Гомдол
Евро-Азийн Омбудсмены Холбооны 10 дугаар хуралдаанд оролцлоо

Евро-Азийн Омбудсмены Холбооны 10 дугаар хуралдаанд оролцлоо

2025.10.28 66
Сонсох

Оросын Холбооны Улсын нийслэл Москва хотноо 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Евро-Азийн Омбудсманы Холбооны (ЕАОХ) аравдугаар хуралдаан боллоо. ОХУ, Армени, Бахрейн, Иран, Казахстан, Кыргызстан, Монгол, Серби, Тажикстан, Узбекистан, Шри Ланка зэрэг улсын хүний эрхийн үндэсний байгууллагаболон омбудсмены байгууллагуудын тэргүүн, гишүүд оролцсон уг хуралдаанд Турк, Индонез, Мьянмар, Йордан, Пакистан, Оман, Туркменистан, Ирак, Вьетнам, Камбож, Ливан зэрэг улсын эрх бүхий байгууллагууд ажиглагчаар оролцлоо. 

ЕАОХ-ны гишүүн болон ажиглагч байгууллагуудын хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох зорилготой уг хуралдаан алслагдсан болон хөдөө орон нутгийн иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж буй туршлага, шийдлийг хэлэлцлээ.  

Хуралдаанд Комиссын гишүүн Г.Нарантуяа ХЭҮК-оос зохион байгуулдаг “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ, 21 аймаг дахь Комиссын референтүүдийн ажлын үр дүн, бэрхшээлийг танилцуулж, 2022 оноос эхлэн Монгол Улсын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Аймгуудын хүний эрхийн үнэлгээ”-г үр дүнтэй, шинэ туршлага болохыг онцлов. Тэрээр цахим технологийг ашиглаж, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг оролцогчдод уриаллаа.  

ОХУ-ын болон Төв Азийн улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллага, омбудсманы харилцаа, диалогийн механизмыг бэхжүүлэх, Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд ЕАОХ бодитой үүрэг гүйцэтгэдэг юм.