Гомдол
ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ НЭМЭГДЭЛ ЯЛЫН УЛМААС ЭХ ОРОНДОО БУЦАХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА ГАДААД ИРГЭДИЙН АСУУДЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

ЖОЛООДОХ ЭРХ ХАСАХ НЭМЭГДЭЛ ЯЛЫН УЛМААС ЭХ ОРОНДОО БУЦАХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА ГАДААД ИРГЭДИЙН АСУУДЛААР ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

2026.07.01 59
Сонсох

Өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөллийг хүлээн авч уулзан, жолоодох эрх хасах нэмэгдэл ялтай холбоотойгоор үүсэж буй хүний эрхийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Комиссын гишүүн Ж.Хунан сүүлийн найман сарын хугацаанд Комисст гадаадын хоёр иргэнээс ирүүлсэн гомдлын талаар танилцуулж, эдгээр иргэд үндсэн ялаа бүрэн эдэлж дууссан, Монгол Улсад оршин суух хууль ёсны үндэслэлгүй болсон хэдий ч жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр эх орондоо буцах боломжгүй байгаа нь амьдрах орон байр, ажил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжгүй байх зэрэг хүний эрхийн асуудал үүсч байгааг тэмдэглэлээ. 

Тэрээр жолоодох эрх хасах нэмэгдэл ял нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах зорилготой болохоос биш хэн нэгнийг өөр улсад зорчиход нь хориглох, гадаад улсын иргэнийг эх орноос нь тусгаарлан саатуулах зорилготой биш юм. Тиймээс жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх арга нь хүнийг заавал Монгол Улсад байлгах хэлбэртэй байгаа нь хүний эрхийн хязгаарлалт зорилгодоо нийцээгүйгээс гадна Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хүн бүр аливаа улсыг, түүний дотор өөрийн улсыг орхин явах эрхтэй", мөн 4 дэх хэсэгт заасан "Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хязгаарлаж болохгүй" гэсэн заалтуудтай зөрчилдөж байгааг онцолсон юм. 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34.2.2-т "Шүүхээр ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж дуусах, ялаас чөлөөлөгдөх, эсхүл тухайн гадаадын иргэнийг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу харьяалах улсад нь шилжүүлэх хүртэл Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлнэ" гэж заасан бөгөөд үндсэн ял, нэмэгдэл ялыг ялгамжтайгаар зохицуулаагүйгээс практикт хүндрэл үүсдэг байна.

Уулзалтын үеэр үндсэн ялаа бүрэн эдэлсэн боловч нэмэгдэл ялын хугацаа дуусаагүй байх хугацаанд Монгол Улсын иргэд ч гадаадад зорчиход хүндрэл үүсдэг талаар оролцогчид асуудал хөндөв.

Оролцогчид нэмэгдэл ялтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, нэмэгдэл ялын хэрэгжилтэд тавих хяналтын арга хэлбэрийг өөрчлөх асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яамтай дараагийн уулзалтыг зохион байгуулахаар тогтов.