж олгох, тэгш хандах тухай бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянахад удирдлагамай хамтран ажиллах; - Үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгч, гишүүдийнхээ хүрээнд тэгш боломж, тэгш хандлагыг, хүйсийн тэнцвэртэй төлөөллийг бий болгох ёстой. Гэвч олон орны эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь газар тариалангийн салбарт, экспортын бүтээгдэхүүн боловсруулалтын бүс болон албан бус салбарт ажиллагчид, шилжин ажиллагчид, гэрийн үйлчлэгч зэрэг ажиллагчдыг эрх зүйн хамгаалал хүртэх боломжийг олгохгүй байгаа нь өнөөгийн анхаарал татсан асуудал болж байна.Иймд үйлдвэрчний эвлэл өнөөг хүртэл зохион байгуулагдаагүй байгаа ажиллагчдад хүрч, үйл ажиллагааг нь өргөжүүлэх шаардлагатай байна гэж үздэг.
DetailsХөдөлмөрлөх эрх
"... Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх заалт) "... Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүр аж төрөхдөө чөлөөтэй сонгох, чөлөөтэй тохиролцох боломжийг олгосон хөдөлмөрлөх эрхийг хүлээн зөвшөөрч, энэ эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зохистой алхам хийнэ. ” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын б дугаар зүйлийн 1 дэх заалт) “...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт) Хөдөлмөрлөх эрх нь хүний суурь эрхийн нэг бөгөөд маш өргөн утгатай ойлголт юм. Хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцаа, түүн дэх ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн хамгаалал, ажлын цаг, цалин хөлс, нийгмийн яриа хэлэлцээ, хууль бус хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөр зэргээс гадна сүүлийн үед ХДХВ-ДОХ болон албадан хөдөлмөр зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хамруулж үздэг байна. Хувь хүн ажлынхаа төрөл, хэлбэрийг хэний ч дарамт шахалтгүйгээр зөвхөн өөрөө шийдвэрлэх эрхийг ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх гэнэ. Хувь хүн ажлаа чөлөөтэй сонгож, хийсэн ажлынхаа үр шимийг хүртэхийг хөдөлмөрлөх эрх гэнэ. Хэнийг ч албадан хөдөлмөрлүүлж үл болно. Өөрөөр хэлбэл хүн хөдөлмөрлөхгүй ч байж болно. Хөдөлмөрийн харилцаа нь эдийн засгийн хөгжил, улс төрийн үзэл баримтлал, үндэсний хөгжлийн тэргүүлэх чиглэл зэргээс хамаарч улс орон бүрд өөр өөрөөр зохион байгуулагдаж байдаг. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсэн байгуулагдсанаасаа эхлэн хөдөлмөрлөх эрхийн суурь зарчим, шаардлагуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн харилцааг зохицуулсан конвенц, зөвлөмжүүдийг улс орнууд өргөн хүрээнд соёрхон баталсан байдаг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Ерөнхий тайлбар N0.18- д Хөдөлмөрлөх эрхийг дэлгэрүүлэн тайлбарласан байдаг. (Е/С.12/СС/18, 2006 оны 2-р сарын 6) пактын 2 дугаар зүйлд эрх тэгш байдлын үндсэн дээр хөдөлмөрлөх эрхийг нь хангах, улмаар хөдөлмөрийн харилцаанд яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, эд хөрөнгийн байдал, угсаа гарал, биеийн болон оюуны хөгжлийн бэрхшээл, ХДХВ/ДОХ-ыг оролцуулан эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг баримжаа зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглодог байна. Монгол Улсын Үндсэн хуульд "Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, цалин хөлс авах, амрах" хэмээн хүний хөдөлмөрлөхтэй холбоотой эрхийг баталгаажуулж заасны зэрэгцээ Монгол Улсын нэгдэн орсон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 10 гаруй гэрээ, конвенцын заалтууд, хөдөлмөрлөхтэй холбоо бүхий л хүний эрхийн олон улсын суурь зарчмуудыг Хөдөлмөрийн хууль, тогтоомжид үндсэндээ тусгасан байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д ажилтан нь "Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах эрх үүснэ. Хөдөлмөрлөх эрхийн талаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн Хорооноос 2005 онд гаргасан ерөнхий зөвлөмжид хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлийг дараах үндсэн хүрээнд авч үзсэн байна. Үүнд: - Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа буюу ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ажилтнуудын бие махбод, оюун санааны халдашгүй байдал - Өөрийн болон гэр бүлийн амьжиргааг тэтгэж хүрэлцэхүйц хэмжээний цалин хөлс авах. Энэхүү эрх нь ажилчдад болон тэдний гэр бүлд амьдралын аятай таатай нөхцөлийг баталгаажуулахын тулд бага цалинтай ажилчдыг хамгаалах, цалингийн доод хэмжээг тогтоож өгөх, ижил төрлийн ажилд адил цалин олгох зарчмыг хэрэгжүүлэх, ажлын байран дээр нас, хүйс, шашин шүтлэг, угсаа гарал зэрэг хүний хувийн шинжээр нь ялгаварлан гадуурхахаас хамгаалах зэрэг олон ойлголтыг хамаардаг. Ажиллагсдад хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орохоос өмнө тэдний цалин хөлс, холбогдох зүйлсийг мэдээлэх ёстой.
DetailsЭвлэлдэн нэгдэх эрх
“Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20 дугаар зүйл) “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хун амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйл) “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хунийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 10 дахь заалт) Эвлэлдэн нэгдэх эрх нь зарим тохиолдолд улс төр, соёл, зугаа цэнгэл, спорт, нийгэм, хүмүүнлэгийн тусламж зэрэг өргөн хүрээг хамрах нь бий. Судлаач Жереми МакБрайд "жинхэнэ ардчилал" бий болгохын тулд нийгмийн бүхий л түвшинд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эдлэх, нөгөө талаас эрх мэдэл бүхий этгээдийн зүгээс тус эрх чөлөөг хүндэтгэх шаардлагатайг онцолсон. Тэрээр төрийн бус байгууллагууд байгуулах нь иргэний нийгэмд маш чухал төдийгүй эдгээр байгууллага бол "эвлэлдэн нэгдсэн үйл ажиллагааны үр жимс" гэжээ. Үүний зэрэгцээ ямарваа нэгэн байдлаар нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө ялгаварлан гадуурхах, доромжлох, зүй бусаар харьцах явдлыг хориглодог нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг давхар хүндэтгэж байгаагийн илрэл юм. Иргэний нийгэм гэдэгт нийтлэг ашиг сонирхол, зорилго, үнэт зүйлсийн үндсэн дээрх сайн дурын хамтын үйл ажиллагааны талбарыг ойлгоно. Онолын хувьд, бүтэц байгуулалтын хэлбэр нь төр, гэр бүл, зах зээлийн хэлбэрүүдээс ялгаатай ч бодит амьдрал дээр төр, иргэний нийгэм, гэр бүл, зах зээлийн хоорондын хил зааг нь нийлсэн, тодорхой бус, холилдсон шинжтэй байдаг. Иргэний нийгэм нь дүрэм журам, бие даасан байдал, эрх мэдлийн түвшингээр ялгаатай ба орон зай, үйл ажиллагаа, бүтэц байгуулалтын төрөл бүрийн хэлбэрүүдийг агуулдаг. Иргэний нийгэмд хууль ёсоор бүрдгэгдсэн асрамжийн газар, төрийн бус байгууллага, олон нийтийн бүлэг, эмэгтэйчүүдийн байгууллага, итгэл үнэмшилд суурилсан байгууллага, мэргэжлийн холбоо, үйлдвэрчний эвлэл, хувь хүмүүсийн нэгдэл, иргэний хөдөлгөөн, бизнесийн холбоо, санаачилга, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг бүлэг зэрэг харилцан адилгүй байгууллагууд багтдаг.
DetailsЭрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх
“эрүүл, аюулгүй орчинд амьдрах... эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалт) Орчин гэдэг нь байгалиас түүнчлэн хүний гараар бүтсэн тухайн хүний болон хүний олонлогийн эргэн тойрныг хамруулсан ойлголт юм. Тэр дундаа эрүүл, аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамал зэрэгт хамаарах өргөн хүрээтэй ойлголт юм. Хүмүүс эдгээрийг зааглахдаа "хүний эрүүл, аюулгүй орчин" гэх ойлголтыг бий болгожээ. Эрүүл, аюулгүй орчин нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломж юм. Эрүүл орчин нь гол төлөв байгалийн тэнцэл, хүрээлэн буй орчны төлөв байдал дээр яригддаг бөгөөд агаар, ус, газар болон үүнтэй холбоотой бусад өргөн хүрээний хүчин зүйлсийг авч үздэг. Аюулгүй орчин нь нийгэм - улс төрийн шинжтэй ойлголтыг илэрхийлэх бөгөөд үүний наад заахын шаардлага нь нийгэм - улс төрийн шинжтэй хүчирхийллээс ангид байх, хүчирхийллийн үед төрийн онцгой бүрэн эрхийг хууль ёсны хүрээнд хэрэгжүүлэх, олон нийтийн хэв журмыг хангах, бие махбодын аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бүрдүүлэхэд оршино. Үндсэн хуульт ёс тогтсоноор хүний үндсэн эрх, эрх чөлөөг улс орнууд Үндсэн хуульдаа баталгаажуулсан нь хүний эрхийн хөгжлийн эхний үе шаманд хамаардаг. Харин эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хүн амьд явах эрхээ эдлэхтэй нягт холбоотой агаад орчин үеийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилтэй уялдан хүний эрхийн хөгжлийн гурав дахь үе шаманд бий болжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1966 онд баталсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад "...орчны болон үйлдвэрлэлийн эрүүл ахуйг бүх талаар сайжруулах..."-ыг оролцогч улс бүрд үүрэг болгосон нь цаашлаад хүрээлэн буй орчны гэгдэх энэхүү эрх бий болох үндсийг тавьсан байна. 1972 оны 6 дугаар сард Хүний хүрээлэн буй орчны талаар хуралдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын чуулга уулзалт Шведийн нийслэл Стокольм хотноо болж, уг чуулга уулзалтаар Хүрээлэн буй орчны тухай Стокольмын тунхагийг баталсан байна. Энэхүү баримт бичгийг хүрээлэн буй орчны эрхийн үндсийг тавьсан анхны баримт бичиг гэж үздэг. Тунхагийн суурь зарчмуудын 1 дүгээрт: "Хүн бүр эрхэмсэг, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг дээд зэргийн орчинд эрх чөлөөтэй, эрх тэгш байх, амьдралын таатай нөхцөлөөр хангагдах үндсэн эрхтэй агаад одоо ба хойч үеийнхээ төлөө хүрээлэн буй орчноо хамгаалах, хөгжүүлэх журамт үүргийг хүлээнэ." гэж заажээ. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг онцлон хамгаалах болсон шаардлага бол нийгмийн хөгжлийн аж үйлдвэржилтийн байгууллын үр дагавар бөгөөд техникийн болон мэдээллийн зууны соёл иргэншлийн гарцаагүй үр дагавар мөн ажээ. Өнөөдөр Хүрээлэн буй орчныг хамгаалах төрийн үүргийг 140 улсын Үндсэн хуульд, хүрээлэн буй орчны эрхийг 86 улсын Үндсэн хуульд баталгаажуулсан байна. Эрх зүйн онолын үүднээс үзвэл энэ нь хүний үндсэн эрхийн шинжийг агуулж байна. Иргэний болон улс төрийн эрх буюу шүүхийн албадлагаар сэргээх боломжтой хүний үндсэн эрхийг негатив эрхэд хамааруулдаг. Харин төрийн зүгээс тухайн эрхийг эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар хэрэгжилтийг хангах эрхэд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамааруулах нь бий. Эдгээр эрхийг позитив эрх гэж үздэг. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь негамив болон позитив эрхийн аль алиных нь шинжийг агуулснаараа онцлог юм. Тодруулбал, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах явдал нь угаас негамив эрхийн шинжийг илэрхийлж байгаа бол, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь төрийн оролцоотойгоор хэрэгжих позитив эрхийн шинжийг хадгалж байна.
DetailsШинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, түүнийг хэрэглэх эрх
“Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож ур шимийг нь хүртэх эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 27 дугаар зүйлийн 1 дэх заалт) “шинжлэх ухааны дэвшлийн ур дунг ашиглах, түүнийг хэрэглэх” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1(b) заалт) “соёл, урлаг, шинжлэх ухааны уйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, ур шитийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалт) Уг эрхийн тухай анхны ойлголтыг 1948 онд гарсан Иргэний эрх, үүргийн тухай Америкийн тунхагт "хүн бүр оюуны бүтээл, нэн ялангуяа шинжлэх ухааны нээлтийн үр шимийг хүртэхэд оролцох эрхтэй" гэж анхлан тодорхойлон заасан байна. Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед энэхүү эрх нь дан ганц хувь хүнд хамаарах төдийгөөр хязгаарлагдахаа больж, олон нийтийн амьдралд шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах явдал чухлаар тавигдах болсон билээ. Энэ эрх нь Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай пактад дурдагдсан бусад эрхүүд, соёлын амьдралд оролцох; өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлыг хамгаалуулах зэрэг эрхтэй салшгүй холбоотойгоор хэрэгжих учиртай. "Шинжлэх ухааны дэвшил" гэдэг нь шинжлэх ухааны тодорхой арга зүйн тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэх чадвараа дээшлүүлэх тухай ойлголт юм. Шинжлэх ухаан нь олон талтай цогц систем учраас шинжлэх ухааны дэвшил түүнийг дагаад олон хэлбэртэй.
DetailsӨөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлыг хамгаалуулах эрх
“Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 27 дугаар зүйлийн 2 дахь заалт) “Өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлыг хамгаалуулах” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 (с) заалт) “...соёл, урлаг, шинжлэх ухааны уйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална; (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалт) "Шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын аливаа бүтээл" гэдгийг Эдийн засаг, нийгэм соёлын хороо тайлбарлахдаа шинжлэх ухааны зохиол бүтээл, шинэ санаа, түүний дотор уугуул иргэдийн болон орон нутгийн ард олны санаачилга, ёс заншил, яруу найраг, тууж, уран зураг, уран баримал, хөгжмийн зохиол, театр киноны бүтээл, тоглолт, аман зохиол гэх мэт утга зохиолын болон урлаг соёлын зэрэг хүний оюун санааны бүтээлийг заана хэмээжээ. Түүнчлэн "хамгаалуулах" гэдэгт хамгаалалтын арга хэлбэрийг ялгаж онцлолгүйгээр зохиогчийн шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлийнхээ оюун санааны болон материаллаг ашиг сонирхлыг ямар байдлаар хамгаалуулахын үр шимийг хүртэх эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ хамгаалалт нь тухайн бүтээлээс үүдэн гарах зохиогчийн оюун санааны (ёс суртахууны) болон материаллаг эрх ашгийг баталгаажуулж л байвал хамгаалалт нь зохиогчийн эрх, патент болон бусад оюуны өмчийн хэлбэрүүдэд байдаг хамгаалалтын түвшин, арга замтай адил байх албагүй. Эдийн засаг нийгэм соёлын хороо шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлээс бий болох оюуны болон материаллаг ашиг сонирхлоо хамгаалуулахын үр шимийг хүн бүр хүртэх эрхийг хүлээн зөвшөөрснөөр 15 дугаар зүйлийн 1(с) хэсэг нь бусдын эдлэх пактын эрхийг зүй бусаар хязгаарлаагүй бол төр зохиогчийн оюуны болон материаллаг ашиг сонирхлыг хамгаалах талаарх олон улсын гэрээнд буюу дотоодынхоо хууль тогтоомжид илүү өндөр хамгаалах стандарт тогтооход ямар нэгэн байдлаар хориг тавиагүй байна. Зохиогчийн "Оюун санааны ашиг сонирхол"-ыг хамгаалах нь урлаг соёл, утга зохиол, шинжлэх ухааны бүтээлийн зохиогч, бүтээгчид нь хөдөлмөрийнхөө хөлснөөс гадна бүтээл болон эсвэл алга болохгүй нээлтийнхээ оюун санааны эрхийг уг бүтээл нь нийт хүн төрөлхтний нийтийн өмч болсны дараа ч бас хадгална хэмээсэн утгатай. Хороо 15 дугаар зүйлийн 1(с) хэсэг дэх "оюун санааны ашиг сонирхол" гэдэгт зохиогчдын шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлийн бүтээгч гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх болон тухайн бүтээлийн утга санааг гажуудуулах, алдагдуулах буюу бусад хэлбэрээр өөрчлөх, эсвэл үүнтэй холбоотойгоор гутаах, үүгээрээ нэр төр, алдар хүндэд нь хортой аливаа үйлдлийг эсэргүүцэх эрхийг хамааруулсан байна. Зохиогчийн "Материаллаг ашиг сонирхол"-ыг хамгаалах гэдэг нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 17 дугаар зүйл болон бүс нутгийн хүний эрхийн баримт бичгүүдэд зааснаар өмчтэй байх эрх, аливаа ажилчны тохирох цалин хөлс авах эрхтэй нягт холбоотойг харуулж байна. Хүний бусад эрхээс ялгаатай нь зохиогчийн материаллаг ашиг сонирхол нь бүтээгчийнхээ зан чанарын илэрхийлэлтэй шууд холбогддоггүй, харин амьжиргааны зохих түвшинд амьдрах эрхээ эдлэхэд хувь нэмэр болдог байна. 15 дугаар зүйлийн 1 (с) хэсэг ёсоор материаллаг эрх ашгийг хамгаалах гэдэг нэр томьёо зохиогчийн бүхий л амьдрах хугацааг хамрах албагүй. Харин зохиогчийн амьжиргааны зохистой түвшинд амьдрах эрхээ эдлэх боломж олгох зорилгод нэг удаа төлбөр хийснээр буюу шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлээ ашиглах онцгой эрхтэйгээр зохиогчид хэсэг хугацаанд хөрөнгө оруулалт хийснээр хүрч болно. "Үүдэн гарах" (холбогдон үүсэх) гэдэг үг нь зохиогч зөвхөн шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлээсээ шууд үүссэн оюун санааны эрх ашгийг хамгаалуулахаас үр шим хүртэхийг онцолж байна.
DetailsУлсдаа төрийн алба хаших эрх
“Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 21 дүгээр зүйлийн 2 дахь заалт) “тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр улсдаа төрийн алба хаших. ” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 25 дугаар зүйлийн 25(с) заалт) Хүн бүр улсдаа яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн буюу бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, төрсөн буюу бусад байдлаараа ялгаварлагдахгүйгээр шударга, тэгш эрхийн ерөнхий нөхцөлтэйгөөр төрийн алба хаших боломжтой байхыг улсдаа төрийн алба хаших тэгш эрх гэнэ. Харин тухайн иргэн нь төрийн албан хаагчид тавигдах хууль, журмаар тодорхойлогдсон болзол, шаардлага (нас, мэргэжил, боловсрол, ял шийтгэлгүй байх)-ыг хангасан байх ёстой.
DetailsНийгмийн хангамж эдлэх эрх
“Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, ...эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 22 дугаар зүйлд) “Энэхүү Пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, Хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйл) “... өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт) Нийгмийн хангамжийг илүү боловсронгуй хэлбэрээр анх Ромын эзэнт гүрний үед, тодруулбал, МЭ 98-117 онд төр барьж байсан Трайанус Август хааны үед хөгжүүлсэн гэж үздэг бол Монголын эртний хууль цаазын бичиг "Их засаг" зэрэг түүхэн эх сурвалжид өтгөс буурал, ядуус, өнчин иргэдийг энэрэн тэтгэх тухай зохицуулалт байжээ. Хувь хүн өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэхдээ төрөөс тусламж дэмжлэг авах эрхийг нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах эрх гэнэ. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй гэж заасан.
DetailsЗохих дээд шатны ажилд дэвших адил боломж хүн бүрт олгох
“Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайлбал: (с) гагцхүү ажилласан хугацаа, мэргэшилд үндэслэн зохих дээд шатны ажилд дэвших адил боломжийг Хүн бүрд олгох; (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 7(с) заалт) Ажил мэргэжлийн хүрээнд тэгш боломж олгон, тэгш хандах гэдэг нь ажил мэргэжлийн хувьд албан тушаалаар болон хүйсээр ялгаварлан тусгаарлахыг таслан зогсоохыг хэлнэ. Тэгш боломж олгох, тэгш хандах асуудал нь хөдөлмөр эрхлэлт дэх тэгш байдлыг хангахад харилцан бие биеэ дэмжин нөлөөлдөг хоёр хүчин зүйл юм. Тэгш боломж олгох гэдэг нь тухайн ажилд орохоор өргөдлөө өгөх, боловсролоо дээшлүүлэх, сургалтад суух, зарим мэргэшил эзэмших, ажиллагч гэж тооцогдох, түүнчлэн аль нэг хүйс давамгайлдаг болон бусад бүхий л ажил мэргэжилд ахиж дэвших тэгш боломжтой байна гэсэн үг юм. Харин тэгш хандах гэдэг нь цалин хөлс, Ажлын нөхцөл, баталгаатай ажил, ажил ба гэр бүлийн амьдралыг уялдуулах, нийгмийн хамгаалал зэрэгт тэгш эрх эдлэх гэсэн үг юм. Ялгаварлан гадуурхахаас хамгаалуулах асуудал нь зөвхөн ажиллагчдад төдийгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгч, гэр бүлд цалин хөлсгүй ажиллагч зэрэг хүмүүст ч мөн адил хамаардаг байна. Хөдөлмөр эрхлэлт дэх тэгш байдлыг хөхиүлэн дэмжих нь ялгаварлан гадуурхахыг хориглохын хамт түүнээс илүү идэвхтэй, эерэг хандлага баримтлах явдал гэж үздэг. Үүний тулд байнгын хүчин чармайлт, түүний дотор тодорхой, зохих хөрөнгө нөөц бүхий арга хэмжээ, явцын тогтмол хяналт, үнэлгээг тогтмол хийж байх шаардлагатай.
