Гомдол

Сурч боловсрох эрх

“Хүн бүр сурч боловсрох эрхтэй. ” (Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 26 дугаар зүйлийн 1 дэх заалт) “Энэхүү пактад оролцогч улс Хүн бүр сурч боловсрох эрхийг хүлээн зөвшөөрнө.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйлийн 1 дэх заалт) “сурч боловсрох эрхтэй. ” (Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалт) Боловсрол нь өөрөө хүний эрх бөгөөд бусад эрх, эрх чөлөөг хангах үндэс суурь болдог. Мянганы хөгжлийн зорилтуудын талаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын баримт бичгүүдэд "Боловсрол бол хүний эрх бөгөөд үгээгүй ядуу байдал, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдлыг багасгах, ардчилал, энх тайван хүлээцтэй байдал, хөгжлийг дэмжих гол хүчин зүйл мөн" гэж тодорхойлсон байдаг. Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын 1 дүгээр зүйл, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 29 дүгээр зүйлд боловсрол нь дараах зорилгод чиглэгдэх ёстойг заасан байдаг. Үүнд: нэгдүгээрт, хүний авьяас чадварыг хөгжүүлэх, соёл иргэншил, хэл, үнэт зүйлс, хүний эрхийн зарчмыг хүндэтгэх, байгаль орчныг хайрлан хамгаалах үзлээр хүмүүжүүлэх, хоёрдугаарт, бүх хүмүүсийг нийгэмд илүү үр нөлөөтэйгөөр оролцохыг чадваржуулах, гуравдугаарт, тэгш эрх, хүн хүнээ хүндэтгэх, үндэстэн ястан, шашны бүлгүүдийн эв найрамдал, хоорондын ойлголцлыг дээшлүүлэх. Сурч боловсрох эрхийн агуулгад: -Хүн бүрд бага боловсролыг заавал, үнэ төлбөргүй олгох; -Үнэ төлбөргүй боловсрол олгох шаардлагатай арга хэмжээг авах замаар техникийн болон тусгай мэргэжлийн боловсролыг оролцуулан дунд боловсролыг нийтэд хүртээлтэй болгох; -Авьяас чадвартай нь уялдуулан хүн бүрд дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох; -Хүүхдэд олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдлэх; -Төрөөс тогтоосон шаардлагыг хангаж байгаа тохиолдолд хувь этгээд буюу байгууллагаас сургууль байгуулах; -Анхан шатны боловсролгүй буюу бага сургууль төгсөөгүй хүмүүс боловсролын анхны мэдэгдэхүүнтэй болгох явдлыг дэмжих, эрчимжүүлэх зэрэг ойлголт орно. Сүүлийн жилүүдэд ЮНЕСКО-гийн Бүх нийтийн боловсрол (1990), Боловсролын талаарх Дакарын тунхаглал (2000) зэрэг баримт бичгүүдэд хүн зөвхөн сурч боловсрох эрхтэй төдийгүй чанартай боловсрол эзэмших эрхтэй болохыг заасан байдаг. Сурч боловсрох эрх нь позитив эрх тул уг эрхийг хангах, хэрэгжүүлэхэд төрийн үүрэг хариуцлага чухлаар тавигддаг. Сурч боловсрох эрхийн талаар төрийн хүлээх үүргийг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооны 13 дугаар зөвлөмжид хүн бүрд боловсрол олгохын тулд боловсрол нь боломжтой, хүртээмжтэй, хүлээж авахуйц, амьдралд тохирохуйц байх гэсэн 4А- гийн зарчмаар тайлбарласан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7 дахь заалтад сурч боловсрох эрхийг баталгаажуулж, төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгох, иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болохыг заасан. Түүнчлэн Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн хүрээнд сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон бусад харилцааг зохицуулсан байна. Үүнээс үзэхэд манай улс сурч боловсрох эрхийг минимум стандартаас давуу байдлаар хуульчлан баталгаажуулжээ. Тухайлбал, хүний эрхийн олон улсын баримт бичгүүдэд наад зах нь бага боловсрол үнэ төлбөргүй байх талаар заасан байна. Манай улсын тухайд ерөнхий боловсролыг иргэн бүр үнэ төлбөргүй эзэмших, үүргийг хүлээдэг.

Холбогдох мэдээ