“...Үйлдвэрчний эвлэлээс үндэсний холбоо, нэгдэл байгуулах эрх, түүнчлэн үндэсний холбоо, нэгдлээс олон улсын үйлдвэрчний байгууллагыг үүсгэх буюу түүнд нэгдэн орох эрхтэй. ”
(Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 1(b) заалт)
Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрх нь ажиллагчид, ажил олгогчид хөдөлмөрлөх эрхээ чөлөөтэй эдлэх, ашиг сонирхлоо илэрхийлэх, хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэхэд чиглэсэн суурь зарчим юм. Тиймээс мэргэжил, үйлдвэрлэлийн шинж болон нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулагдсан Үйлдвэрчний эвлэлүүд нь үндэсний холбоо, нэгдэл байгуулан үйл ажиллагаагаа нэгтгэн зохион байгуулах эрхийг баталгаажуулсан байдаг.
Дэлхийн өнцөг булан бүрд ажилчдын эрх ашгийг хамгаалах шаардлагаар үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнүүд идэвхтэй ажиллаж, шийдвэр гаргагчид болон ажил олгогчдод хүчтэй нөлөөг үзүүлж, бодлогыг өөрчлөхийг зорьдог.
Ажиллагчдын эрхийг дэмжих, хамгаалахын тулд үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд нэгдэн нийлэх нь илүү үр дүнтэй ажиллах үндэс суурь болдог. Тиймээс хөдөлмөрлөх эрх ашигтай холбоотой гарах зөрчил дутагдлыг арилгахын тулд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд салбар хоорондоо төдийгүй улс орны, мөн олон улсын хэмжээнд эвлэлдэн нэгдэж, хамтын үйл ажиллагаа явуулдаг. Ажиллагчид холбоо байгуулахтай холбоотойгоор ялгаварлан гадуурхлаас хамгаалагдсан байх ёстой.
Мөн ажиллагсдын болон ажил олгогчдын байгууллагууд нь хэн нэгнийгээ давамгайлах, санхүүжүүлэх болон хянах зорилгоор бие биеийнхээ хэрэгт харилцан оролцох үйлдлээс хамгаалагдсан байна.
Энэхүү эрхийг Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 1948 оны 87 дугаар Конвенц, Ажилчдын төлөөлөгчдийн тухай 1971 оны 135 дугаар Конвенц, Хамтын хэлэлцээрийн тухай 1981 оны 154 дүгээр Конвенц, 163 дугаар Зөвлөмж зэрэгт тусгайлан зааж, баталгаажуулсан байдаг. Ажиллагчид ба ажил олгогчид өөрсдийн сонголтоор байгууллага байгуулах, эсхүл түүнд нэгдэн орох эрхтэй. Байгууллагууд нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- Өөрсдийн дүрэм журмыг боловсруулан хэрэгжүүлэх;
- Төлөөлөгчдөө бүрэн, чөлөөтэй сонгох;
- Захиргаа болон үйл ажиллагаагаа зохион байгуулах, хөтөлбөрөө томьёолох;
- Захиргааны журмаар тараалгах буюу үйл ажиллагаагаа түр зогсоолгохгүй байх;
- Эвсэл холбоо байгуулах эсхүл буюу түүнд нэгдэн орох.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь тэгш боломж олгох, тэгш хандах тухай дараах чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлдэг байна.Үүнд:
- Тэгш боломж олгох, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах, гэр бүлд ээлтэй зохицуулалтын асуудлыг хамтын хэлэлцээний гэрээнд тусган оруулах хэлэлцээ хийх;
- Тэгш боломж олгох, тэгш хандах тухай бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хянахад удирдлагамай хамтран ажиллах;
- Үйлдвэрчний эвлэлийн байгууллага төлөөлөгч, гишүүдийнхээ хүрээнд тэгш боломж, тэгш хандлагыг, хүйсийн тэнцвэртэй төлөөллийг бий болгох ёстой.
Гэвч олон орны эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний тухай хууль тогтоомж нь газар тариалангийн салбарт, экспортын бүтээгдэхүүн боловсруулалтын бүс болон албан бус салбарт ажиллагчид, шилжин ажиллагчид, гэрийн үйлчлэгч зэрэг ажиллагчдыг эрх зүйн хамгаалал хүртэх боломжийг олгохгүй байгаа нь өнөөгийн анхаарал татсан асуудал болж байна.Иймд үйлдвэрчний эвлэл өнөөг хүртэл зохион байгуулагдаагүй байгаа ажиллагчдад хүрч, үйл ажиллагааг нь өргөжүүлэх шаардлагатай байна гэж үздэг.