DetailsАмрах, зав чөлөөтэй байх эрх
“Хүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 24 дүгээр зүйл) “...амрах, зав чөлөөтэй байх,...” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 7(d) заалт) "... амрах.. эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт) Аливаа хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн Ажлын цагийг хязгаарлаж, үр хүүхэд, гэр бүлийн гишүүддээ анхаарал халамж тавих, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах боломж олгох зорилгоор чөлөөт цагийг бий болгож, эдлүүлэхийг амрах эрх гэж ойлгоно. Ихэнх улс орнууд нэг өдрийн болон 7 хоногийн ажлын үргэлжлэх хугацааг хязгаарлаж, нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүд, жил бүрийн ээлжийн амралтыг тогтоож өгдөг. Монгол Улсын хувьд амрах, зав чөлөөтэй байх эрхийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгаж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хамтын гэрээгээр ажил, амралтын цагийн горим тогтоохоор заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар долоо хоногийн Ажлын цагийг 40 хүртэл, ердийн Ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цагаас багагүй байхаар, долоо хоногийн бямба, ням гаригт нийтээр амрахаар тогтоосон. Шөнийн болон амралтын өдрүүдэд ажиллуулахыг аль болох хязгаарлах бодлого баримталж, жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлж, ээлжийн амралтын үндсэн хугацаа нь 15 Ажлын өдөр, 18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байхаар тогтоосон. Хөдөлмөрчин хүний эрхийг хамгаалах зорилгоор хөдөлмөрийн харилцаанд олон төрлийн зохицуулалт, эрхийн хамгаалалт хийж өгсөн байдгийн нэг нь ээлжийн амралтыг цалин хөлстэйгөөр эдлүүлэх, баяр ёслолын өдөрт цалин хөлс олгох асуудал бөгөөд энэ нь бусад олон эрхийн хамт хүний эрхийн баримт бичгүүдэд тусгагдаж баталгаажсан байдаг. Ажлын цагийн тухай 1919 оны 1 дүгээр Конвенц, Долоо хоногийн амралтын (Үйлдвэрлэл) тухай 1921 оны 14 дүгээр Конвенц, Ажлын цагийн (Арилжаа ба Оффис) тухай 1930 оны 30 дугаар Конвенц, Цалинтай амралтын (Хөдөө аж ахуй) тухай 1952 оны 101 дүгээр Конвенц, Ажлын цагийг хорогдуулах тухай 1962 оны 116 дугаар Конвенц, Цалинтай амралтын (хянаж шинэчилсэн) тухай 1970 оны 132 дугаар Конвенц, Гэр бүлийн үүрэг хариуцлага бүхий ажиллагчдын тухай 1981 оны 156 дугаар Конвенц, Шөнийн ажлын тухай 1990 оны 171 дүгээр Конвенц, 178 дугаар Зөвлөмж зэрэг конвенц, зөвлөмжүүдээр ажлын цагийг зохистойгоор хязгаарлах, ээлжийн амралтыг цалин хөлстэйгөөр эдлүүлэх, баярын өдөрт цалин хөлс олгох зэрэг харилцааг зохицуулдаг байна. Үндэсний хууль тогтоомжуудад ажлын болон амьдралын үндсэн нөхцөлүүдийг муутгахгүйгээр ердийн ажлын цаг, илүү цагийн зохицуулалт, амралт завсарлагааны хугацаа зэргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тодорхой заах ёстойг үүрэг болгосон байдаг.
DetailsГэрлэх эрх
“Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьсны өнгө, үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдэлнэ.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 16 дугаар зүйл) “...гэрлэгсэд чөлөөтэй, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр гэрлэнэ.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 10 дугаар зүйлийн 1 дэх заалт) "... улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бул, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалт) "Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон,эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно" гэж Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд заасан байдаг. Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж бөгөөд гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах үүрэгтэй. Харин тухайн орны хуульд заасан насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, хувийн байдалтайгаа холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр эхнэр, нөхрөө чөлөөтэй сонгож хамтран амьдрахыг гэрлэх эрх гэнэ. Монгол Улсын тухайд зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо гэрлэх эрхтэй байдаг бол зарим улс орнууд ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг зөвшөөрдөг болсон. Гэр бүл болох, болсны дараа, гэрлэлтээ цуцлуулах үед эрэгтэй эмэгтэй хоёулаа тэгш эрх эдэлдэг. Улс болгон гэрлэлтээ баталгаажуулах насыг өөр өөрөөр зааж өгсөн байдаг. Ихэнх улс орны хуульд 18 нас гэж заажээ. Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж заасан бол Гэр бүлийн тухай хуульд "... харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно" гэж заасан байдаг. Харин өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа, гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь хуульд заасан насанд хүрээгүй, төрөл, садангийн хүмүүс хоорондоо, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх, үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх, гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол гэр бүл болохыг хуулиар хориглодог. Гэр бүлээ хамгаалуулах эрхийг гэрлэхийг хүсэгч этгээдүүд болон гэр бүл, эцэг эх, хүүхдүүд эдлэх эрхтэй. Гэр бүлээ хамгаалуулах эрх нь маш өргөн ойлголт бөгөөд гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах зэрэг олон асуудлыг хамаардаг байна. Мөн гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг хүлээдэг.
