“Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 27 дугаар зүйлийн 2 дахь заалт)
“Өөрийнхөө туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны аливаа бүтээлтэй холбогдон үүссэн ёс суртахууны болон эд материалын ашиг сонирхлыг хамгаалуулах”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 (с) заалт)
“...соёл, урлаг, шинжлэх ухааны уйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
(Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 8 дахь заалт)
"Шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын аливаа бүтээл" гэдгийг Эдийн засаг, нийгэм соёлын хороо тайлбарлахдаа шинжлэх ухааны зохиол бүтээл, шинэ санаа, түүний дотор уугуул иргэдийн болон орон нутгийн ард олны санаачилга, ёс заншил, яруу найраг, тууж, уран зураг, уран баримал, хөгжмийн зохиол, театр киноны бүтээл, тоглолт, аман зохиол гэх мэт утга зохиолын болон урлаг соёлын зэрэг хүний оюун санааны бүтээлийг заана хэмээжээ.
Түүнчлэн "хамгаалуулах" гэдэгт хамгаалалтын арга хэлбэрийг ялгаж онцлолгүйгээр зохиогчийн шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлийнхээ оюун санааны болон материаллаг ашиг сонирхлыг ямар байдлаар хамгаалуулахын үр шимийг хүртэх эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ хамгаалалт нь тухайн бүтээлээс үүдэн гарах зохиогчийн оюун санааны (ёс суртахууны) болон материаллаг эрх ашгийг баталгаажуулж л байвал хамгаалалт нь зохиогчийн эрх, патент болон бусад оюуны өмчийн хэлбэрүүдэд байдаг хамгаалалтын түвшин, арга замтай адил байх албагүй.
Эдийн засаг нийгэм соёлын хороо шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлээс бий болох оюуны болон материаллаг ашиг сонирхлоо хамгаалуулахын үр шимийг хүн бүр хүртэх эрхийг хүлээн зөвшөөрснөөр 15 дугаар зүйлийн 1(с) хэсэг нь бусдын эдлэх пактын эрхийг зүй бусаар хязгаарлаагүй бол төр зохиогчийн оюуны болон материаллаг ашиг сонирхлыг хамгаалах талаарх олон улсын гэрээнд буюу дотоодынхоо хууль тогтоомжид илүү өндөр хамгаалах стандарт тогтооход ямар нэгэн байдлаар хориг тавиагүй байна.
Зохиогчийн "Оюун санааны ашиг сонирхол"-ыг хамгаалах нь урлаг соёл, утга зохиол, шинжлэх ухааны бүтээлийн зохиогч, бүтээгчид нь хөдөлмөрийнхөө хөлснөөс гадна бүтээл болон эсвэл алга болохгүй нээлтийнхээ оюун санааны эрхийг уг бүтээл нь нийт хүн төрөлхтний нийтийн өмч болсны дараа ч бас хадгална хэмээсэн утгатай.
Хороо 15 дугаар зүйлийн 1(с) хэсэг дэх "оюун санааны ашиг сонирхол" гэдэгт зохиогчдын шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлийн бүтээгч гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх болон тухайн бүтээлийн утга санааг гажуудуулах, алдагдуулах буюу бусад хэлбэрээр өөрчлөх, эсвэл үүнтэй холбоотойгоор гутаах, үүгээрээ нэр төр, алдар хүндэд нь хортой аливаа үйлдлийг эсэргүүцэх эрхийг хамааруулсан байна.
Зохиогчийн "Материаллаг ашиг сонирхол"-ыг хамгаалах гэдэг нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 17 дугаар зүйл болон бүс нутгийн хүний эрхийн баримт бичгүүдэд зааснаар өмчтэй байх эрх, аливаа ажилчны тохирох цалин хөлс авах эрхтэй нягт холбоотойг харуулж байна. Хүний бусад эрхээс ялгаатай нь зохиогчийн материаллаг ашиг сонирхол нь бүтээгчийнхээ зан чанарын илэрхийлэлтэй шууд холбогддоггүй, харин амьжиргааны зохих түвшинд амьдрах эрхээ эдлэхэд хувь нэмэр болдог байна. 15 дугаар зүйлийн 1 (с) хэсэг ёсоор материаллаг эрх ашгийг хамгаалах гэдэг нэр томьёо зохиогчийн бүхий л амьдрах хугацааг хамрах албагүй.
Харин зохиогчийн амьжиргааны зохистой түвшинд амьдрах эрхээ эдлэх боломж олгох зорилгод нэг удаа төлбөр хийснээр буюу шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлээ ашиглах онцгой эрхтэйгээр зохиогчид хэсэг хугацаанд хөрөнгө оруулалт хийснээр хүрч болно.
"Үүдэн гарах" (холбогдон үүсэх) гэдэг үг нь зохиогч зөвхөн шинжлэх ухаан, утга зохиол, урлаг соёлын бүтээлээсээ шууд үүссэн оюун санааны эрх ашгийг хамгаалуулахаас үр шим хүртэхийг онцолж байна.