“...өв залгамжлуулах эрхтэй.”
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалт)
Эрх зүйн сонгодог онолд өв залгамжлуулах эрхийг ойлгохдоо тухайн өмчлөгч этгээдийн эрх дуусгавар болохгүйгээр, түүний өмчлөх эрхийг өөр нэг этгээд түүний нэрийн өмнөөс хэрэгжүүлэх боломж гэж үздэг.
Монголчуудын эрт үеэс уламжилж ирсэн өмч хөрөнгө өвлөх заншил ёсоор өрхийн тэргүүн бүх өв хөрөнгийн эзэн гэж тооцогддог ба түүнийг нас бармагц ахмад хүүд эцгийн өв хөрөнгийг залгамжлах эрх үүсдэг. Тэрээр эцгийн өв хөрөнгийн тэн хагасыг өмчилж, дүү нар нь үлдсэн хэсгийг хувааж өмчилдөг байв. Өрх гэрийн гал голомт, бурхан шүтээн, биет бус зүйлс отгон хүүд өвлөгдөх заншил ч бий.
Монгол Улсын Үндсэн хуульд өмчлөх эрх, өв залгамжлуулах эрхийг нэг заалтад, хамт баталгаажуулсан нь өмчлөх эрх, өв залгамжлуулах эрхийн хоорондын хамаарлыг илэрхийлсэн шинжтэй юм. Монгол Улсад өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө хуульд заасны дагуу болон гэрээслэлээр өв залгамжлуулан үлдээж болдог. Өв залгамжлалын харилцаа нь өвлүүлэгч, өвлөгч гэсэн субъектийн хооронд явагддаг бөгөөд эрх зүйн харилцаанд тухайн иргэний хэрэгжүүлж байгаа эрх, үүрэг, хариуцлагыг өөр этгээдэд шилжүүлэх факт бий болсон, тодруулбал, өмчлөгч нас барах, нас барсанд тооцогдсон үед хэрэгжинэ. Гэрээслэгч - өвлүүлэгч, өв залгамжлагчийн эрх, үүрэг нь өвийн замаар шилжих бөгөөд өмчлөх эрх хэрэгжих хэлбэрүүдийн нэг чухал илэрхийлэл болдог байна.
Хуульд зааснаар өв залгамжлах эрх нь хууль тогтоогчийн тогтоосон нөхцөл журмын дагуу өв залгамжлахыг хэлдэг. Энэ нь өв залгамжлуулагчийн хүслийг илэрхийлдэггүй бөгөөд гэрээслэл үйлдээгүй, эсвэл үйлдсэн гэрээслэл нь хүчин төгөлдөр бүст тооцогдсон, устаж үгүй болсон, гэрээслэлд заасан өв залгамжлагч байхгүй болсон зэрэг нөхцөл бүрдсэн үед хэрэглэгддэг. Энэ тохиолдолд эд хөрөнгийг субъектүүдэд адил хэмжээгээр өвлүүлэх бөгөөд эдгээр субъект нь нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх болно.
Гэрээслэлээр өв залгамжлах эрх нь гэрээслэлийн тусламжтайгаар өв залгамжлуулагчийн тодорхойлсон нөхцөл журмын дагуу өв залгамжлагчид өв шилжихийг хэлдэг. Өв залгамжлуулагч гэрээслэлдээ өв залгамжлагчаа тодорхой заахаас гадна түүний эрх, үүргийг тодорхойлж өгдөг. Иргэний эрх зүйн үүднээс авч үзвэл гэрээслэл нь нэг талын хэлцэл бөгөөд гэрээслэлд зөвхөн гэрээслэгчийн хүсэл зориг илэрхийлэгдэх ёстой.