DetailsАжлын цагаа зохистойгоор тогтоолгох эрх
“Хүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 24 дүгээр зүйл) “амрах, зав чөлөөтэй байх, ажлын цагийг зохистойгоор хязгаарлах, ээлжийн амралтыг цалин хөлстэйгөөр эдлүүлэх, баярын өдөрт цалин хөлс олгохыг хамаарна” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 7(d)заалт) Ажил хөдөлмөр цаг хугацаагаар хэмжигддэг. Тухайн хүний хөдөлмөрлөсөн цагийг Ажлын өдөр, ажлын цаг гэж нэрлэнэ. Ажиллагсдын амьдралд ихээхэн нөлөө үзүүлэх ажлын нөхцөлийн нэг элемент бол ажлын цаг юм. Ажлын цагийн үргэлжлэх хугацаанд хөдөлмөрийн эрчимжилт, үйлдвэрлэлийн технологи, шат дамжлага, ажилгүйдлийн түвшин зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Ажлын цагийн үргэлжлэл хэдийгээр олон янзын хэмжигдэхүүнтэй боловч ажлын цаг хязгаартай байх нь ажиллагсдын гол эрх юм. Тиймээс ажлын цагийн хэмжээ нь ямагт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын анхаарах гол асуудал байсаар ирсэн билээ. Ажлын цагийн хязгаарыг долоо хоногт 48 цаг, өдөрт 8 цаг байхаар Ажлын цагийн (Үйлдвэрлэл) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1 дүгээр конвенцод (1919) анх тогтоосон байдаг. Улмаар Ажлын цагийн (Арилжаа ба оффис) тухай 1930 оны 30 дугаар Конвенц, Ажлын дөчин цагтай долоо хоногийн тухай 1935 оны 47 дугаар Конвенц, Ажлын цагийг хорогдуулах тухай 1962 оны 116 дугаар Конвенцоор өнөөгийн хөдөлмөрийн стандартыг тогтоон долоо хоногийн ажлын цагийг дөч болгосон байна. Аливаа ажилтан нь хоногийн 24 цагийн турш ажиллах бололцоогүй. Учир нь унтаж амрах, хоол унд идэх зэрэг хөдөлмөрлөх чадвараа нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай тул түүний үргэлжлэх дээд хязгаарыг тодорхойлдог. Мөн ажиллах цаг хязгаартай байх нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст гэр орны болон асран халамжлах ажилд цаг зарцуулах боломж олгодог тул хүйсийн тэгш байдлыг хангах нэгэн арга хэрэгсэл гэж үздэг. Ихэнх улс орнууд нэг өдрийн болон 7 хоногийн ажлын үргэлжлэх хугацааг хязгаарлаж, нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүд, жил бүрийн ээлжийн амралтыг тогтоож өгдөг. Үүний адилаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар долоо хоногийн Ажлын цагийг 40 хүртэл, ердийн Ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цагаас багагүй байхаар, долоо хоногийн бямба, ням гаригт нийтээр амрахаар тогтоосон байна. Шөнийн болон амралтын өдрүүдэд ажиллуулахыг аль болох хязгаарлах бодлого баримталж, жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх зарчмыг хөдөлмөрийн харилцаанд мөрдөж байна. Гэр бүлийн үүрэг хариуцлагыг анхаарч тооцоогүй Ажлын цагийн хуваарь нь гэр бүлтэй ажиллагчдыг Ажлын байран дахь үйл ажиллагаанд оролцоход нь садаа болж, улмаар ажил мэргэжилдээ өсөж хөгжих боломжийг нь хаадгаараа шууд бус ялгаварлалын шинжийг агуулдаг.
DetailsБие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрх
“Энэхүү пактад оролцогч улсууд Хүн бүрийн бие бялдрын болон сэтгэцийн эрүүл мэнд дээд түвшинд хүрсэн байх эрхийг хүлээн зөвшөөрнө.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 1 дэх заалт) “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй... ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн б дахь заалт) Хүн бүр хүний зэрэгтэй аз жаргалтай амьдрах болон бусад эрх, эрх чөлөөгөө эдлэхэд зайлшгүй шаардлагатай эрх бол "Бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрх юм. Энэхүү эрхийг Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, Хүүхдийн эрхийн конвенц, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон бусад хүний эрхийн олон улсын хууль тогтоомжоор баталгаажуулсан байдаг. Бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрхийн утга санааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн гуравдугаар Хороо анх боловсруулан гаргахдаа ямар нэгэн өвчин зовлон болон насны доройтолгүйгээр бие бялдар, сэтгэл санааны хувьд эрүүл төгс байж, нийгэмдээ сайн сайхан амьдрах" гэсэн тодорхойлолтыг хэрэглэхээс татгалзсан байдаг. Учир нь "Бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх" гэдэг ойлголт нь хувь хүний биеийн биологийн онцлог болон нийгэм эдийн засгийн угтвар нөхцөл түүнчлэн тухайн орны нөөц боломжийн аль алинаас хамаардаг байна. Тухайлбал, улс нь хувь хүн бүрийг өвчин тусах шалтгаан болгоноос хамгаалаад байж чадахгүй. Тэгэхээр "бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх" эрхийг Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн Хорооны 14 дүгээр зөвлөмжид дараах байдлаар тайлбарласан байна. Энэ эрх нь: - Эрүүл мэндийн зохистой үйлчилгээгээр цаг хугацаанд нь үйлчлүүлэх, төрөл бүрийн эмчилгээний тоног төхөөрөмж, эм, эмнэлэг, үйлчилгээний нөхцөлөөр хангагдсан байх, эрүүл байх боловсрол мэдээлэл авах боломж, эрүүл мэндтэй холбоотой шийдвэрт хүн амыг оролцуулах асуудлууд багтаж байна. - Зөвхөн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрхээр хязгаарлагдахгүй, хүмүүсийн эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх өргөн хүрээний нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс болох эрүүл байхын угтвар нөхцөлүүд: хоол хүнс, орон байр, ундны цэвэр усаар хангагдсан байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин, аюулгүй, эрүүл Ажлын байр, хүрээлэн байгаа байгаль орчны эрүүл байгаа зэргийг оруулдаг болохыг илэрхийлсэн. Иймд бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрхийг зөвхөн эрүүл байх явцуу утгаар ойлгож болохгүй. Эрүүл байх эрхэд хувь хүний эрх чөлөө болон эрх мэдэл хоёулаа багтаж байна. Эрүүл байх эрхээ эдлэх эрх чөлөөтэй байна гэдэг нь хувь хүний биеийн эрүүл мэндээ хянах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх чөлөөгөө эдлэх, эрүү шүүлт, тохиролцоогүй эмнэлгийн үйлчилгээ, туршилт зэрэг хөндлөнгийн оролцооноос чөлөөтэй байхыг хэлнэ. Харин эрх мэдэлтэй байна гэдэг нь хүмүүсийн хүрч болох дээд түвшинд байхын тулд тэгш боломжоор хангадаг эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах эрхтэй байхыг хэлнэ. Үүнээс үзэхэд бие бялдрын болон сэтгэл санааны хувьд хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрх нь эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг илэрхийлэхийн зэрэгцээ хүмүүсийн хүрэлцээтэй, хүртээмжтэй, нийцтэй, чанартай эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх, эрүүл байх нөхцөлөөр хангах асуудал юм. Манай улсын хууль тогтоомжид энэ эрхийг шууд утгаар томьёолоогүй ч Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т "эрүүл, аюулгүй орчинд амьдрах", мөн зүйлийн 6-д "эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй хэмээн баталгаажуулж, Эрүүл мэндийн тухай хуульд иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахтай холбоотой харилцааг зохицуулсан байна. Эдгээрээс үзэхэд манай улс хууль тогтоомждоо "хүрч болох дээд түвшинд эрүүл байх эрх"-ийг Эдийн засаг, нийгэм, соёлын хорооны зөвлөмжийн утга агуулгын түвшинд баталгаажуулсан байна.
