Complaint

Ажлын цагаа зохистойгоор тогтоолгох эрх

“Хүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 24 дүгээр зүйл) “амрах, зав чөлөөтэй байх, ажлын цагийг зохистойгоор хязгаарлах, ээлжийн амралтыг цалин хөлстэйгөөр эдлүүлэх, баярын өдөрт цалин хөлс олгохыг хамаарна” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 7(d)заалт) Ажил хөдөлмөр цаг хугацаагаар хэмжигддэг. Тухайн хүний хөдөлмөрлөсөн цагийг Ажлын өдөр, ажлын цаг гэж нэрлэнэ. Ажиллагсдын амьдралд ихээхэн нөлөө үзүүлэх ажлын нөхцөлийн нэг элемент бол ажлын цаг юм. Ажлын цагийн үргэлжлэх хугацаанд хөдөлмөрийн эрчимжилт, үйлдвэрлэлийн технологи, шат дамжлага, ажилгүйдлийн түвшин зэрэг олон хүчин зүйлс нөлөөлж байдаг. Ажлын цагийн үргэлжлэл хэдийгээр олон янзын хэмжигдэхүүнтэй боловч ажлын цаг хязгаартай байх нь ажиллагсдын гол эрх юм. Тиймээс ажлын цагийн хэмжээ нь ямагт Олон улсын хөдөлмөрийн байгууллагын анхаарах гол асуудал байсаар ирсэн билээ. Ажлын цагийн хязгаарыг долоо хоногт 48 цаг, өдөрт 8 цаг байхаар Ажлын цагийн (Үйлдвэрлэл) тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 1 дүгээр конвенцод (1919) анх тогтоосон байдаг. Улмаар Ажлын цагийн (Арилжаа ба оффис) тухай 1930 оны 30 дугаар Конвенц, Ажлын дөчин цагтай долоо хоногийн тухай 1935 оны 47 дугаар Конвенц, Ажлын цагийг хорогдуулах тухай 1962 оны 116 дугаар Конвенцоор өнөөгийн хөдөлмөрийн стандартыг тогтоон долоо хоногийн ажлын цагийг дөч болгосон байна. Аливаа ажилтан нь хоногийн 24 цагийн турш ажиллах бололцоогүй. Учир нь унтаж амрах, хоол унд идэх зэрэг хөдөлмөрлөх чадвараа нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай тул түүний үргэлжлэх дээд хязгаарыг тодорхойлдог. Мөн ажиллах цаг хязгаартай байх нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст гэр орны болон асран халамжлах ажилд цаг зарцуулах боломж олгодог тул хүйсийн тэгш байдлыг хангах нэгэн арга хэрэгсэл гэж үздэг. Ихэнх улс орнууд нэг өдрийн болон 7 хоногийн ажлын үргэлжлэх хугацааг хязгаарлаж, нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүд, жил бүрийн ээлжийн амралтыг тогтоож өгдөг. Үүний адилаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиар долоо хоногийн Ажлын цагийг 40 хүртэл, ердийн Ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цагаас багагүй байхаар, долоо хоногийн бямба, ням гаригт нийтээр амрахаар тогтоосон байна. Шөнийн болон амралтын өдрүүдэд ажиллуулахыг аль болох хязгаарлах бодлого баримталж, жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх зарчмыг хөдөлмөрийн харилцаанд мөрдөж байна. Гэр бүлийн үүрэг хариуцлагыг анхаарч тооцоогүй Ажлын цагийн хуваарь нь гэр бүлтэй ажиллагчдыг Ажлын байран дахь үйл ажиллагаанд оролцоход нь садаа болж, улмаар ажил мэргэжилдээ өсөж хөгжих боломжийг нь хаадгаараа шууд бус ялгаварлалын шинжийг агуулдаг.