Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, Жендэр, нийгмийн хүртээмжийн захирал А.Цолмонтуяа нартай уулзлаа. Уулзалтад Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат, ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтамир нар байлцав.

Уулзалтаар Комиссын гишүүн С.Дондов Монгол Улсын Их хурлаас баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал болон цаашид Комиссоос хүний эрх хамгаалагчийн асуудлаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл хийлээ.
Азийн сангийн Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Золжаргал Хүний эрхийн Үндэсний Комисстой хүний эрх хамгаалагчийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд Хүний эрхийн Үндэсний Комисс, Азийн сан хамтарч Норвеги Улсын Засгийн газрын санхүүжүүлэх төслийн хүрээнд хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизмыг бэхжүүлэх, хүний эрх хамгаалагчид сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, цахим орчинд хүний эрх хамгаалагчдын эрх ашгийг хамгаалах, хүний эрх хамгаалагчийн эрхийг сурталчлах, түгээх зорилготой төслийн санал боловсруулах тохиролцоонд хүрсэн юм.

