Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Б.Энхболд 2026 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Хүн худалдаалах асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч бөгөөд Зохицуулагч Др. Кари Жонстөүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ЕАБХАБ-ын Хүн худалдаалах асуудал хариуцсан Тусгай төлөөлөгч бөгөөд Зохицуулагчийн газрын Хөтөлбөрийн мэргэжилтэн Тарана Багирова, ажилтан Александра Донскова-Хубер нар оролцов.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гадаад хамтын ажиллагааны тасгийн ахлах мэргэжилтэн Б.Номин-Эрдэнэ нар байлцав.

Уулзалтын үеэр Комиссын гишүүн Б.Энхболд Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдлын талаар товч танилцуулж, хүн худалдаалах гэмт хэрэг нь хүний эрх, эрх чөлөөнд ноцтой халддаг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, хөдөлмөрлөх зорилгоор шилжин суурьшигчид болон нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст өндөр эрсдэл учруулдаг асуудал болохыг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улс Эрүүгийн хуульд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж, 2017 онд Палермогийн протоколын үзэл баримтлалд нийцүүлэн уг хуулийг практикт зөв хэрэглэх шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх чиглэлээр өргөн хүрээний сургалт, арга хэмжээг хэрэгжүүлж ирснийг танилцууллаа.
Гэсэн хэдий ч хүн худалдаалах гэмт хэргийг олон зүйлчлэлээр шийдвэрлэх байдал ажиглагдаж байгааг тодотгов.
Мөн Монгол Улс хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хохирогч төвтэй, хүний эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх, хохирогчийг дахин хохироохоос урьдчилан сэргийлэх, хамгаалалт, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа боловч хохирогч хамгааллын тогтолцоонд тодорхой хүндрэл тулгарч байгааг тэмдэглэв.
Энэ чиглэлээр мэргэшсэн, олон жилийн туршлага хуримтлуулсан зарим иргэний нийгмийн байгууллага санхүүжилтгүйн улмаас одоогоор 3-4 газрын үйл ажиллагаа зогссон байгаа талаар ярилаа.
Мөн цахим орчин дахь хүн худалдаалах гэмт хэргийн шинэ хэлбэрүүд, тухайлбал хуурамч ажлын зар, онлайн элсүүлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, зуучлалын эрсдэл нэмэгдэж буйтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хэлэлцлээ.
Тусгай төлөөлөгч бөгөөд Зохицуулагч Др. Кари Жонстөүн олон улсын туршлагаас харахад хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тусгайлсан хууль тогтоомж батлах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тусгай илтгэгч болон бие даасан механизмыг ажиллуулах нь үр дүнтэй байдгийг онцлов.
Тэрбээр Хүний эрхийн Үндэсний Комисс энэ чиглэлээр суурь судалгаанууд хийж, бодлогын зөвлөмж боловсруулан ажилладгийг өндрөөр үнэллээ.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсад гадаадаас ажиллах хүч авах хэмжээ нэмэгдэж буйтай холбоотойгоор гадаадын иргэд хүн худалдаалах болон хөдөлмөрийн мөлжлөгийн эрсдэлд өртөх байдал нэмэгдэж болзошгүйг анхааруулав.
Уулзалтын үеэр ЕАБХАБ-аас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлага, сургалт, зөвлөмжийн талаар мэдээлэл солилцож, цаашид хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогчийн эрхийг хамгаалах, холбогдох байгууллагуудын хүний эрхийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.