“Хүүхдэдээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдэлнэ.”
(Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 26 дугаар зүйлийн 3 дахь заалт)
“Энэхүү пактад оролцогч улсууд эцэг эх болон зохих нөхцөлд хууль ёсны асран хамгаалагчаас хүүхдэдээ төрийн байгууллагаас байгуулсан сургууль төдийгүй, боловсрол олгох талаар улсаас тогтоосон буюу баталсан наад захын шаардлагыг хангаж байгаа бусад сургуулийг сонгох, өөрийн итгэл үнэмшлийн дагуу шашин шүтлэг, болон ёс суртахууны боловсрол олгох боломжийг хангана.”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 13 дугаар зүйлийн 3 дахь заалт)
Боловсролын чиглэлийг сонгох эрх нь эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигчээс хүүхдэдээ боловсрол олгох олон хувилбараас сонгох, сонголт хийх эрх чөлөө, боломжийг олгож буй явдал юм. Өөрөөр хэлбэл эцэг эхэд хүүхдээ ямар төрлийн боловсролын байгууллагад сургах (ашгийн болон ашгийн бус), шинжлэх ухааны ямар чиглэлийг сонгох, түүнчлэн өөрсдийн хувийн үзэл бодлын дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг олгож байгаа нь энэ эрхийн нэг онцлог юм. Хэдийгээр энэхүү эрх чөлөөг эцэг эхэд олгож, тэдний чөлөөт сонголтыг дэмжсэн ч Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хорооны 13 дугаар зөвлөмж ёсоор дараах шаардлага тавигддаг.
Нэгдүгээрт, Тухайн эцэг эхийн сонгосон боловсролын байгууллага нь төрөөс тогтоосон стандартын шаардлагыг хангасан байх. Стандарт гэдэг ойлголтод элсэлтийн шалгалт, сургалтын хөтөлбөр, боловсролын гэрчилгээний хүлээн зөвшөөрөгдөх байдал зэрэг орох бөгөөд энэ нь боловсролын зорилгод нийцэх ёстой юм. Энэ эрх нь төрөөс тогтоосон стандартын шаардлагыг хангасан хувийн сургуульд төлбөртэйгөөр хүүхдээ суралцуулах эцэг эхийн сонголт хийх эрх чөлөөг хангаж байгаа болохоос үнэ төлбөргүй боловсрол эзэмших эрхийг зөрчиж байгаа явдал биш юм.
Хоёрдугаарт, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18 дугаар зүйлийн 4-т оролцогч улс эцэг эхийн болон зохих тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчдын үр хүүхдэдээ хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу шашны болон ёс суртахууны хүмүүжил олгох эрх чөлөөг хүндэтгэх тухай заасан. Гэхдээ энэхүү хүмүүжлийг олгож буй байгууллага нь тодорхой нэг шашин шүтлэг, итгэл үнэмшил дээр тулгуурлан сургалтын үйл ажиллагаа явуулж болохгүй юм. Түүнчлэн тухайн сургалтын үйл ажиллагаа нь шашин болон үндэс угсааны талаар аль нэг талыг барьж түүхийг гуйвуулахгүй, бодит үнэнд тулгуурласан байх ёстой. Үүнээс үзэхэд боловсролын чиглэлийг сонгох эрхэд нэг талаар эцэг эх хүүхдийнхээ боловсролын чиглэлийг сонгох давуу эрх, нөгөө талаар хүүхдийнхээ сурч боловсрох эрхийг хэрэгжүүлэхэд эцэг, эхийн үүрэг хариуцлага багтана.