Гомдол
"Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд сургалт зохион байгууллаа

"Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд сургалт зохион байгууллаа

2026.06.10 117
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж буй “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байна.  Энэ хүрээнд төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан хүний эрхийн сургалт зохион байгуулав.

Нээлтийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын Орон нутаг хариуцсан тасгийн дарга Д.Ёндонжамц оролцогчдод мэдээлэл өгч, сургалт нь төрийн байгууллагын удирдах ажилтнуудад хүний эрхийн мэдрэмжтэй бодлого, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготойг онцоллоо.

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөрлөг Дундговь аймагт тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгааг дурдаад, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход үр дүнтэй арга хэмжээ болдгийг тодотгов. Сургалтын үеэр ХЭҮК-ын ахлах референт Э.Мөнхзул “Хүний эрх ба цахим технологи”, референт О.Тодбулаг “Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа”, “Хөөрхөн зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч, ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Оюундарь “Ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийж, оролцоонд тулгуурласан сургалт зохион байгууллаа. Тус сургалтад төрийн байгууллагын 50 орчим удирдах албан хаагч хамрагдсан байна.

Мөн үеэр ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ухааны багш нарт “Боловсролын салбар дахь хүүхдийн эрх хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулж, 27 хүн хамрагджээ.