“Хүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 24 дүгээр зүйл)
“...амрах, зав чөлөөтэй байх,...”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлийн 7(d) заалт)
"... амрах.. эрхтэй.”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт)
Аливаа хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн Ажлын цагийг хязгаарлаж, үр хүүхэд, гэр бүлийн гишүүддээ анхаарал халамж тавих, өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах боломж олгох зорилгоор чөлөөт цагийг бий болгож, эдлүүлэхийг амрах эрх гэж ойлгоно. Ихэнх улс орнууд нэг өдрийн болон 7 хоногийн ажлын үргэлжлэх хугацааг хязгаарлаж, нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүд, жил бүрийн ээлжийн амралтыг тогтоож өгдөг.
Монгол Улсын хувьд амрах, зав чөлөөтэй байх эрхийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгаж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу хамтын гэрээгээр ажил, амралтын цагийн горим тогтоохоор заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар долоо хоногийн Ажлын цагийг 40 хүртэл, ердийн Ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цагаас багагүй байхаар, долоо хоногийн бямба, ням гаригт нийтээр амрахаар тогтоосон. Шөнийн болон амралтын өдрүүдэд ажиллуулахыг аль болох хязгаарлах бодлого баримталж, жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлж, ээлжийн амралтын үндсэн хугацаа нь 15 Ажлын өдөр, 18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байхаар тогтоосон.
Хөдөлмөрчин хүний эрхийг хамгаалах зорилгоор хөдөлмөрийн харилцаанд олон төрлийн зохицуулалт, эрхийн хамгаалалт хийж өгсөн байдгийн нэг нь ээлжийн амралтыг цалин хөлстэйгөөр эдлүүлэх, баяр ёслолын өдөрт цалин хөлс олгох асуудал бөгөөд энэ нь бусад олон эрхийн хамт хүний эрхийн баримт бичгүүдэд тусгагдаж баталгаажсан байдаг.
Ажлын цагийн тухай 1919 оны 1 дүгээр Конвенц, Долоо хоногийн амралтын (Үйлдвэрлэл) тухай 1921 оны 14 дүгээр Конвенц, Ажлын цагийн (Арилжаа ба Оффис) тухай 1930 оны 30 дугаар Конвенц, Цалинтай амралтын (Хөдөө аж ахуй) тухай 1952 оны 101 дүгээр Конвенц, Ажлын цагийг хорогдуулах тухай 1962 оны 116 дугаар Конвенц, Цалинтай амралтын (хянаж шинэчилсэн) тухай 1970 оны 132 дугаар Конвенц, Гэр бүлийн үүрэг хариуцлага бүхий ажиллагчдын тухай 1981 оны 156 дугаар Конвенц, Шөнийн ажлын тухай 1990 оны 171 дүгээр Конвенц, 178 дугаар Зөвлөмж зэрэг конвенц, зөвлөмжүүдээр ажлын цагийг зохистойгоор хязгаарлах, ээлжийн амралтыг цалин хөлстэйгөөр эдлүүлэх, баярын өдөрт цалин хөлс олгох зэрэг харилцааг зохицуулдаг байна.
Үндэсний хууль тогтоомжуудад ажлын болон амьдралын үндсэн нөхцөлүүдийг муутгахгүйгээр ердийн ажлын цаг, илүү цагийн зохицуулалт, амралт завсарлагааны хугацаа зэргийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд тодорхой заах ёстойг үүрэг болгосон байдаг.