Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад тэнцсэн гишүүдийг батламжилж, үнэмлэх гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад тэнцсэн гишүүдийг батламжилж, үнэмлэх гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа

2026.01.29 265
Сонсох

Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын шийдвэр, Комиссын 2026 оны  ээлжит I хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний сонгон шалгаруулалтад тэнцсэн гишүүдийг батламжилж үнэмлэх гардууллаа.

Тус арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир, Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эрдэнэбат, ахлах мэргэжилтэн А.Балдангомбо, Хорооны шинэ гишүүнээр томилогдсон гишүүд оролцлоо.

Хүний эрх хамгаалагчийн Хорооны гишүүнээр Монголын Хуульчдын холбоог төлөөлж МХХ-ны гишүүн, хуульч Ганболдын Халиун, Монголын Өмгөөлөгчдийн холбоог төлөөлж МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч Б.Баяраа нар сонгогдсон тул  батламжиллаа.

Мөн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэгт заасны дагуу ашгийн бус хуулийн этгээдийн төлөөллөөс хүний эрх хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай, хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэмжээний талаар мэдлэг, туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй гэх болзол, шаардлага хангасан  Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн, Иргэдэд туслах хүний эрхийн төвийн гүйцэтгэх захирал, хуульч, өмгөөлөгч Б.Энхцэцэг нар сонгон шалгаруулалтад тэнцсэн тул  Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнээр батламжилж үнэмлэхийг нь гардуулсан байна.

Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүний чиг үүргийг гүйцэтгэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх, шударга, хүнлэг ёсыг эрхэмлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж хараат бусаар ажиллахыг хүсээд шинээр томилогдсон гишүүдэд ажлын амжилт хүслээ.