Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид өнөөдөр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” II шатны төслийн хэрэгжилтийн хүрээнд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин, бодлого, тогтолцоог боловсронгуй болгох, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагчдын хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийх, сургалтын хөтөлбөр, гарын авлагыг сайжруулах, технологид суурилсан жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, алслагдсан орон нутаг болон эмзэг бүлгийн иргэдэд хүрэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцов.

Комиссын зүгээс төсөл хэрэгжих хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хууль эрх зүйн орчин, тогтолцооны хүрээнд стратегийн болон бодлогын зөвлөмж, чиглэл өгөх, төслийн хугацаа дуусгавар болсны дараа Төслийн үр дүнг тогтвортой хадгалах, үргэлжлүүлэхэд чиглэсэн зохих арга хэмжээг авах чиглэлээр ажиллах юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.