Complaint

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх

“эрүүл, аюулгүй орчинд амьдрах... эрхтэй.” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалт) Орчин гэдэг нь байгалиас түүнчлэн хүний гараар бүтсэн тухайн хүний болон хүний олонлогийн эргэн тойрныг хамруулсан ойлголт юм. Тэр дундаа эрүүл, аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамал зэрэгт хамаарах өргөн хүрээтэй ойлголт юм. Хүмүүс эдгээрийг зааглахдаа "хүний эрүүл, аюулгүй орчин" гэх ойлголтыг бий болгожээ. Эрүүл, аюулгүй орчин нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломж юм. Эрүүл орчин нь гол төлөв байгалийн тэнцэл, хүрээлэн буй орчны төлөв байдал дээр яригддаг бөгөөд агаар, ус, газар болон үүнтэй холбоотой бусад өргөн хүрээний хүчин зүйлсийг авч үздэг. Аюулгүй орчин нь нийгэм - улс төрийн шинжтэй ойлголтыг илэрхийлэх бөгөөд үүний наад заахын шаардлага нь нийгэм - улс төрийн шинжтэй хүчирхийллээс ангид байх, хүчирхийллийн үед төрийн онцгой бүрэн эрхийг хууль ёсны хүрээнд хэрэгжүүлэх, олон нийтийн хэв журмыг хангах, бие махбодын аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бүрдүүлэхэд оршино. Үндсэн хуульт ёс тогтсоноор хүний үндсэн эрх, эрх чөлөөг улс орнууд Үндсэн хуульдаа баталгаажуулсан нь хүний эрхийн хөгжлийн эхний үе шаманд хамаардаг. Харин эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь хүн амьд явах эрхээ эдлэхтэй нягт холбоотой агаад орчин үеийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжилтэй уялдан хүний эрхийн хөгжлийн гурав дахь үе шаманд бий болжээ. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 1966 онд баталсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад "...орчны болон үйлдвэрлэлийн эрүүл ахуйг бүх талаар сайжруулах..."-ыг оролцогч улс бүрд үүрэг болгосон нь цаашлаад хүрээлэн буй орчны гэгдэх энэхүү эрх бий болох үндсийг тавьсан байна. 1972 оны 6 дугаар сард Хүний хүрээлэн буй орчны талаар хуралдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын чуулга уулзалт Шведийн нийслэл Стокольм хотноо болж, уг чуулга уулзалтаар Хүрээлэн буй орчны тухай Стокольмын тунхагийг баталсан байна. Энэхүү баримт бичгийг хүрээлэн буй орчны эрхийн үндсийг тавьсан анхны баримт бичиг гэж үздэг. Тунхагийн суурь зарчмуудын 1 дүгээрт: "Хүн бүр эрхэмсэг, сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг дээд зэргийн орчинд эрх чөлөөтэй, эрх тэгш байх, амьдралын таатай нөхцөлөөр хангагдах үндсэн эрхтэй агаад одоо ба хойч үеийнхээ төлөө хүрээлэн буй орчноо хамгаалах, хөгжүүлэх журамт үүргийг хүлээнэ." гэж заажээ. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг онцлон хамгаалах болсон шаардлага бол нийгмийн хөгжлийн аж үйлдвэржилтийн байгууллын үр дагавар бөгөөд техникийн болон мэдээллийн зууны соёл иргэншлийн гарцаагүй үр дагавар мөн ажээ. Өнөөдөр Хүрээлэн буй орчныг хамгаалах төрийн үүргийг 140 улсын Үндсэн хуульд, хүрээлэн буй орчны эрхийг 86 улсын Үндсэн хуульд баталгаажуулсан байна. Эрх зүйн онолын үүднээс үзвэл энэ нь хүний үндсэн эрхийн шинжийг агуулж байна. Иргэний болон улс төрийн эрх буюу шүүхийн албадлагаар сэргээх боломжтой хүний үндсэн эрхийг негатив эрхэд хамааруулдаг. Харин төрийн зүгээс тухайн эрхийг эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар хэрэгжилтийг хангах эрхэд эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамааруулах нь бий. Эдгээр эрхийг позитив эрх гэж үздэг. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2-т заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх нь негамив болон позитив эрхийн аль алиных нь шинжийг агуулснаараа онцлог юм. Тодруулбал, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах явдал нь угаас негамив эрхийн шинжийг илэрхийлж байгаа бол, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь төрийн оролцоотойгоор хэрэгжих позитив эрхийн шинжийг хадгалж байна.

Related News