Гомдол
Хүний эрхийн Үндэсний Комисс “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүллээ

Хүний эрхийн Үндэсний Комисс “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүллээ

2025.11.05 59
Сонсох

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд скүүтер, цахилгаан дугуй оролцохыг 2025 оны 10 дугаар сарын 20-ноос 2026 оны 04 дүгээр сарын 10-ны хооронд түр хугацаагаар хориглолоо. Хаврын улиралд хөдөлгөөнд эргэн орж эхлэхэд иргэдийг аюулгүй зорчихыг дэмжих зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Скүүтер, цахилгаан дугуйн хэрэглээ нэвтэрснээс хойш осол гэмтлийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Тухайлбал, 2019 онд 14 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны долоодугаар сарын байдлаар 6,453 болж өссөн. Ослын гол шалтгаан нь 18-аас доош насныхны өөрөө гэмтэх тохиолдол, бусдыг гэмтээсэн зэрэгтэй холбоотой байна.

Комисс аян эхлүүлэхтэй холбогдуулан дараах ажлуудыг төлөвлөж байна:

  • Скүүтер, цахилгаан дугуйн ослоос урьдчилан сэргийлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран уулзалт зохион байгуулах.
  • Хүний эрхийн мэдрэмжтэй хот төлөвлөлт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, нийтийн орчинд аюулгүй зорчих нөхцлийг сайжруулах.
  • “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдааныг гурав дахь жилдээ зарлаж, скүүтерийн хэрэглээтэй холбоотой осол, гэмтлийн мэдээллийг олон нийтэд хүргэх.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчдын насны хязгаар, хурдны хязгаар, хамгаалалтын хэрэгсэл, зөв зам ашиглах зэрэг дүрмүүдийг олон нийтэд сурталчлах шаардлагатай байна.

ХЭҮК иргэдийг хамтдаа аюулгүй зорчихыг уриалж, хүмүүнлэг, хүний эрхийг дээдэлсэн орчныг бүрдүүлэхэд нийгэм, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоог дэмжиж ажиллана.