Гомдол

Гэрлэх эрх

“Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьсны өнгө, үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдэлнэ.” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 16 дугаар зүйл) “...гэрлэгсэд чөлөөтэй, харилцан зөвшөөрөлцсөний үндсэн дээр гэрлэнэ.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 10 дугаар зүйлийн 1 дэх заалт) "... улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бул, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх заалт) "Гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон,эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгоно" гэж Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд заасан байдаг. Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж бөгөөд гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх ашгийг төр хамгаалах үүрэгтэй. Харин тухайн орны хуульд заасан насанд хүрсэн, эрх зүйн чадамжтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, хувийн байдалтайгаа холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр өөрсдийн сайн дурын үндсэн дээр эхнэр, нөхрөө чөлөөтэй сонгож хамтран амьдрахыг гэрлэх эрх гэнэ. Монгол Улсын тухайд зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо гэрлэх эрхтэй байдаг бол зарим улс орнууд ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг зөвшөөрдөг болсон. Гэр бүл болох, болсны дараа, гэрлэлтээ цуцлуулах үед эрэгтэй эмэгтэй хоёулаа тэгш эрх эдэлдэг. Улс болгон гэрлэлтээ баталгаажуулах насыг өөр өөрөөр зааж өгсөн байдаг. Ихэнх улс орны хуульд 18 нас гэж заажээ. Монгол Улсын Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална" гэж заасан бол Гэр бүлийн тухай хуульд "... харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно" гэж заасан байдаг. Харин өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа, гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь хуульд заасан насанд хүрээгүй, төрөл, садангийн хүмүүс хоорондоо, харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх, үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх, гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол гэр бүл болохыг хуулиар хориглодог. Гэр бүлээ хамгаалуулах эрхийг гэрлэхийг хүсэгч этгээдүүд болон гэр бүл, эцэг эх, хүүхдүүд эдлэх эрхтэй. Гэр бүлээ хамгаалуулах эрх нь маш өргөн ойлголт бөгөөд гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах зэрэг олон асуудлыг хамаардаг байна. Мөн гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг хүлээдэг.