Хүний эрхийн сургалтаар Завхан аймгийн төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад хүний эрхийн хэрэгжилтэд хүлээх үүрэг, хариуцлагыг тайлбарлан таниулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх мэдлэг, ойлголт хүргэхийг зорилоо.

ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид сургалтыг нээж, хэлсэн үгэндээ ХЭҮК хүний эрхийн боловсролыг дэмжих түгээх чиг үүргийн хүрээнд бүх шатны төрийн байгууллагад хүний эрхийн сургалтыг тогтмол зохион байгуулж, албан хаагчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж ирсэн. Энэ хүрээнд өнөөдөр төрийн тусгай, үйлчилгээ, захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд алба хаагчид оролцож байгаагаараа онцлог, ач холбогдолтойг онцоллоо. Мөн Завхан аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй ХЭҮК-ын Ажлын хэсэгт талархал илэрхийлж оролцогчдод амжилт хүслээ.
Сургалтын хүрээнд:
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар: "Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь",
референт Ц.Рэнцэндулам: "Хүний эрх хамгаалагчийг хамгаалах төрийн байгууллага, албан тушаалтны нийтлэг үүрэг",
референт О.Тодбулаг: "Хүний эрхийн мэдрэмжтэй төрийн албаны үйл ажиллагаа, Ажлын байрны дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь" сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

Сургалтад нийт 70 орчим төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд хамрагдав. Төрийн албан хаагчдын нэр төрд халддаг, худал мэдээлэл тараадаг зөрчил түгээмэл байгааг анхааруулж, иргэд олон нийт, төрийн байгууллагын албан хаагчид аль аль нь хүний эрхийг зөрчдөггүй байх хүний эрхийн соёл нийгэмд дутагдаж байгааг оролцогчид ярилцлаа.

Энэ удаагийн “Хүний эрхийн төлөө хамтдаа” нээлттэй өдөр арга хэмжээний хүрээнд Боловсролын салбар дахь хүүхдийн эрх, хамгаалал сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн захирал, эрхлэгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ухааны багш нарт сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 40 оролцогч хамрагдав. Мөн Завхан аймгийн прокурорын газар болон Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын прокурор болон албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