DetailsАжил хаях эрх
"... ажил хаях эрхтэй бөгөөд түүнийгээ тухайн улсын хуульд нийцүүлэн эдэлнэ.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1(d) заалт) Ажил хаях эрх нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн эрхийн нэг бөгөөд үндэсний болон олон улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор байгууллага, бүлгийн төлөөлөгчдийн ажил хаях эрхийг баталгаажуулсан байдаг. Ажил хаях эрх нь хамт олноороо буюу бусадтай хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрхийн нэг хэлбэр хэмээн үздэг байна. Нөгөө талаас энэ нь хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх арга хэрэгсэл гэж үздэг. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд "ажил хаялт" гэж хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Ажил хаях эрхийн талаар Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактаас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенц, 1957 оны Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенц болон 1951 оны Сайн дурын эвлэрүүлэх ажиллагаа болон арбитрын тухай 92-р зөвлөмжид тус тус заасан байдаг. 105 дугаар конвенцын 1 дүгээр зүйлд ажил хаялтад оролцсоных нь төлөө ажилтнаар бүх төрлийн албадан хөдөлмөр хийлгэхийг хориглосон байна. Монгол Улсын хувьд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-т хууль тогтоомжид заасан журмаар жагсаал цуглаан, ажил хаялт зохион байгуулах эрхийг баталгаажуулж өгсөн байна. Ажил хаялтыг зохион байгуулах нөхцөл, журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 119-124 дүгээр зүйлүүдээр зохицуулж ажил хаях шийдвэр гаргах, хугацаа, оролцох хүн, ажил хаялтыг зогсоох тухай тодорхой заасан байдаг. Ажил хаях эрхээ эдлэхийн тулд хамтын шийдвэр гаргах шаардлагатай. Үүнд: - Ажил хаях тухай шийдвэрийг ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүдийн буюу нийт ажилтны хурлаас гаргана. - Хуралд оролцогчдын олонх (талаас илүү) нь ажил хаяхыг дэмжсэн бол ажил хаялт зарлаж болно. - Ажил хаях шийдвэртээ дараах асуудлыг заавал тусгах зарчмыг баримталдаг. Үүнд: - ажил хаяхад хүргэсэн санал зөрүүтэй асуудал; - ажил хаялт эхлэх он, сар, өдөр, цаг, ажил хаялтын үргэлжлэх хугацаа, оролцох хүний урьдчилсан тоо; - ажил хаялтыг зохион байгуулж удирдах этгээд, маргаан шийдвэрлэхэд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүн; ажил хаялт зохион байгуулах үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон ажлын жагсаалт зэрэг болно. Ажил хаялт үргэлжилж байх үед талууд хөдөлмөрийн хамтын маргааныг эвлэрүүлж зохицуулах арга хэмжээ авах үүрэгтэй. Ажил хаялтыг зохион байгуулсан буюу Ажлын байрыг түр хаасан тал эдгээр арга хэмжээг бэлтгэх болон үргэлжлэх хугацаанд нийгмийн дэг журам, хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө хамгаалах ажиллагааг холбогдох үүрэг бүхий төрийн байгууллагын туслалцаатай хийхээр зохицуулдаг. Түүнчлэн ажил хаялтад оролцогсдын эрхийг хамгаалах зорилгоор "Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны Ажлын байранд гаднаас ажилтан авч ажиллуулсан, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчдөд сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас нь өөрчилсөн, халсан албан тушаалтанд хариуцлага тооцдог механизмууд байдаг. Ажил хаях эрхийг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын ажилтан, төрийн тодорхой албан хаагч болон тусгай үйлчилгээний ажилтнуудын хувьд хязгаарлаж болохыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцод заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлд "Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг хориглоно." гэжээ. Цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, хотын нийтийн тээвэр, олон улс, хот хоорондын болон хотын цахилгаан холбоо, төмөр замын хөдөлгөөний албаны аж ахуйн нэгж, байгууллага ажил хаях нь улс орны аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироох тул тэдгээр байгууллагын ажилтан, албан хаагчийн ажил хаях эрхийг хязгаарладаг байна.
DetailsӨлсгөлөнгөөс ангид аж төрөх эрх
“Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүрийн өлсгөлөнгөөс ангид аж төрөх үндсэн эрхийг хүлээн зөвшөөрч, тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхийг оролцуулан, дангаараа буюу олон улсын хамтын ажиллагааны хэлбэрээр шаардлагатай арга хэмжээг ...авна.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 2 дахь заалт) Хүн бүр эрүүл саруул өсөж хөгжих, амьдрахад шаардагдахуйц хэмжээний хоол хүнсээр хангагдах, олж авах боломжтой байхыг өлсгөлөнгөөс ангид аж төрөх эрх гэнэ. Өлсгөлөнгөөс ангид байх эрх нь нэг талаас төрөөс, нөгөө талаас хувь хүнээс өөрөөс нь хамаарна. Төрөөс иргэдээ зохистой хоол хүнсээр хангах бодлогыг хэрэгжүүлж, хүнд зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнсний нөөцийг бий болгох ёстой. Харин хувь хүн өөрөө ажил, хөдөлмөр эрхэлж, орлого олж, хоол хүнсээ олж авах эрхтэй. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд "Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй", Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактад "хүн бүр өлсгөлөнгөөс ангид байх үндсэн эрхтэй" гэж заасан байдаг. Энэ эрх нь дээрх Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын эрхтэй салшгүй холбоотой юм. Зохистой хоол хүнсээр хангагдах эрх гэдэг нь хүн бүр хүрэлцэхүйц хоол хүнсээ олж авах болон түүнд нийцсэн бие бялдар болон эдийн засгийн чадвартай байхыг хэлнэ.
DetailsӨв залгамжлуулах эрх
“...өв залгамжлуулах эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт) Эрх зүйн сонгодог онолд өв залгамжлуулах эрхийг ойлгохдоо тухайн өмчлөгч этгээдийн эрх дуусгавар болохгүйгээр, түүний өмчлөх эрхийг өөр нэг этгээд түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлэх боломж гэж үздэг. Монголчуудын эрт үеэс уламжилж ирсэн өмч хөрөнгө өвлөх заншил ёсоор өрхийн тэргүүн бүх өв хөрөнгийн эзэн гэж тооцогддог ба түүнийг нас бармагц ахмад хүүд эцгийн өв хөрөнгийг залгамжлах эрх үүсдэг. Тэрээр эцгийн өв хөрөнгийн тэн хагасыг өмчилж, дүү нар нь үлдсэн хэсгийг хувааж өмчилдөг байв. Өрх гэрийн гал голомт, бурхан шүтээн, биет бус зүйлс отгон хүүд өвлөгдөх заншил ч бий. Монгол Улсын Үндсэн хуульд өмчлөх эрх, өв залгамжлуулах эрхийг нэг заалтад, хамт баталгаажуулсан нь өмчлөх эрх, өв залгамжлуулах эрхийн хоорондын хамаарлыг илэрхийлсэн шинжтэй юм. Монгол Улсад өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө хуульд заасны дагуу болон гэрээслэлээр өв залгамжлуулан үлдээж болдог. Өв залгамжлалын харилцаа нь өвлүүлэгч, өвлөгч гэсэн субъектийн хооронд явагддаг бөгөөд эрх зүйн харилцаанд тухайн иргэний хэрэгжүүлж байгаа эрх, үүрэг, хариуцлагыг өөр этгээдэд шилжүүлэх факт бий болсон, тодруулбал, өмчлөгч нас барах, нас барсанд тооцогдсон үед хэрэгжинэ. Гэрээслэгч - өвлүүлэгч, өв залгамжлагчийн эрх, үүрэг нь өвийн замаар шилжих бөгөөд өмчлөх эрх хэрэгжих хэлбэрүүдийн нэг чухал илэрхийлэл болдог байна. Хуульд зааснаар өв залгамжлах эрх нь хууль тогтоогчийн тогтоосон нөхцөл журмын дагуу өв залгамжлахыг хэлдэг. Энэ нь өв залгамжлуулагчийн хүслийг илэрхийлдэггүй бөгөөд гэрээслэл үйлдээгүй, эсвэл үйлдсэн гэрээслэл нь хүчин төгөлдөр бүст тооцогдсон, устаж үгүй болсон, гэрээслэлд заасан өв залгамжлагч байхгүй болсон зэрэг нөхцөл бүрдсэн үед хэрэглэгддэг. Энэ тохиолдолд эд хөрөнгийг субъектүүдэд адил хэмжээгээр өвлүүлэх бөгөөд эдгээр субъект нь нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх болно. Гэрээслэлээр өв залгамжлах эрх нь гэрээслэлийн тусламжтайгаар өв залгамжлуулагчийн тодорхойлсон нөхцөл журмын дагуу өв залгамжлагчид өв шилжихийг хэлдэг. Өв залгамжлуулагч гэрээслэлдээ өв залгамжлагчаа тодорхой заахаас гадна түүний эрх, үүргийг тодорхойлж өгдөг. Иргэний эрх зүйн үүднээс авч үзвэл гэрээслэл нь нэг талын хэлцэл бөгөөд гэрээслэлд зөвхөн гэрээслэгчийн хүсэл зориг илэрхийлэгдэх ёстой.
DetailsОрчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх
“Энэхүү Пактад оролцогч улсууд энэ эрхийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардагдах дараах арга хэмжээг авна: “гадаад орчны болон үйлдвэрлэлийн эрүүл ахуйг бүх талаар сайжруулах;” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 2(b) заалт) "... орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалт) Эдийн засгийн хөгжлийн үр дүнгээс шалтгаалан байгаль орчны тогтвортой байдал алдагдах, сүйрэх үйл явцыг байгалийн тэнцэл алдагдах гэж үздэг. Тодруулбал, амьтай болон амьгүй биетийн хоорондын үл нийцлээс шалтгаалж байгалийн тэнцэл алдагддаг бөгөөд эдгээр нь цөм хүний үйл ажиллагаанаас хамааралтай байдаг. Хүний амьд явах эрхийг хангах үндсэн баталгаа нь эрүүл, аюулгүй орчин бөгөөд орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдах явдлаас төр иргэнээ хамгаалах үүрэг хүлээдэг. Төр энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас хамааран амьд явах эрхийн хэрэгжилт хангагдах, эс хангагдах тухай асуудал яригдана. Орчны бохирдол гэдэгт агаарын, усны, хөрсний гэх мэт органик шинжтэй бохирдлоос гадна дуу чимээний, хог хаягдлын, гэрлийн гэх мэт хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй органик бус бохирдлыг хамааруулдаг хэдий ч хүний амьдрах тайван бөгөөд таатай орчинд нөлөөлөх бусад олон хүчин зүйлс бий.
DetailsОрон байраар хангагдах эрх
“... Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ат бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хэрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс ул хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.” (Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 25 дугаар зүйл) "... Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцөлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө.Оролцогч улсууд энэ талаар чөлөөтэй зөвшилцөлд үндэслэсэн олон улсын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч, энэ эрхийн хэрэгжилтийг хангах зохистой арга хэмжээ авна. ” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх заалт) Орон сууцаар хангагдах эрх нь эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хоол хүнс, хувцас, нийгэм ахуйн үйлчилгээ зэргийн хамт амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх эрхийг бүрдүүлдэг байна. Эдгээрээс гадна олон улсын болон бүс нутгийн хүний эрхийн баримт бичгүүдэд уг эрхийн тухай асуудлыг баталгаажуулж, эрхийн хэрэгжилтэд ахиц гаргахыг гишүүн улс орнуудад даалгасан байдаг. 1991 онд НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын хорооноос Орон сууцаар хангагдах эрхийн талаар Ерөнхий зөвлөмж 4-ийг боловсруулж, энэхүү эрхийн талаарх хууль зүйн болон агуулга, зохицуулалтын талаар албан ёсны тайлбарыг өгсөн байна.
DetailsЗохистой хоол, хүнсээр хангагдах эрх
“Хүн бүр хоол хүнс ... оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хэрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 25 дугаар зүйл) “Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцөлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө. ” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх заалт) Дэлхийн улс орон, ард түмэн бүр өөрийн гэсэн онцлог, үндэсний соёл, зан заншлаас шалтгаалан их, бага харилцан адилгүй хоол, хүнс хэрэглэдэг. Гэхдээ хүн бүр зохистой хоол хүнсээр хангагдах эрхтэй бөгөөд ямар ч тохиолдолд хоол хүнс хүрэлцээтэй түвшинд байх асуудал нэн тэргүүнд тавигддаг. Түүнчлэн хоол хүнс аюулгүй, шим тэжээлтэй байх ёстой бөгөөд чанар, хүртээмж нь тухайн хүний өдөр тутмын хэрэгцээг хангахуйц байхыг шаарддаг. Зохистой хоол хүнсээр хангагдах эрхийг тодорхойлбол, хүн амьдралынхаа туршид өөрийн хэрэгцээг бүрэн хангахуйц хоол хүнсээ олж авах бие бялдар болоод эдийн засгийн чадвартай байх явдал юм. Нөгөө талаас төр хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэнд, аж амьдрал доройтохуйц нөхцөл байдалд оруулахгүй байх үүргийг хүлээх ба хүн өөрөөс үл хамаарах шалтгаанаар тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол зэргээс ангид байхыг ойлгоно. Монгол Улсын Үндсэн хуульд хүнсний эрхийн талаар шууд тодорхойлсон заалт байхгүй ч хүн бүрийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь хоол хүнсээр хангагдах эрхтэй шалтгаант хамааралтай юм. Итали улсын Ром хотноо 1992 онд болсон Олон улсын хоол тэжээлийн бага хурлаас гаргасан тунхаглалд дурдсанаар "Хүнсний зохих нөөц хүрэлцээтэй байгаа манай гаригт өлсгөлөн, өлөн зэлмүүн байдал гарах учиргүй бөгөөд тэжээллэг, чанар, аюулгүй хүнс хэрэглэх явдал хүн бүрийн эдлэх эрх мөн" гэжээ. Зохистой хоол, хүнсээр хангагдах эрх нь хүнсний эрх гэх ерөнхий ойлголтод багтдаг бөгөөд хүнсний эрхэд мөн өлсгөлөнгөөс ангид байх, усаар хангагдах зэрэг эрхүүд хамаардаг байна.
DetailsБоловсролын чиглэлийг сонгох эрх
“Хүүхдэдээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдэлнэ.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 26 дугаар зүйлийн 3 дахь заалт) “Энэхүү пактад оролцогч улсууд эцэг эх болон зохих нөхцөлд хууль ёсны асран хамгаалагчаас хүүхдэдээ төрийн байгууллагаас байгуулсан сургууль төдийгүй, боловсрол олгох талаар улсаас тогтоосон буюу баталсан наад захын шаардлагыг хангаж байгаа бусад сургуулийг сонгох, өөрийн итгэл үнэмшлийн дагуу шашин шүтлэг, болон ёс суртахууны боловсрол олгох боломжийг хангана.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйлийн 3 дахь заалт) Боловсролын чиглэлийг сонгох эрх нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигчээс хүүхдэдээ боловсрол олгох олон хувилбараас сонгох, сонголт хийх эрх чөлөө, боломжийг олгож буй явдал юм. Өөрөөр хэлбэл эцэг эхэд хүүхдээ ямар төрлийн боловсролын байгууллагад сургах (ашгийн болон ашгийн бус), шинжлэх ухааны ямар чиглэлийг сонгох, түүнчлэн өөрсдийн хувийн үзэл бодлын дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг олгож байгаа нь энэ эрхийн нэг онцлог юм. Хэдийгээр энэхүү эрх чөлөөг эцэг эхэд олгож, тэдний чөлөөт сонголтыг дэмжсэн ч Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хорооны 13 дугаар зөвлөмж ёсоор дараах шаардлага тавигддаг. Нэгдүгээрт, Тухайн эцэг эхийн сонгосон боловсролын байгууллага нь төрөөс тогтоосон стандартын шаардлагыг хангасан байх. Стандарт гэдэг ойлголтод элсэлтийн шалгалт, сургалтын хөтөлбөр, боловсролын гэрчилгээний хүлээн зөвшөөрөгдөх байдал зэрэг орох бөгөөд энэ нь боловсролын зорилгод нийцэх ёстой юм. Энэ эрх нь төрөөс тогтоосон стандартын шаардлагыг хангасан хувийн сургуульд төлбөртэйгөөр хүүхдээ суралцуулах эцэг эхийн сонголт хийх эрх чөлөөг хангаж байгаа болохоос үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрхийг зөрчиж байгаа явдал биш юм. Хоёрдугаарт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлийн 4-т оролцогч улс эцэг эхийн болон зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчдын үр хүүхдэдээ хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг хүндэтгэх тухай заасан. Гэхдээ энэхүү хүмүүжлийг олгож буй байгууллага нь тодорхой нэг шашин шүтлэг, итгэл үнэмшил дээр тулгуурлан сургалтын үйл ажиллагаа явуулж болохгүй юм. Түүнчлэн тухайн сургалтын үйл ажиллагаа нь шашин болон үндэс угсааны талаар аль нэг талыг барьж түүхийг гуйвуулахгүй, бодит үнэнд тулгуурласан байх ёстой. Үүнээс үзэхэд боловсролын чиглэлийг сонгох эрхэд нэг талаар эцэг эх хүүхдийнхээ боловсролын чиглэлийг сонгох давуу эрх, нөгөө талаар хүүхдийнхээ сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэхэд эцэг, эхийн үүрэг хариуцлага багтана.
DetailsАдил хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрх
“Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлийн 2 дахь заалт) “Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүр хөдөлмөрийн шударга, таатай нөхцөлөөр хангагдах эрхийг хүлээн зөвшөөрөх бөгөөд (а) бүх хөдөлмөр эрхлэгчдэд цалин хөлсийг шударгаар тогтоох, аливаа ялгаваргүйгээр адил үнэлгээтэй хөдөлмөрт тэгш цалин хөлс олгох, чингэхдээ, тухайлбал, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс доргүй хөдөлмөрлөх нөхцөлийг бий болгох, тэдний адил хөдөлмөрт нь тэгш цалин хөлс олгоно.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 7.а.i болон 7.а.ii заалт) Адил үр дүн бүхий ажилд адил хэмжээний цалин хөлс авах нь хөдөлмөрийн харилцааны суурь эрх бөгөөд олон улсын болон үндэсний эрх зүйгээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлдэг. Энэхүү эрх нь "аливаа цалин хөлсний хэмжээ, түвшин нь ажиллагчийн хүйс болон хувь хүний бусад шинж чанараас шалтгаалахгүй, харин хийж гүйцэтгэсэн ажлын бодит үнэлгээнд тулгуурлана" гэсэн зарчмыг илэрхийлдэг. Адил ажил мэргэжил, салбар, ур чадварын түвшинд хэн нэгний цалин хөлс нөгөө хүнийхээс доогуур байх нь цалин хөлсний ялгаварлан гадуурхал юм. Өөрөөр хэлбэл, энэхүү эрх нь хөдөлмөрийн харилцаанд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл зэргээр ялгаварлан гадуурхах зөрчлийг шийдвэрлэхэд чиглэдэг. Адил хөдөлмөрт адил хэмжээний цалин хөлс авах эрхийг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 1919 оны Конвенцод анх хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар уг асуудлыг хөндсөн тусгай баримт бичиг болох Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Тэгш шан хөлсний тухай 1951 оны 100 дугаар Конвенц, 90 дүгээр Зөвлөмж тус тус батлагдан хэрэгжиж байна. Мөн цагийн ажлын тухай 1994 оны 175 дугаар Конвенц, 182 дугаар Зөвлөмж, Жендэрийн тэгш байдал, тэгш цалин хөлс, эхчүүдийг хамгаалах тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2004 оны Тогтоол зэрэг нь энэхүү эрхийг хангах олон улсын эрх зүйн баталгааг бүрдүүлж байна. Статистик судалгаанаас харахад хүйсийн хооронд цалингийн ихээхэн ялгаа байдаг нь тогтоогджээ. Гэвч олонх улс оронд цалингийн ялгааг хэмжин тодорхойлох статистик аргачлал байдаггүй байна. Тиймээс адил хөдөлмөрт адил цалин хөлс олгох нь төр болон нийгмийн түншүүдийн хамтран хүлээх хариуцлага юм. Иймд адил цалин хөлсний зарчмыг хэрэгжүүлэхийн тулд ажлын байранд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгодог. Үүнд: - Ажлын ангилал, цалингийн сүлжээ нь тухайн ажлыг хийж буй хүний хувийн шинж байдлаас үл шалтгаалсан, бодит шалгуур дээр тулгуурласан байх; - Цалин хөлсийг тогтоохдоо цалин, шагналын сүлжээ, эрүүл мэндийн даатгал болон бусад тэтгэмжийг шалгуур болгох, өөр шаардлагагүй шинж байдал заахгүй байх; - Цалин хөлсийг тэгш бусаар олгож буй тохиолдол бүрд залруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх; - Ажилтнууд, ялангуяа удирдах ажилтнуудад хэн уг ажлыг хийж байгаад биш, харин хийж буй ажлын үнэ цэнд суурилан цалин хөлс олгох талаар ойлголт өгөх; - Цагаар ажиллагчдад ажлын бүтэн өдрөөр ажиллагчидтай адил тэгш цалин хөлсийг ажилласан цагт нь дүйцүүлэн олгох зэрэг болно.
Details