Санамж: Энэхүү тойм нь олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Гомдлын агуулга: Иргэн Л.Л нь төрийн албанд 9 жил ажилласан бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр удаан хугацааны сургалтад хамрагдахаар төрийн албанаас түр чөлөөлөгдсөн. Улмаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт гаргасан боловч “төрийн албаны нөөцөд байгаа” гэх үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан нь хууль бус, эрх зөрчсөн гэж гомдол гаргасан.
Дүгнэлт: Шалгалтаар төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байх нь тухайн иргэнийг бодитоор хөдөлмөр эрхэлж байгаа гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд “ажилгүй”, “ажил идэвхтэй хайж байгаа” нөхцөлийг үгүйсгэхгүй болох нь тогтоогдсон. Иймд ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн, хуульд заасан шаардлага хангасан иргэний ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийг “төрийн албаны нөөцөд байгаа” гэх үндэслэлээр хязгаарласан нь: Монгол Улсын Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахгүй байх зарчим, Нийгмийн даатгалд хамрагдах эрх, Сурч боловсрох эрх, Олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажсан нийгмийн хамгааллын эрх зэрэг хүний эрхийн баталгааг зөрчсөн байна.
Зөвлөмж: Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нийгмийн даатгалын ерөнхий газарт дараах зөвлөмжийг хүргүүлсэн. Үүнд: Даатгуулагч иргэнд ээлтэй байдлаар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар хууль санаачлагч байгууллагад санал хүргүүлэх; Иргэн Л.Л-ийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн асуудлыг дахин судалж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах.
Зөвлөмжийн биелэлт: Нийгмийн даатгалын ерөнхий газраас Комиссын зөвлөмжийг хүлээн авч, иргэн Л.Л-ийн асуудлыг дахин хянан үзэж, 2026 оны 01/128 дугаар албан бичгээр ажилгүйдлийн тэтгэмжийг нөхөн олгох шийдвэр гаргасан. Улмаар тухайн иргэнд 5,719,493 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг олгож, зөрчигдсөн эрхийг сэргээн хангажээ.
Зөвлөмжийн тойм № ....
Огноо: 2026.01.06
Дугаар: № 01/492
Төлөв: Хэрэгжүүлсэн