Complaint
Багануур дүүрэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа

Багануур дүүрэгт Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн С.Дондовоор ахлуулсан ажлын хэсэг “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм” сэдэвт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгууллаа

2026.04.18 50
Listen

Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нарын хамтарсан удирдамж, сургалтын хөтөлбөрийн дагуу Багануур дүүргийн төрийн захиргаа, хууль сахиулах байгууллагуудын удирдлага, албан хаагчид, иргэд олон нийтийн дунд “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм” сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгууллаа.

Үдээс өмнөх хөтөлбөрийн дагуу төрийн байгууллагын удирдлага, албан хаагчдад Комиссын гишүүн С.Дондов “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо”, “Хүний эрхийн Үндэсний Комиссын чиг үүрэг” сэдвээр, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга, доктор Б.Эрдэнэбат “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм”, Сургалт сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо “Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг дотоод журамд тусгах аргачлал” сэдвээр мэдээлэл өглөө.

Сургалтын үеэр Комиссын гишүүн С.Дондов “Хүний эрх хамгаалагчийн зүйн байдлын тухай хууль”-д заасан хүний эрх хамгаалагчийн эрхийг хангах, хамгаалах агуулга бүхий заалтыг дотоод журамд тусгахдаа удирдлага, албан хаагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх процесс хүн бүрд ойлгомжтой тодорхой байх, нийт албан хаагчдад тогтмол  мэдээлэх асуудлыг онцлон тэмдэглэж байсан юм.

Сургалтын дараа Дүүргийн прокурорын Ерөнхий прокурор Б.Ганбулган, хяналтын прокурор Б.Баттуяа нар Комиссын гишүүн С.Дондовтой уулзаж Улсын Ерөнхий прокурорын тушаалаар прокурорын байгууллагын хэмжээнд “Хүний эрх, нийтийн эрхийг хамгаалах” чиг үүрэг бүхий тусгай нэгж байгуулагдан аймаг, дүүргийн хэлтсүүдэд хүний эрх хариуцсан хяналтын прокурор томилсон тухай мэдээлэл өгч хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр Прокурорын байгууллагаас хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Хөтөлбөрийн дагуу 14 цагаас Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат Багануур дүүргийн иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар иргэдийн санал, хүсэлтийг сонсож, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн Сургалт, сурталчилгаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн А.Балдангомбо “Хүний эрх хамгаалагч гэж хэн бэ” сэдвээр, Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхтуяа “Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээлэл гаргах тухай”, “Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагаа, гомдол, мэдээлэл хүлээн шийдвэрлэх тухай” сэдвээр мэдээлэл өглөө. Мөн референт Д.Мөнхтуяа, ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтамир нар иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол, мэдээлэл гаргахдаа анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч ажиллав.

Тухайн өдрийн арга хэмжээнд 100 гаруй төрийн албан хаагч, уулзалт хэлэлцүүлэгт 70 гаруй иргэд оролцсон бөгөөд 10 гаруй иргэнд хүний эрхийн болон эрх зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгч ажиллалаа.