“Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, ...эрхтэй.”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 22 дугаар зүйлд)
“Энэхүү Пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, Хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө.”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 9 дүгээр зүйл)
“... өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй. ”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5 дахь заалт)
Нийгмийн хангамжийг илүү боловсронгуй хэлбэрээр анх Ромын эзэнт гүрний үед, тодруулбал, МЭ 98-117 онд төр барьж байсан Трайанус Август хааны үед хөгжүүлсэн гэж үздэг бол Монголын эртний хууль цаазын бичиг "Их засаг" зэрэг түүхэн эх сурвалжид өтгөс буурал, ядуус, өнчин иргэдийг энэрэн тэтгэх тухай зохицуулалт байжээ.
Хувь хүн өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэхдээ төрөөс тусламж дэмжлэг авах эрхийг нийгмийн халамж, үйлчилгээнд хамрагдах эрх гэнэ. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй гэж заасан.