Гомдол
“Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

“Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо

2025.11.17 368
Сонсох

Хүний эрхийн Үндэсний Комисс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” судалгааг хийлээ. Судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.11.17/ зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “Хүний эрх ба технологи” хяналт шалгалтын хүрээнд эрүүл мэндийн салбарын цахимжилтад хийсэн үнэлгээний зорилго, ач холбогдлыг танилцуулж, цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүний эрхийн зөрчил гарах эрсдэл өндөр байгааг онцлов. Тэрээр эрүүл мэндийн салбарын цахимжилтын нөхцөл байдал болон “Хүний эрх ба технологи” олон нийтийн хяналт шалгалтын тайланг удахгүй олон нийтэд танилцуулж, нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай Зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхийг мэдээллээ. 

Мөн НҮБ-ын Хүний хувийн мэдээллийн тусгай илтгэгч ирэх оны гуравдугаар сард Монгол Улсын хувийн мэдээллийн хамгаалалтын байдлын талаарх илтгэлийг Хүний эрхийн зөвлөлд танилцуулах бөгөөд эрүүл мэндийн салбарын цахимжилт, мэдээллийн аюулгүй байдал онцгойлон анхаарал татаж буйг дурдав. Тэрээр цаашдын зөвлөмж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачилга нь хүн төвтэй, хүний эрхэд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг төлөвшүүлэхэд чухал хувь нэмэр оруулах болно гэдгийг хэллээ.

Хэлэлцүүлэгт ДЭМБ-ын Эрүүл мэндийн тогтолцооны багийн зохицуулагч Бенуа Мативет “Эрүүл мэндийн салбарын цахимжилт ба хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэл” судалгааны “Олон улсын туршлага, чиг хандлага” хэсгийг танилцуулж, цахимжилт нь эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ цахим орчны шилжилтээс гадна байгаа иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлтэйг анхаарууллаа. Тэрээр хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах үйл явц ил тод, ойлгомжтой байх шаардлагатайг онцлов. 

АШУҮИС-ийн багш, Нийгмийн эрүүл мэндийн доктор Б.Батзориг, АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор Ц.Энх-Оюун нар “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын цахимжилт, хүний эрх, хүний хувийн мэдээллийн эрсдэлийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага” сэдвийг танилцуулсан юм. 

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн салбарын аппликэйшн хөгжүүлэгч компаниудын төлөөлөл оролцож, судалгааны урьдчилсан дүнтэй танилцан, хүний хувийн мэдээллийн хамгаалалтыг сайжруулах талаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэв.