Дархан-Уул аймагт байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны албан бус тоогоор 200 гаруй хүүхэд амьдарч байна. Харин эдгээр хүүхдүүд бие эрхтэний согог болон нийгмийн саад бэрхшээлийн улмаас сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцож чадахгүй гэртээ байна.
Энэ асуудлыг хөндөж байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нарын төлөөлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э. Болортуяа, Бүх нийтийн боловсролын сайн сайханы төлөө эвсэлийн Дархан салбар хамтран "Байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны хүүхдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт" сэдвийн хүрээнд "Хүүхдийн эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг байнгын асаргаа шаардлагатай эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөл, хүний эрхийн хуульч, Дархан-Уул аймгийн Аутизмын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний төв, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Дархан сумын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбар комисс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нийт 26 төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.
Уулзалт байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны хүүхдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийн талаар эцэг, эх, асран хамгаалагч нарын зүгээс байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны хүүхдүүдэд зориулсан асрахуйн хөгжлийн төв байхгүй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд өдөр хоногийг гэртээ өнгөрүүлж, нийгмийн хөгжлийн гадна орхигдож, хүнд хэцүү сорилт бэрхшээл байсаар нийгмийн амьдралд оролцох, хамгаалуулах, хөгжих эрхээ эдэлж чадахгүй, үе тэнгийнхнээсээ тусгаарлагдан гадуурхагдаж байгааг илэрхийллээ.
Мөн асран хамгаалагчийн зүгээс болон оролцогч төрийн байгууллагуудын төлөөлөл уулзалтыг цаг үеэ олсон, үр дүнтэй уулзалт болсонг онцоллоо.
Тус уулзалтад "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт" сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын Дархан-Уул аймаг дахь референт Э.Болортуяа, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусыг хөгжүүлэх-25 жилийн туршлага" сэдэв Орхон аймаг дахь "Найдвар төв" НҮТББ-ын тэргүүн Г.Ганчимэг, "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх судалгааны талаар" "Эх үр амгалан байг" НҮТББ-ын гүйцэтгэх захирал О.Бямбасүрэн, Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн асуудлаар асран хамгаалагч, Д.Оюунбилэг, ахмад настан асран хамгаалагч Н.Давхарбаяр нар тус тус мэдээлэл өглөө.
Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч болон оролцогчид аймгийн хэмжээнд холбогдох байгууллагууд байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн тоон мэдээлэл зөрүүтэй, энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах хэрэгтэйг онцолж байв.
Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр Дархан-Уул аймаг дахь Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх тойм мэдээллийг хүргүүлдэг бөгөөд 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01/1164 дугаар "Дархан-Уул аймаг дахь Хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлын талаарх тойм мэдээлэл" албан бичгийг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн нарийвчилсан бодлого, хөтөлбөрийг тусгах, хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах үйл ажиллагаанд санхүүжилтийг анхаарч нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангаж эдлүүлэх төрийн үүргийг хэрэгжүүлэхийг дурдсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймагт байнгын асаргаа шаардлагатай 7-18 насны хүүхдийн хүүхдийн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийн хэрэгжилт хангалтгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуульд гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг төр хүлээсэн бөгөөд хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхтэй. 










