Гомдол
Комиссын дарга, гишүүдтэй НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк уулзлаа

Комиссын дарга, гишүүдтэй НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк уулзлаа

2026.05.10 83
Сонсох

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түрк 5 дугаар сарын 10–11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд тэрбээр 5 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүрэлцэн ирж, албан уулзалт хийлээ.

Өнөөдрийн уулзалтад НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Фолькер Түркийг дагалдан Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Ази, Номхон далайн бүсийн газрын тэргүүн Рори Мунговен, Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Хэвлэлийн төлөөлөгч Равина Шамдасани, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Монгол Улсыг хариуцсан Хүний эрхийн мэргэжилтэн Навид Ахмад, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газрын Олон нийтийн мэдээллийн ажилтан Энтони Хэдли, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн Зөвлөх Ч.Алтангэрэл нар хүрэлцэн ирлээ.

Тус уулзалтад ХЭҮК-ын дарга болон Комиссын гишүүд оролцов. Уулзалтын эхэнд Комиссын дарга Д.Сүнжид Монгол Улс дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар ноён Фолькер Түркийн Монгол Улсад хийж буй айлчлалд амжилт хүслээ.

Дээд Комиссар ноён Ф.Түрк хүний эрхийн талаар Монгол Улс олон улсын тавцанд гүйцэтгэж буй үүргийг онцлоод Хүний эрхийн Үндэсний Комиссыг хүний эрхийг хангах, хамгаалах талаар маш сайн ажиллаж байгааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр зорилтот бүлгийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар Комиссын гишүүн Х.Мөнхзул, хүүхдийн эрхийн нөхцөл байдлын асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан, хууль сахиулах байгууллага дахь хүний эрхийн талаар Комиссын гишүүн Б.Энхболд, Улс төрийн эрх чөлөө: сорилт ба амжилт сэдвээр Комиссын гишүүн Г.Нарантуяа, Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилтийн тухай Комиссын гишүүн С.Дондов, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар Комиссын гишүүн Я.Цэлмэн нар товч мэдээлэл өгч, ярилцлаа.

Хүний эрхийн Дээд Комиссар ноён Фолькер Түрк айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийхээс гадна шашны болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, Монгол Улсад ажиллаж буй НҮБ-ын Удирдлагын баг, дипломат төлөөлөгчдийн тэргүүн нартай уулзахаар төлөвлөж байна.

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, НҮБ-ын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, пакт, тэдгээрийн хэрэгжилтийг хангах бодлого, зорилт, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсад өмнө нь НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Мэри Робинсон 2000 онд айлчилж байсан.