"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Комиссын дарга, Говь-Алтай аймгийн Засаг даргын хамтарч баталсан удирдамж, хөтөлбөрийн дагуу 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тус нээлттэй өдрийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын хүний эрхийн гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилт, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх, хяналт шалгалт хийх, олон нийтэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, уулзалт зохион байгуулах, өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, Комиссын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах цогц арга хэмжээг хэрэгжүүллээ. 

Тухайлбал, Хүний эрхийн боловсролыг дэмжих хүрээнд төрийн байгууллагуудын удирдлагуудад “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг, аймгийн төвийн ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Хантайшир эрдэм-цогцолбор сургууль, Мэргэжлийн боловсролын сургуулийн төлөөлөл ахлах ангийн 185 сурагчийг хамруулан “Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх” талаар кино хэлэлцүүлэг, сургалтыг, ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ухааны багш, цэцэрлэгийн эрхлэгч, бусад төрийн байгууллагын нийгмийн ажилтнуудад “Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулсан байна.



Мөн нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд аймгийн Түр хамгаалах байр, Телекамерын хяналтын дэд төв, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүх шинжилгээний хэлтэс, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 341 дүгээр ангийн үйл ажиллагаатай тус тус танилцаж, хүнийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өглөө.



Түүнчлэн Комиссын чиг үүрэг, үйл ажиллагааг таниулж, хүний эрхийг хангах, хамгаалахад иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлын талаар харилцан мэдээлэл солилцож, санал, шийдлийг хэлэлцэх “Иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтаар Говь-Алтай аймагт Комиссын дэргэдэх иргэний нийгмийн байгууллагын дэд зөвлөлийг байгуулж хамтарч ажиллах талаар ярилуаж, орон нутагт тулгамдсан хүний эрхийн тулгамдсан асуудлын талаар оролцогчдын санал, хүсэлтийг сонсслоо.

Нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг явуулж, шалгалтаар сурч боловсрох эрхийн хүрээнд сургалтын орчин, үйл ажиллагаа, аюулгүй байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хөдөлмөрийн харилцааг зохицуулах журам, эрх зүйн актууд, хүний нөөцийн ил тод байдал, ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлого, мэдээллийн хүртээмжид дүн шинжилгээ хийсэн байна.

