“Хүн бүр хоол хүнс ... оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хэрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. ”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 25 дугаар зүйл)
“Энэхүү Пактад оролцогч улсууд Хүн бүрийн болон түүний өрх гэрийн хүрэлцээтэй хоол хүнс, хувцас, орон сууцыг оролцуулан, амьдралын хүрэлцээтэй түвшинд аж төрөх, амьдралынхаа нөхцөлөө байнга сайжруулах эрхийг нь хүлээн зөвшөөрнө. ”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 11 дүгээр зүйлийн 1 дэх заалт)
Дэлхийн улс орон, ард түмэн бүр өөрийн гэсэн онцлог, үндэсний соёл, зан заншлаас шалтгаалан их, бага харилцан адилгүй хоол, хүнс хэрэглэдэг. Гэхдээ хүн бүр зохистой хоол хүнсээр хангагдах эрхтэй бөгөөд ямар ч тохиолдолд хоол хүнс хүрэлцээтэй түвшинд байх асуудал нэн тэргүүнд тавигддаг. Түүнчлэн хоол хүнс аюулгүй, шим тэжээлтэй байх ёстой бөгөөд чанар, хүртээмж нь тухайн хүний өдөр тутмын хэрэгцээг хангахуйц байхыг шаарддаг.
Зохистой хоол хүнсээр хангагдах эрхийг тодорхойлбол, хүн амьдралынхаа туршид өөрийн хэрэгцээг бүрэн хангахуйц хоол хүнсээ олж авах бие бялдар болоод эдийн засгийн чадвартай байх явдал юм. Нөгөө талаас төр хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэнд, аж амьдрал доройтохуйц нөхцөл байдалд оруулахгүй байх үүргийг хүлээх ба хүн өөрөөс үл хамаарах шалтгаанаар тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол зэргээс ангид байхыг ойлгоно.
Монгол Улсын Үндсэн хуульд хүнсний эрхийн талаар шууд тодорхойлсон заалт байхгүй ч хүн бүрийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах эрх нь хоол хүнсээр хангагдах эрхтэй шалтгаант хамааралтай юм.
Итали улсын Ром хотноо 1992 онд болсон Олон улсын хоол тэжээлийн бага хурлаас гаргасан тунхаглалд дурдсанаар "Хүнсний зохих нөөц хүрэлцээтэй байгаа манай гаригт өлсгөлөн, өлөн зэлмүүн байдал гарах учиргүй бөгөөд тэжээллэг, чанар, аюулгүй хүнс хэрэглэх явдал хүн бүрийн эдлэх эрх мөн" гэжээ.
Зохистой хоол, хүнсээр хангагдах эрх нь хүнсний эрх гэх ерөнхий ойлголтод багтдаг бөгөөд хүнсний эрхэд мөн өлсгөлөнгөөс ангид байх, усаар хангагдах зэрэг эрхүүд хамаардаг байна.