Гомдол
“Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр”-т зориулсан “Хүний эрх хамгаалагчийг хэн сайн мэдэх вэ?” илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

“Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр”-т зориулсан “Хүний эрх хамгаалагчийг хэн сайн мэдэх вэ?” илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

2025.11.29 62
Сонсох

Жил бүрийн 11 дүгээр сарын 29-нд “Эмэгтэй хүний эрх хамгаалагчдын олон улсын өдөр”-ийг Дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Хүний эрхийн Үндэсний Комисс уг тэмдэглэлт өдрийн хүрээнд хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг сурталчилж хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулдаг  уламжлалтай.

Комиссоос “Хүний эрх хамгаалагчийг хэн сайн мэдэх вэ?” илтгэлийн I шатны уралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс  11 дүгээр сарын 25-ны хооронд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургууль, Дотоод хэргийн их сургууль, Их Засаг олон улсын сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуультай хамтран зохион байгуулж, шилдгээр шалгарсан 2 илтгэгч тус бүрийг II шатны уралдаанд илгээсэн юм.

Уралдааныг Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов нээж хэлсэн үгэндээ “Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн олон улсын өдөр”-ийг угтан зохион байгуулсан илтгэлийн уралдаанд оролцсон бүх сургуулийн хамт олонд талархсанаа илэрхийлж, оюутан залуучуудын дунд хүний эрх хамгаалах соёлыг төлөвшүүлэх, цаашлаад улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж хүний эрхийн боловсрол, соёлыг түгээхэд оюутан залуучуудаа уриалж, идэвхийлэн оролцсон 12 шилдэг илтгэгчид талархал илэрхийлж, амжилт хүссэн юм.

Илтгэлийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Монгол Улс дах Суурийн төлөөлөгчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх Ч.Алтангэрэл, Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Л.Баасанжав, Монголын Эмнести Интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, Хүний эрхийн зөвлөх, судлаач Б.Хишигсайхан нар ажиллаж, 1, 2, 3 байр болон тусгай байрыг шалгаруулсан юм.

Тус илтгэлийн уралдаанд Монгол Улсын Боловсролын их сургуулийн оюутан Т.Гантигмаа, А.Болорцэцэг, А.Оюунханд нарын “Хүний эрх хамгаалагчийн эрх, өнөөгийн зохицуулалтын ач холбогдол, сэтгэлзүйн аюулгүй байдал” сэдэвт илтгэл тэргүүн байр, Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 232 дамжааны оюутан Б.Отгонтуяа “Хүний эрхийн фронтод зогсох сэтгүүлчид: хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт илтгэл 2 дугаар байр, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан А.Жанерке “Хүний эрх хамгаалагч ба түүний эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудал” сэдвээр 3 байр эзэлсэн бол тусгай байрыг Их Засаг Их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Т.Дашжаргал “Хүний эрхийг хамгаалагч гэж хэн бэ?” сэдэвт илтгэлээр, Олон улсын Улаанбаатарын Их сургуулийн Хууль зүйн тэнхимийн оюутан Э.Буянхишиг “Хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөхийн ач холбогдол” сэдэвт илтгэлээр тус тус эзэллээ.

Мөн Илтгэлийн уралдааны I үе шатыг дотооддоо зохион байгуулж хамтран ажилласан, II үе шатад оюутан залуучуудаа идэвхийлэн дэмжиж оролцсон нийт сургуулийн удирдлагуудад Хүний эрхийн Үндэсний Комиссоос талархал гардууллаа.

Тус арга хэмжээг Хүний эрхийн хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат хааж хэлсэн үгэндээ “Эмэгтэй хүний эрх хамгаалагчийн олон улсын өдөр”, “Хүний эрхийн олон улсын өдөр”-т зориулан зохион байгуулсан арга хэмжээнд амжилт гарган оролцсон нийт 12 шилдэг оролцогчдод сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд, цаашид хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрэх үйлсэд 2026 онд хамтран ажиллах, хүний эрхийн сургагч багш бэлтгэх, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.