Гомдол

Ажил хаях эрх

"... ажил хаях эрхтэй бөгөөд түүнийгээ тухайн улсын хуульд нийцүүлэн эдэлнэ.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1(d) заалт) Ажил хаях эрх нь үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн эрхийн нэг бөгөөд үндэсний болон олон улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор байгууллага, бүлгийн төлөөлөгчдийн ажил хаях эрхийг баталгаажуулсан байдаг. Ажил хаях эрх нь хамт олноороо буюу бусадтай хамтран үзэл бодлоо илэрхийлэх эрхийн нэг хэлбэр хэмээн үздэг байна. Нөгөө талаас энэ нь хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх арга хэрэгсэл гэж үздэг. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд "ажил хаялт" гэж хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Ажил хаях эрхийн талаар Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактаас гадна Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенц, 1957 оны Албадан хөдөлмөрийг устгах тухай 105 дугаар конвенц болон 1951 оны Сайн дурын эвлэрүүлэх ажиллагаа болон арбитрын тухай 92-р зөвлөмжид тус тус заасан байдаг. 105 дугаар конвенцын 1 дүгээр зүйлд ажил хаялтад оролцсоных нь төлөө ажилтнаар бүх төрлийн албадан хөдөлмөр хийлгэхийг хориглосон байна. Монгол Улсын хувьд Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-т хууль тогтоомжид заасан журмаар жагсаал цуглаан, ажил хаялт зохион байгуулах эрхийг баталгаажуулж өгсөн байна. Ажил хаялтыг зохион байгуулах нөхцөл, журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн 119-124 дүгээр зүйлүүдээр зохицуулж ажил хаях шийдвэр гаргах, хугацаа, оролцох хүн, ажил хаялтыг зогсоох тухай тодорхой заасан байдаг. Ажил хаях эрхээ эдлэхийн тулд хамтын шийдвэр гаргах шаардлагатай. Үүнд: - Ажил хаях тухай шийдвэрийг ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүдийн буюу нийт ажилтны хурлаас гаргана. - Хуралд оролцогчдын олонх (талаас илүү) нь ажил хаяхыг дэмжсэн бол ажил хаялт зарлаж болно. - Ажил хаях шийдвэртээ дараах асуудлыг заавал тусгах зарчмыг баримталдаг. Үүнд: - ажил хаяхад хүргэсэн санал зөрүүтэй асуудал; - ажил хаялт эхлэх он, сар, өдөр, цаг, ажил хаялтын үргэлжлэх хугацаа, оролцох хүний урьдчилсан тоо; - ажил хаялтыг зохион байгуулж удирдах этгээд, маргаан шийдвэрлэхэд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүн; ажил хаялт зохион байгуулах үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон ажлын жагсаалт зэрэг болно. Ажил хаялт үргэлжилж байх үед талууд хөдөлмөрийн хамтын маргааныг эвлэрүүлж зохицуулах арга хэмжээ авах үүрэгтэй. Ажил хаялтыг зохион байгуулсан буюу Ажлын байрыг түр хаасан тал эдгээр арга хэмжээг бэлтгэх болон үргэлжлэх хугацаанд нийгмийн дэг журам, хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө хамгаалах ажиллагааг холбогдох үүрэг бүхий төрийн байгууллагын туслалцаатай хийхээр зохицуулдаг. Түүнчлэн ажил хаялтад оролцогсдын эрхийг хамгаалах зорилгоор "Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны Ажлын байранд гаднаас ажилтан авч ажиллуулсан, хэлэлцээ хийхэд оролцсон ажилтны төлөөлөгчдөд сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас нь өөрчилсөн, халсан албан тушаалтанд хариуцлага тооцдог механизмууд байдаг. Ажил хаях эрхийг зэвсэгт хүчин, цагдаагийн байгууллагын ажилтан, төрийн тодорхой албан хаагч болон тусгай үйлчилгээний ажилтнуудын хувьд хязгаарлаж болохыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенцод заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлд "Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг хориглоно." гэжээ. Цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, хотын нийтийн тээвэр, олон улс, хот хоорондын болон хотын цахилгаан холбоо, төмөр замын хөдөлгөөний албаны аж ахуйн нэгж, байгууллага ажил хаях нь улс орны аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироох тул тэдгээр байгууллагын ажилтан, албан хаагчийн ажил хаях эрхийг хязгаарладаг байна.