Гомдол

Өлсгөлөнгөөс ангид аж төрөх эрх

“Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүрийн өлсгөлөнгөөс ангид аж төрөх үндсэн эрхийг хүлээн зөвшөөрч, тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэхийг оролцуулан, дангаараа буюу олон улсын хамтын ажиллагааны хэлбэрээр шаардлагатай арга хэмжээг ...авна.” (Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 2 дахь заалт) Хүн бүр эрүүл саруул өсөж хөгжих, амьдрахад шаардагдахуйц хэмжээний хоол хүнсээр хангагдах, олж авах боломжтой байхыг өлсгөлөнгөөс ангид аж төрөх эрх гэнэ. Өлсгөлөнгөөс ангид байх эрх нь нэг талаас төрөөс, нөгөө талаас хувь хүнээс өөрөөс нь хамаарна. Төрөөс иргэдээ зохистой хоол хүнсээр хангах бодлогыг хэрэгжүүлж, хүнд зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнсний нөөцийг бий болгох ёстой. Харин хувь хүн өөрөө ажил, хөдөлмөр эрхэлж, орлого олж, хоол хүнсээ олж авах эрхтэй. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалд "Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй", Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактад "хүн бүр өлсгөлөнгөөс ангид байх үндсэн эрхтэй" гэж заасан байдаг. Энэ эрх нь дээрх Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын эрхтэй салшгүй холбоотой юм. Зохистой хоол хүнсээр хангагдах эрх гэдэг нь хүн бүр хүрэлцэхүйц хоол хүнсээ олж авах болон түүнд нийцсэн бие бялдар болон эдийн засгийн чадвартай байхыг хэлнэ.