Гомдол

Эвлэлдэн нэгдэх эрх

“Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй. Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 20 дугаар зүйл) “Тайван хуран цуглах эрхийг хүлээн зөвшөөрнө. Энэхүү эрхийг эдлэхэд ардчилсан нийгэмд үндэсний буюу нийгмийн аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хун амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, эсхүл бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс хуулийн дагуу тогтоосноос өөр хязгаарлалт хийж болохгүй.” (Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 21 дүгээр зүйл) “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хунийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 10 дахь заалт) Эвлэлдэн нэгдэх эрх нь зарим тохиолдолд улс төр, соёл, зугаа цэнгэл, спорт, нийгэм, хүмүүнлэгийн тусламж зэрэг өргөн хүрээг хамрах нь бий. Судлаач Жереми МакБрайд "жинхэнэ ардчилал" бий болгохын тулд нийгмийн бүхий л түвшинд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг эдлэх, нөгөө талаас эрх мэдэл бүхий этгээдийн зүгээс тус эрх чөлөөг хүндэтгэх шаардлагатайг онцолсон. Тэрээр төрийн бус байгууллагууд байгуулах нь иргэний нийгэмд маш чухал төдийгүй эдгээр байгууллага бол "эвлэлдэн нэгдсэн үйл ажиллагааны үр жимс" гэжээ. Үүний зэрэгцээ ямарваа нэгэн байдлаар нам, олон нийтийн байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө ялгаварлан гадуурхах, доромжлох, зүй бусаар харьцах явдлыг хориглодог нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг давхар хүндэтгэж байгаагийн илрэл юм. Иргэний нийгэм гэдэгт нийтлэг ашиг сонирхол, зорилго, үнэт зүйлсийн үндсэн дээрх сайн дурын хамтын үйл ажиллагааны талбарыг ойлгоно. Онолын хувьд, бүтэц байгуулалтын хэлбэр нь төр, гэр бүл, зах зээлийн хэлбэрүүдээс ялгаатай ч бодит амьдрал дээр төр, иргэний нийгэм, гэр бүл, зах зээлийн хоорондын хил зааг нь нийлсэн, тодорхой бус, холилдсон шинжтэй байдаг. Иргэний нийгэм нь дүрэм журам, бие даасан байдал, эрх мэдлийн түвшингээр ялгаатай ба орон зай, үйл ажиллагаа, бүтэц байгуулалтын төрөл бүрийн хэлбэрүүдийг агуулдаг. Иргэний нийгэмд хууль ёсоор бүрдгэгдсэн асрамжийн газар, төрийн бус байгууллага, олон нийтийн бүлэг, эмэгтэйчүүдийн байгууллага, итгэл үнэмшилд суурилсан байгууллага, мэргэжлийн холбоо, үйлдвэрчний эвлэл, хувь хүмүүсийн нэгдэл, иргэний хөдөлгөөн, бизнесийн холбоо, санаачилга, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг бүлэг зэрэг харилцан адилгүй байгууллагууд багтдаг.

Холбогдох мэдээ